Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wrwrwr.jpg

Aмиа хорлогсдын зорьдог газар хэмээн Японд алдаршсан Аокигахара нэртэй ой өнгөрсөн онд дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв. YouTube од Логан Пол энэ ойгоос видео нэвтрүүлэг хийхдээ амиа хорлосон хүний цогцсыг харуулсан нь интернэт ертөнцийг шуугиулж байжээ.

Тэрээр үүнийхээ төлөө олон нийтэд хүчтэй шүүмжлүүлж, зургаан сая орчим удаа үзсэнийх нь дараа видеогоо устгаад уучлал гуйж байв. Харин энэ газрын уугуул оршин суугч, 60 настай Кёчи Ватанабэ Аокигахарагийн муу нэрийг арилгахын төлөө сүүлийн найман жилийн турш идэвхтэй тэмцэж байгаа ажээ.

Тэрээр ойн захад амьдардаг нэгэн бөгөөд амиа хорлох гэж байгаа хүмүүсийн бодлыг өөрчлөхийн тулд үдэш бүр амьдрах урам зориг өгөх дуу хөгжмийг чанга яригчаар цацдаг байна. Хөгжимчин байсан Ватанабэ заримдаа өөрөө микрофоны өмнө гитар тоглоод Жон Ленноны “Imagine” дууг дуулдаг аж.

Тэр бүр нэг удаа амиа хорлохоор Осака хотоос ирсэн нэгнийг ятгаад буцааж байжээ. Тэр хүн нь одоо болтол Ватанабэтай фэйсбүүкээр харилцдаг гэнэ.

Аокигахара нь “хөх мододтой газар” гэсэн утгатай үг бөгөөд наймдугаар зууны үед Фүжи галт уул дэлбэрэхэд лааванд бүрхэгдсэн 30 км.кв орчим талбайд бий болсон ой юм.

Нарны гэрэл тусдаггүй, харанхуй, өтгөн шигүү ойг нутгийн иргэд ариун газарт тооцон шүтдэг уламжлалтай байжээ. Гэвч 1970-аад оны үеийн уран зохиол, кино, дэлгэцийн бүтээлүүдэд амиа хорлоход тохиромжтой газар мэт дүрслэн харуулснаар буруу ойлголт бий болсон байна.

Үүний улмаас жил бүр Японы өнцөг булан бүрээс амиа хорлох гэсэн хүмүүс энд ирдэг болжээ. Сүүлийн жилүүдэд Аокигахарад амиа егүүтгэгчдийн тоог эрх баригчид зарлахаа больсон юм. Зарладаг байхад жилд хэдэн арван тохиолдол бүртгэгддэг байжээ.

Ой руу орох үүд хэсэгт “Амьдрал бол эцэг эхийн тань өгсөн үнэт зүйл. Төрөл төрөгсөд, ах дүүс, үр хүүхдийнхээ тухай дахин сайн бодоорой. Ганцаар битгий шанал. Эхлээд бидэнтэй ярилц!” гэж бичсэн холбогдох сэтгэл зүйчийн утасны дугаартай самбар байдаг.

Япон улс аж үйлдвэржсэн долоон гүрний (Их Долоо гэдэг) дотор амиа хорлолтын түвшнээр нэгд бичигддэг. Жил бүр 20,000 гаруй иргэн нь өөрийн хүслээр хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг юм.

Яманаши муж уг үзүүлэлтээр дотооддоо тэргүүлдэг нь энд Аокигахара оршдогтой холбоотой ажээ.

Яманашид амиа хорлогсдын тал орчим нь Японы бусад бүс нутгаас зорьж ирэгсэд байдаг гэнэ.

Харин сүүлийн жилүүдэд Аокигахарад ирэгсдийн тоо буурч байгаа нь нутгийн иргэдэд мэдрэгдэх болсон байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол төрсөн нутгаа муу нэрнээс салгах Ватанабэгийн хүсэл биелэхэд ойртжээ. 

 

Эх сурвалж: AFP

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх