Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nvvr.jpg

1. Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр уяачийн цолыг хасав

2018 оны 4-р сарын 26-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хоёр уяачийн цолыг хаслаа. Малын гоц халдарт шүлхий өвчинтэй байсан учир "Дүнжингарав-2018" өвлийн уралдааныг зохион байгуулах боломжгүй гэдгийг Засгийн газар мэдэгдсэн.

Гэвч 2018 оны хоёрдугаар сарын 22-ний өдөр Дорноговь аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт эрлийз дээд, Азарга, Их нас, Соёолон гэсэн дөрвөн насны ангиллаар хурдан морины уралдааныг дур мэдэн зохион байгуулсан юм. Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн "Улсын тод манлай уяач" цолыг,  ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэнгийн "Улсын алдарт " цолыг тус тус хураасан юм. Тус уралдааныг үеэр 16 хүүхэд мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэж бэртэл авсан юм.

Монголчуудын Молор эрдэнэ хэмээн эрхэмлэн хүндэлж, ёс жудагтай зохион байгуулж ирсэн хурдан морины уралдааныг мөнгөтэй хүн болгон хүссэн үедээ зохион байгуулж, хийморио сэргээх бус ашиг хонжоо харж, унаач хүүхдүүдийг үнэгүйдүүлж, хувийн бизнес хийдэг нэгэн хэсгийг таслан зогсоох, морь, хүүхэд хоёроо хайрлан дээдлэх хэрэгтэй гэдгийг санаж баймаар.

2. Г. Угалзцэцэг Бодибилдингийн Дэлхийн аваргаар дөрвөн жил дараалан шалгарлаа

Монгол улсад хөгжиж буй спортын төрлөөс хэний ч гаргаж байгаагүй амжилтыгБодибилдинг, фитнессийн тамирчин Г.Угалзцэцэг гаргаад байна.

Г. Угалзцэцэгийн хувьд 2018 оныг ахин нэг томоохон амжилтаар үдэх гэж байна. Тодруулбал  Тайландын Чингмай хотноо 12 дугаар сарын 14-16-нд болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique+30)  алтан медаль хүртэж дэлхийн 4 дэх удаагийн аварга болсон бахархам үйл явдал дахин давтагдлаа.  Тэрээр өмнө нь 2016, 2017 онд ч мөн адил Дэлхийн аварга болж байсан юм. 

Ийнхүү Дэлхийн аваргаас 4 удаа алтан медал хүртэж Монгол Улсынхаа төрийн дуулалыг 4 дэх жилдээ эгшиглүүлээд байгаа  Г. Угалзцэцэгийн хөдөлмөр, амжилтыг шагшин магтах хүмүүс өдрөөс өдөрт асар ихээр нэмэгдсээр байна. Түүнийг Монгол Улсын гавъяат тамирчин болгох ёстой гэж сошиал орчинд хүмүүс үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ.

Монголын ард түмэн шудрага, болж буй үйл явдлыг тунгаан бодох асар их мэдлэгтэй ард түмэн. Тиймээс тэд хэн, хэзээ, хэрхэн шагнуулах тал дээр онцгой анхаарал хандуулж, шагнаж, урамшуулж  сурсан. Энэ удаа тэд төр засгаас мөн л авъяас чадвараа харуулсан бүр илүү гэдэгээ баталсан, Монгол Улсад Бодибилдинг фитнесс, тэр дундаа эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, шинэ спортыг олонд таниулахад, ойлгож суралцахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Г. Угалзцэцэгийгээ "Монгол Улсын гавъяат тамирчин" болгоно хэмээн дэмжин уухайлсаар байна.

3. Монголын оюун ухааны академийн баг тамирчид Дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчилсээр байна.

Дэлхийн олон оронд амжилт үзүүлж, Тэд Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд таниулсаар байгаа билээ. Энэ спортоор хичээллэх хүмүүсийн нас улам залуужиж, бяцхан хүүхдүүд ч өндөр амжилт үзүүлэх болсон нь Монгол хэмээх нэрийг Дэлхийн олон тайзан дээр Монгол хүн, Монгол Улсыг сурталчлаад буй хэрэг юм.

Монголын оюун ухааны академийн 2018 онд арвин амжилттай байна. Амжилтуудаас товч дурьдвал

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 22 тамирчин оролцон 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орлоо.

Мөн 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.

Энэ онд дэлхийн хэмжээнд 20 гаруй олон улсын тэмцээн уралдаан болсон бөгөөд  манай улсын баг тамирчид медалийнхаа тоог 879 болгож, дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Монголын оюун ухааны тамирчид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ аливаа тэмцээн уралдаанд оролцож байна.Тэдэнд авьяас чадвар нь байгаа боловч төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг энд онцоё. Дэлхийн улс орнууд ой тогтоолтын спортын тамирчдаа бусад спортоосоо тэргүүнд тавьж, тэднийг дэмждэг. Хэрэв манай улсын спорт хариуцсан төрийн байгууллага, спортод элэгтэй Ерөнхийлөгч маань дэмжээд өгвөл бидний цөөхөн Монголчууд оюун ухаанаараа Дэлхийд тэргүүлнэ гэдгийг уламжламаар байна.  

4. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан. Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцлоо.

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.

 

5. Монгол хоккейчид анх удаа Азийн аварга боллоо

Филиппин улсын Манила хотод “Asian challenge cup-2018” тэмцээн зохион байгуулагдаж Монголын шигшээ баг нийлбэр оноогоор түрүүлж, тэргүүн байр эзэлсэн байна. Манай улсын шигшээ баг дөрвөн тоглолтоос гурван хожил авч, нийт 9 оноотой болсноор тус тэмцээний аварга болжээ.

Тэмцээний шилдэг мэргэн буучдын жагсаалтад Н.Мишигсүрэн орсон бол шилдэг хаалгачдын жагсаалтад Г.Баатархүү бичигджээ.

Манай улсын шигшээ баг тус тэмцээнээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин насанд хүрэгчдийн "B" ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан нь манай улсын түүхэнд бичигдсэн том амжилт билээ.

Сонирхуулбал, шигшээ багийн дасгалжуулагчаар А.Мэргэн, ахлагчаар Н.Мишигсүрэн нар ажиллаж байна.

Бэлтгэсэн: Я. Гэрэлсүрэн

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх