Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/siri.jpg

Исламын улс террорист бүлэглэл бүрэн устаагүй тул Умард Сирид байрлаж буй цэргээ татах бодолгүй гэж Францын засгийн газар мэдэгджээ.

Энэ нь түүний гол холбоотон АНУ-ын байр сууриас зөрж байгаа юм. Сирид байлдаж буй АНУ тэргүүтэй холбоотнуудын дотор Франц улс цэргийн тоогоор тэргүүлдэг. Одоогоор тус улсын 1,100 цэргийн алба хаагч Курд, Арабын зэвсэгт бүлэглэлүүдтэй хамт Сирийн умард хэсэгт байрлаж байна.

АНУ-ын 2,000 орчим цэргийг Сириэс гаргах тухай Дональд Трампын шийдвэр Францын эрх баригчдыг гайхшруулсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Вашингтон энэ шийдвэрээ Исламын улс бүлэглэл бүрэн ялагдсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа.

“Энэ шийдвэр нь талууд өөр өөр ашиг сонирхолтойг харуулж байгаа тул биднийг өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавихад хүргэж байна. Исламын улс бүлэглэлтэй тэмцэх нь маш чухал учраас бид одоогоор Сирид үлдэнэ” гэж Францын засгийн газрын гишүүн Натали Луйзо мэдэгджээ.

Газар нутагт нь хэд хэдэн террорист халдлага гарсан Франц улс Исламын улс бүлэглэлд анхаарал болгоомжтой хандаж байгаа. Бас олон зуун иргэн нь тус террорист байгууллагад элсэн Сирид дайтаж байгаа юм.

Францын гадаад хэргийн яамны мэдэгдэлд одоо тэд АНУ-ын цэрэг Сириэс гарах цаг хугацаа, нөхцлийн талаар Вашингтонтой хэлэлцэж байгаа гэжээ.

Америкийн цэргийг гарч явсны дараа бусад холбоотнуудын аюулгүй байдлын нөхцөл хэрхэн өөрчлөгдөх, террористууд дахин идэвхжих боломж зэрэг анхаарал тавих хэд хэдэн асуудал бий.

“Исламын улс бүлэглэл газрын зураг дээрээс арчигдаагүй, үндэс суурь нь арилаагүй байна. Энэхүү террорист байгууллагын эцсийн хорогдох байрыг бүрмөсөн устгах ёстой” гэж Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Reuters

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх