etoim.mn
photos/ajliin bair-original.jpeg

Гадаадад амьдарч буй монголчуудын тухай

Нэг найз маань Чех рүү гарах гээд бараг жил шахам хөөцөлдөж байгаа юм. “Энэ сард багтаад урилга ирчихвэл явна аа” гэсээр саяхан ажил дээр ирлээ. Багш мэргэжилтэй, боломжийн ажилтай, бас ч гэж бие хаа, царай зүсээр хүнд гологдоод байхгүй мөртлөө гадагшаа л бол хаашаа ч хамаагүй гарна гэх нь ...... сонин. Ардаа татлаа, түтлээ байх биш яв, яв гэж дэмжих хүн олон. Боломжийн цалинтай ажлаа хаяад, бүхэл бүтэн гурван жил хүний нутагт хар, бор ажил хийх юу нь сайхан байх билээ гэж би дотроо боддог. Тэгээд ч дөнгөж 25 хүрч яваа бүсгүй, эндээ амьдраад хань ижилтэй болж, үр хүүхэд төрүүлээд, амьдралаа зохиосон нь хамаагүй дээр гэж хааяа түүнд зөвлөдөг. Саяхан уулзахад тэр “Хэзээ болтол цалингаас цалингийн хооронд амьдрах юм бэ? Хэн нэгэнтэй сууна, хүүхэд гаргана. За тэгээд мөнгө төгрөг гээд олон бэрхшээл өөдөөс угтана. Эцэстээ сална. Манай амьдралын өнгө нэг иймэрхүү л байгаа ш дээ. Гадагшаа гарчихаад, тэнд амьдарч байгаа боломжийн монгол залуутай суухыг хэн байг гэх юм бэ?” хэмээн ярьж байж билээ. Харин ах маань суралцахаар алсыг зориод таван жилийг үдэж байна. Магадгүй тэндээ одоо үүнээс ч удах байх. “Өсөж дэвжих, өөрийнхөөрөө амьдрах, хийж бүтээх, бас сэтгэл амар амьдрах боломж энд л байна. Миний дүү хүрээд ир. Сурахгүй ч гэсэн ажил хийгээд хамтдаа байя. Алсдаа хүүхдүүдээ татаад авчих” хэмээн ойр ойрхон ятгах болов. Хүний газар ганцаардаж, хань бараа татаж байгаа байх л даа.

 

     Бас надад энд байснаас хамаагүй дээр ирээдүйг “санал болгож” байгааг нь мэдэрдэг юм. Гэсэн ч би “Та өөрөө хүрээд ир. Тань шиг чадалтай хүмүүсээр эх орон чинь дутаж байна. Ирээд ажиллаад үз л дээ” гэж өөдөөс нь би ятгана. Уул нь өнгөрсөн зун ирж амраад явсан юм. Ирээд буцахдаа “Мөд ирэхгүй байхаа” гэж хэлсэн... Монгол Улсад бүртгэлтэй иргэний үнэмлэхээ өвөртлөөд, хууль ёсоор гадаадад амьдарч байгаа хүний тоо 120 мянга гаруй гэсэн статистик үзүүлэлт байх юм. Албан ёсны тоогоор, /гэхдээ хүүхдүүдийг оруулахгүйгээр/ тооцоод л энэ шүү дээ. Америкт төрсөн, Солонгос, Японд мэндэлсэн, тухайн орныхоо төрсний гэрчилгээ авсан бяцхан хүүхдүүдийн тухай хэн ч ярьдаггүй. Тэр хүүхдүүд өнөөдөр өсөж том болж байна. Монголоор “А” ч байхгүй хэрнээ Америкийн төрийн дууллыг хүндэтгэлтэйгээр, гараа цээжин дээрээ тавиад дуулчихдаг, тийм хүүхэд эргэж ирэх үү? Энэ тухай яагаад бид ярьдаггүй юм болоо? Эцэг, эхчүүд нь ч гэсэн хүүхдүүдийнхээ ирээдүйг бодохдоо эргэж ирж чадахгүй нь гэж аргаа барсан янзтай хэлдэг.

 

П.Баярмагнай: Чадалтай, боловсролтой залуус гадаад руу гараад явчихсан. Тэд эргэж ирэхгүйгээр эх орноо мартаж, хаалгаа тас хаагаад, гэрлээ унтраахгүй явчихсан юм шигээр биднийг ярьдаг. Гэтэл тэр хүмүүс “Халуун элгэн нутаг”-аа дуулахаараа уйлж, сонингийн тасархай байсан ч дамжуулаад л уншицгаадаг. Хаа холоос Монголоо гэсэн сэтгэл нь оволзож байдаг ч тэд үр хүүхдийнхээ ирээдүй, боловсролыг боддог. Тэднийг буруутгах аргагүй.

 

     Харь газар олон жил ажиллаж, амьдарч амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын эх нутагтаа ирж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь “Очоод би энд байдаг шигээ амьдарч чадахгүй шүү дээ” гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулдаг. Гадаадад гараад нэлээд хугацаа өнгөрөөсөн, тэндээ хөлөө олчихсон, тэндхийн ёс жаягаар амьдраад, өөрийгөө болгоод байгаа хүмүүсийн хувьд ажил хийх, мөнгө олох нь тийм ч чухал асуудал биш. Харин тухайн орондоо айх айдасгүй, хууль болон түүний бодит хэрэгжилт, хүмүүсийн найрсаг соёлтой харьцаа тэнд нь уяад байдгийг бид анзаардаггүй. Ийм орчинд зарим нь өөрийн үнэ, цэнээ мэдэрч, өөрт байгаа боломжоо ашиглан, өөрийгөө “үнэт баялаг” болгож дөнгөдөг.

 

Тэд зугатаад байгаа юм биш...

 

     Очсон газартаа эхэндээ гар, хөлөө олохгүй зовж, зүдэрдэг ч сүүлдээ тухайн орны амьдралын хэмнэлд дасч, өөрийн эрхгүй иргэншсэн нийгмийн давуу талыг таньж ойлгодог хүн олон. Ингээд л юм юманд дөртэй болж, “иргэншил” гээч зүйлийн зах зухаас сурч ирээд Монголдоо амьдрахад нэг хэсэгтээ л тийм ч амаргүй болчихсон байдаг. Эргэлзээ, тээнэгэлзээгээ мартаж эх орондоо ирсэн нэг хэсэг бий. Харин тэд “Монголдоо очоод л ...” гэж гэрэл гэгээтэйгээр мөрөөдсөн бүхнээ Монголдоо ирээд л алддаг. “Баярлалаа”, “Уучлаарай” гээд соёлтой харилцааны наад захын үг хэллэг өдөр ирэх тусам хумигдаж, багассаар, урдаас дүнсийх царай, уур хилэнтэй харц урам зоригийг минь мохоодог. Машинд зам тавьж өгснийхөө төлөө өөрөө хохирох зэргээр өрөөлөөс тээж ирсэн дэврүүн бодол, мөрөөдөл бага багаар барагдаж дуусдаг. Иймэрхүү замаар аль хэдийн бахь байдагтаа очно. Хаашаа л харна уур бухимдал, хаана л очно хүнд суртал, авилгал...

 

П.Дорждэрэм: Хүний төлөө гэсэн сайхан нийгэм Японд л байгааг мэдэрлээ

 

       Би Японы нэгэн барилгын компанид гөлмөн төмрөөр дээврийн хийц хийдэг байсан. Өглөө наймд цуглаж, бригадаараа жагсаад, хөгжмийн аянд өглөөний гимнастик хийнэ. Яг л тамирчид тэмцээнд орохынхоо өмнө бие халаалт хийдэгтэй адил. Ажилд гарах бүр аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцуулж, багаараа юу хийх ёстойгоо хуваарилдаг. Байн байн эрүүл мэндийн үзлэгт орж, анкет бөглөнө. Ямар нэг юм болвол тэр анкетыг үндэслэн тусламж үзүүлдэг. Хоол ундны хувьд манайтай харьцуулах ч юм биш. Идэж үзээгүй жимсээ бүгдийг нь идэж үзсэн. Токио амьдралын өртөг өндөртэй хотуудын нэг ч гэсэн мах, гурил, өндөг гээд өргөн хэрэглээний хоол хүнс Монголоос ч хямд байна. Ер нь хүний төлөө гэсэн сайхан нийгэм шүү. Ажил хийнэ гэдэг цагаа бүртгүүлээд ажил дээрээ сонин уншиж, хов ярин компьютер тоглон цаг нөгцөөж суухын нэр биш.

 

     Хийх ёстой ажлаа хугацаанд нь амжуулахын тулд зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Зогсвол зоос, хөдөлвөл хөлс гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цаг – ажлаар хэмжигддэг тул цаг хугацаа тэдний хувьд “мөнгө” бас “алт”. Тогтмол цалин гэж байдаггүй. Бүх ажлын хөлс ингэж цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Өөрт хэрэгцээтэй мөнгөө олохын тулд давхар ажил хийж, үүрийн таван жингээс, шөнө дөл хүргэх нь ч бий. “Хүссэн үедээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг” энэ нийгэмд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийн утга жинхэнэ утгаараа оршино. Ямар ч ажил /үндсэн байна уу, цагийн байна уу яг адилхан/ хийгээд илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар цалин хөлс нь тооцогддог тийм нийгмийг Япончууд бүтээж чаджээ. Ерөөсөө лазан, ажил хийнэ гэж компьютер тоглоод суух нь манайхны хаа ч гэсэн хэвийн үзэгдэх дүр зураг. Дур, зоргоороо аашлах, шаардлага тавингуут уурлах, шүүмжлэл сонсонгуут хийж байснаа орхиод, алга болох нь өнөөгийн Монгол хүний хүмүүжил, ёс суртахууны нийтлэг дүр, төрх болжээ. Хамтарч ажиллаад, хамтын шийдвэрт хүрч чадах, гэхдээ хүн нэг бүрээс хамааралтай, Японы хамтын зохион байгуулалт улс орноо хөгжүүлэх, урагшлуулахад хамгийн чухал хүчин зүйл байдгийг П.Дорждэрэм ярианыхаа далимд дахин дахин хэлж байлаа. Түүний яриа анхнаасаа огт төсөөлөгдөхгүй байсан юм. Арга ч үгүй биз дээ. Арван давхар байшингийн дээвэр дээр ямар ч бэхэлгээгүй дүүжигнэж, хятадын “цагаан” бээлийнээс өөр зориулалтын ямар ч хувцасгүй цемент зуурч, тоосго өрдөг манай барилгынхан нүдэнд харагдаад байгаа юм чинь. Эрүүл мэндийн үзлэгийн талаар яриад байх юм бүр ч үгүй. Сар байтугай жилдээ ч нэг удаа эмнэлгийн үзлэгээр орчих боломж бидэнд байгаа билүү? Даатгалын мөнгө төлөөд л байгаа хэрнээ дараалалд зогсож, мөнгө төлдөг. Чанартай хүртээмжтэй, баталгаатай зүйл гэж ер байхгүй. Ямар нэгэн осол гэмтэлд орлоо гэхэд нөхөн олговрын хэдэн “цаас” хэл амтайхан шиг олдвол их юм. Тэгээд л насаараа гэртээ сууж, бусдыг царайчилна.

 

Та гадны аль орон руу гарахыг хүсч байна

 

а/ Солонгос – 21

б/ АНУ - 26

в/ Барууны ямар ч хамаагүй орон – 28

г/ Япон - 10.2

д/ Чех – 9.8

е/ гарч л байвал хаашаа ч хамаагүй - 6

 

Та гадаадын аль нэг орон руу явахыг хүсдэг үү?

 

а/ Боломж гарвал шууд явна – 58.2

б/ Үгүй – 16.5

в/ Одоогоор хэлж мэдэхгүй байна – 23.3

 

     Боломж олдвол бидний талаас илүү нь хашаа ч хамаагүй гараад явах, ийм оронд бид амьдарч байна гээд та бодоод үз дээ. Хүн ард нь эх орноосоо өөр тийш очиж амьдрахыг огт хүсдэггүй ард түмэнд атаархмаар байна уу? Аав, ээж, найз нөхдийнхөө дунд, өссөн, төрсөн нутаг орондоо, идээшиж дассан газартаа сайхан амьдрах шиг аз жаргал хаана ч үгүй. Ийм л амьдралын төлөө үе үеийн хүмүүс хөдөлмөрлөж, тэмцэж, бүр алд биеэ ч хайрлалгүй зориулж байжээ. Төрж өссөн орчин, хүн зон хэний ч хувьд энэ дэлхий дээр хамгийн эрхэм дотно, хамгийн ихээр хайрлан хамгаалж байх орчин нөхцөл болж байдаг. Үүнийг л эх нутаг минь, эх орон минь гэж эрхэмлэдэг. Тэгэхээр эх оронч байна гэдэг тэр л нутагтаа аз жаргалтай амьдарч, түүнийгээ ямагт хадгалж, хамгаалж байх тэмүүлэл юм уу даа.

 

     Эх оронч гэх нэрийг зөвхөн эх орныхоо төлөө тэмцэлд үрэгдсэн баатруудын гэгээн явдлаар хязгаарлан ойлгох аргагүй. Жирийн иргэдээ эх орондоо амьдарч чадахгүйд хүргээд байгаа өнөөгийн нөхцөл байдал хүмүүсийг эрх баригчдын эсрэг жагсаал, цуглаанд аваачдаг. Мэдлэг боловсрол дорой, тэмцлийн хэлбэрээ сонгож чадаагүйгээсээ болж бүдүүлэг, танхайгаараа дуудуулдаг, эрх ямбатнуудын өмнө хүчин мөхөс тэдгээр иргэд энэ л нутаг, эх орондоо аз жаргалтай амьдрах гэсэн жам ёсны хүсэл тэмүүллээ илэрхийлж байгаа гэж ойлгож болохгүй гэж үү? Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээчээр олон зуун мянган ийм хүн эх орондоо аз жаргал амсаж чадахгүй байгаа нь өнөөгийн хатуу үнэн шүү дээ.

 

Б.Үүлэнсолонго: Биднээс хүн дөлнө гэдэг хамгийн том доромжлол

 

     Хэдийгээр би Япон хүнтэй сууж, насан туршдаа тэр оронд амьдрах эрхтэй болсон ч тэдний хувьд үргэлж л хүний хүн байдаг. Японд олон жил амьдарч, хэл ам зүгширч, гаднаас минь хараад намайг хэн ч монгол гэж мэддэггүй. Гэхдээ хааяа би уурлаж бухимдах, эсвэл баярлаж хөөрсөн үедээ монголоороо хашгирдаг юм. Тэр үед надтай хамт байсан хүмүүс зайгаа авч байгааг мэдэрдэг. Тэд нүүрэн дээрээ бидэнтэй сайхан харьцдаг, инээж хөөрдөг ч гэсэн цаанаа үргэлж л “зэрлэг, бүдүүлэг, юм мэддэггүй” гэсэн хандлагаар харьцаж байгаа нь анзаарагдана. Тэглээ гээд яахав дээ. Амьдарч л байна. Миний адил Япон хүнтэй суусан олон монгол эмэгтэй байдаг. Зарим нь ч амьдралдаа сэтгэл хангалуун, бахархангуй байдаг бол миний хувьд энэ орны соёл иргэншил, хөгжил дэвшлийг Монголтойгоо харьцуулаад, соёл иргэншлийн хувьд дорой буурай ч энд амьдрах нь дээр гэж ер боддоггүй. Бид хүний газар, хүний бүтээсэн зүйл дээр тарвалзах эрх байхгүй. Нэг газраас нөгөөд очно, тэндээ зохицон амьдарна гэдэг нэлээд том даваа. Хөдөөнөөс хотод анх ирж байгаа хүнийг андахгүй танина. Түүнтэй адилхан Японд, эсвэл өөр хаана ч гэсэн очсон бид “тэмээнээс тэмдэгтэй” харагддаг юм шиг. Хоол унд, цаг агаарт нь аажмаар дасдаг бол хүмүүстэй харьцах, тэдэнтэй хамтарч ажиллах, ойлголцолын хувьд бэрхшээл ихтэй. Хөл гарын хөдөлгөөн, идэж уух, өмсөж зүүсэн бүхэн биднийг хэн гэдгийг хэлээд өгдөг бололтой. Япон хүн бидэнд цаанаа л өөр харагддаг шиг бид ч бас тэдэнд шал өөр харагддаг биз. Олон бүсгүй “харийн бэр” болж, хүний нутгийг зорьсон. Үүнийг буруутгаж, “монгол цус булингартлаа” гэж улиглах нь даяарчлагдсан өнөөгийн нийгэмд нэг бодлын учир утгагүй мэт. Иргэний бүртгэл мэдлээллийн албанаас гаргасан тоогоор манай улсын иргэн гадаад хүнтэй гэр бүл болох нь өнгөрсөн арван жилд 30 дахин өсчээ. Юу вэ гэхээр 1998 онд монгол улсын 46 иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болж байсан бол өнгөрсөн жилд энэ тоо 1008 болжээ. Эхний үед Солонгос, Япон, Герман гэсэн хэдхэн орны хүмүүстэй гэр бүл болдог байсан бол одоо тавь шахам орон болж хүрээгээ өргөжүүлжээ. Ялангуяа сүүлийн үед Хятад, Солонгос улсын иргэнтэй гэр бүл болох нь улам ихсэх хандлагатай байна. Та ямар зорилгоор гадагшаа гарахыг хүсч байна вэ? а/ Сурахаар – 25.8 б/ Ажиллахаар – 46.2 в/ Монголд амьдармааргүй байна – 22 г/ зүгээр явмаар байна – 6 АНУ-д 10 жил амьдарсан нэгэн залуутай уулзсан юм. Түүний яриагаар “Би эх орноо гаднаас харж, санаж, хайрлаж сурсан. Тиймээс ч гадныхан монголыг муулахад их эвгvйцдэг биз. Харин бид гадаадад тодорхой хугацаанд амьдарч байснаараа эх орноо өөр өнцөгөөс харж, харийн хүмүүс биднийг яагаад дорд үздэгийг зах зухаас нь ойлгож эхэлсэн.

 

Гадаад орнуудад суугаа Монголын элчин сайдууд юу хийдэг юм бэ?

 

     Тэд хувийн бизнес хийж, өөрийнхөө хүүхдийг гайгүй сургуульд сургаад л явж байдаг. Өчнөөн олон монголчууд хүний нутагт хар тамхинд орж, шорон оронгийн хаалга татаж, бусдын гарт амь насаа алдан, биеэ үнэлэн амьдарч байгаа талаар хэн ч ярихыг хүсдэггүй. Хэдхэн хоногийн томилолтоор очсон телевиз, радиогийхон, албаны хүмүүс тэр газартаа хамгийн боломжийн амьдарч байгаа монголчуудынхаа гэрээр орж, сайхан амьдарч байгааг нь бахархаад өнгөрдөг” гэж хэлсэн юм. Гадны аль ч оронд залуус өөрийн дур сонирхол, авъяас чадвартаа тохирсон боловсрол эзэмшихийн тулд тохирох үнэ хөлсийг нь төлж, мэргэжлээ сонгон суралцдаг. Түүнийхээ дагуу ажил төрөл эрхэлж, сэтгэл хангалуун амьдрах бололцоо ч нээгддэг. Харин манайд эх эцгийнхээ мөнгөөр сурч, диплом өвөртлөөд л сэтгэл нь ханачихдаг. Өөрийн гэсэн хүсэл зорилго байхгүй, хүн дуурайж, хавтасны хойноос хөөцөлддөг болохоор чөлөөт цаг ч ихтэй, дарвиж давхихдаа ч сайн. Хамгийн гол нь манайд ямар боловсрол эзэмшиж, ямар ажил хийгээд сэтгэл хангалуун амьдарч болох нь тодорхойгүй. Боловсролын систем нь замбараагүй учраас тэндээс гарч байгаа бүтээгдэхүүн ажил амьдрал дээр гологддог. Ер нь сургуульд диплом авах зорилгоор л суралцдаг гэж хэлж болно. Тэгээд л сургуулиа төгсөөд юу таарснаа л хийдэг. Сурах зорилго, сурч байгаа байдал, сургалтын орчин, сурч гараад ажил амьдрал дээр ажиллах нөхцөл байдал, авах цалин хоорондоо ямар ч авцалдаагүй. Хүний өмнө харуулах хавтасны төлөө суралцаж, төгссөнийхөө дараа эрхэлсэн ажилдаа гологдож, байгууллагаас байгууллага дамжсаар залхаж, эцэстээ гадаад руу гарч азаа үзэхээс өөр замгүй болж мухарддаг. Олон мянган монгол залуус амьдралын ийм л замыг туулсаар, харийн оронд хар бор ажил хийхээр оддог.

 

Гадаад руу зугатагсад хийгээд иргэншлийн ялгаа

 

      Гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн хүмүүс тэндхийн соёл иргэншлээс олон зүйлийг олж, ухаарсан байдаг. Юуны түрүүнд эрүүл чийрэг байна гэдэг хэрэгцээтэй мөнгөө олж, сайхан амьдрахын үндэс суурь гэдгийг гүн бат ойлгосон байдаг. Тиймээс ч ажил амралтаа зохицуулж сурцгаадаг. Амралтын өдрүүдээр Монголд байдаг шигээ тасарч унатлаа уухыг хүсээд байдаггүй. Архи, дарснаас өөрөөр амарч зугаацах өөр боломжийг эрж хайдаг. Мөнгөгүй болмогцоо аав, ээж, ах дүүгээ холгож, эсвэл ломбарднаас мөнгө зээлэх боломжгүй учраас хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож, зөв зүйлд зарцуулахад суралцдаг. Ийм хөгжлийн, иргэншлийн эрс тэс ялгаа хувь хүн төдийгүй нийгмийн ёс суртахуун, хууль журманд ч тусгалаа олсон байдаг.

 

 

 

Иргэншил гээч зүйлийн хамгийн том босго нь хуулиар бичигдээгүй хууль буюу нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ. Жишээ нь: Ерөнхийлөгчөө сонгохдоо гэр бүлийн ариун сайхан харилцааг хамгийн түрүүн хардаг. Харин манайд гэр бүлийн, тогтворгүй байдал, эрүүл бус уур амьсгал юунд ч харшлахгүй. Хэн нэгэн албан тушаалтан хэдэн авгай, нөхрийн асуудалд орооцолдсон ч олон нийт нэг их тоодоггүй. Дээрээс нь хууль журам хэрэгжиж, нийгмийн иргэн бүр эрх үүрэг, хариуцлагаа зөв ухамсарлаж эхэлдэг. Машин барьж яваад дүрэм зөрчлөө гэхэд хэн нэгэн рүү ярьж, “найрах” арга зам сүвэгчилж, мөн уйдсан цагдаа зүгээр явж байсан машиныг шүгэлдэж зогсоогоод, янз бүрийн байдлаар дарамталж юм нэхээд байхгүй. Жижиг, сажиг гэлтгүй бүх зүйл дээр нэг нь нөгөөдөө саад тээг болох нь өдөр тутам тулгардаг бэрхшээл зовлон. Бас төрийн албан хаагчдын царайчлах шаардлагагүй гээд тэнгэр газар шиг ялгаатай амьдрал дунд бид оршдог. Нийтээрээ шудрага ариун явдлыг сахиж, муу муухайг жигших ёс зүй тогтсон цагт улс орон хөгжин цэцэглэдэг.

  Ц.Хишигт: Америкчууд бурхантайгаа орчуулагчгүй харилцдаг

 

     Америкчуудын ёс суртахуунд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол сүм хийд болон библи юм. Бүтэн сайн өдөр бүр сүмд очиж бурхантай харилцдаг. Библи уншиж, санваартнууд библээс ишлэн тайлбарлаж хүмүүст ёс суртахууны хичээл заана. Энэ нь л Америкчуудын оюун санааны тогтвортой байдлын үнэт зүйл болж байдаг гэнэ. Нэг талаар энэ нь ёс суртахууны үүрэг гүйцэтгэж, нөгөө талаар оюун санааны нэгдмэл хүрээлэл үүсгэж буй хэрэг. Монголчууд бид бурхантай харилцахын тулд заавал лам, хуврагаар дамжиж, тэд бидний хүслийг “орчуулж” байж хүсэл сонирхлоо уламжилдаг. Лам нарыг “хахуульдаж” байж л нэг юм бурханд өөрсдийгөө даатгадаг. Бурхны номыг бол үзэж, уншиж мэдэхгүй. Ямар ч байсан Бурхан Будда гэж мэдэх төдий. Гэтэл жирийн америкчууд библээс ишлэж, түүнээс уншаад тэр ч байтугай хоорондоо мэтгэлцэж маргалддаг. Манайхаар бол лам нарын “ном хаялцах”-тай ойр юм даа. Ийнхүү тэд ёс суртахууныг библээс өөрсдөө олж авдаг ажээ. Манайхан цагаан сараар засал хийлгэх гэж гандангийн үүдээр нэг очер, дараалал болно. Харин арай гэж бичүүлсэн ном, судрыг нь уншсан эсэх нь мэдэгдэхгүй. Тэгээд ч үнэн чанартаа бид уншуулж байгаа номныхоо учир начрыг мэддэггүй. Хийморийн сан, хэл амны ном л гэсэн маруухан ойлголттой. Шашин, соёл, ойлголцол, ёс суртахууны хэм хэмжээ гэхээсээ илүүтэй мухар сүсэгт хамаг байдгаа даатгаад орхидог. Ердөө л ажил төрлөө бүтэхгүй үед, эсвэл аян замд гарахаасаа өмнө ламд очиж адис аваад л бүх зүйлийг бүтчих юм шиг гэнэн төсөөлөлтэй яваад байдаг. Харин иргэншсэн нийгэмд шашин гэдэг ёс суртахуун, хүмүүжил олгох ийм чухал түлхүүр болсон байх юм.

 

Ном, журмаараа бүтдэг ажил гэж нэг ч алга, Монголд

 

      Зуны ганц хоёрхон сарыг монголдоо үдээд л нүүдлийн шувуу шиг буцаад харийн нутаг руу зүглэдэг хүмүүс олон болжээ. Зарим нь ажил амьдралын эрхээр ийм амьдралаар явж байгаа бол зарим бололцоотой хэсэг нь хотын утаа, стресс бухимдлаас зугатааж, гадаадад түр хугацаагаар гардаг. Монголдоо тодорхой зүйл хийхээр ирсэн нэгэн залуутай уулзаж ярилцлаа.

 

     - Гадагшаа гараад хэр удаж байна вэ? Нутагтаа эргэж ирэх ямар байна?

 

     - 1992 оноос хойш би гадаад руу гарч амьдарсан. Автралид зургаа, Шинэ Зеландад хоёр жил гаран, Германд бас амьдарч байсан. Гэхдээ эцсийн дүндээ ямар муу муухай байсан ч эх орноо, төрсөн газар усаа гээд л эргээд ирдэг л юм байна лээ. Манай хоёр хүүхэд тэнд төрж, өссөн болохоор Монголд ирээд цэцэрлэгээ санаад, янз бүрийн хоол нэхээд хэцүү л байна. Энэ долоо хоногийн сүүлээр буцна даа.

 

     - Хүүхэд дасаж өгөхгүй хэцүү байна гэв үү. Дахиад дөрвөн жил өнгөрөхөд тэндээ л илүү дасах байх даа?

 

     - Японд хүүхдийн цэцэрлэгт явж байгаад ирсэн хүүхэд, энд эмээ өвөө дээрээ байгаа хүүхдийн хүмүүжлийн асар том зөрүүг би олж харлаа. Манай охин тогтсон цагт хоолоо иддэг, өөрийнхөө зүйлд хүн гар хүрэхэд дургүй, хувцсаа хүний тусламжгүйгээр өмсөөд их биеэ даачихсан. Өглөө, өдөр, оройн хоолондоо юу идэхээ ч мэднэ. Эрүүл хүнс гэж бид нэг ч удаа яридаггүй ч манай хүүхэд юуг орой идэж болох, болохгүй талаар бараг надаас илүү сайн мэддэг. Японы цэцэрлэг, сургууль хүүхдэд зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Харин манай дүүгийн хүүхэд шал өөр. Хэзээ ч хамаагүй иднэ, ууна, асгаж цутгана. Насны ялгаа бараг байхгүй хэрнээ хүний тусламжгүйгээр хувцсаа өмсөж чадахгүй гээд л шал өөр. Нөхөр бид хоёр 20 ортой ахмадын асрамжийн газар, 30-40 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар хөөцөлдөж байна. Сая газар авах гэж бөөн л асуудал боллоо. Ном, журмаараа бүтдэг ажил гэж ер үгүй. Бичиг баримт, зөвшөөрөл авахад заавал гар хардаг, эсвэл танил тал хардаг, гэдийгээд суучихдаг, эелдэг зөөлөн байх тусам улам бүр муухай ааш гаргадаг гээд төрийн албаныхны хүнд суртал ажил хийх урам зоригийг мохоох юмаа.

 

     - Чухам яагаад асрамжийн газар, цэцэрлэг...

 

     - Хүүхдийн нэрээр мөнгө олдог газар олон байдаг бололтой. Бид хоёр эднээс арай өөрөөр ажиллах зорилготой байгаа. Залуу хосуудад ажил хийхийн тулд, хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудал тулгардаг. Үнэхээр амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүс, мөн ганц бие ээж, аавууд хүүхдээ манай цэцэрлэгт өгөөд санаа зоволтгүй ажлаа хийгээсэй гэж хүсч байгаа. Бас манайд хамгийн орхигдсон хэсэг бол ахмадууд. Хүүхдийн нэртэй буяны байгууллага олон байдаг бол ахмадуудад зориулсан газрыг би мэдэхгүй. Ганцаардлын зовлон амсч яваа насны намартай золгосон хөгшчүүл цөөнгүй харагддаг.

 

     - Нээрээ л хөгшчүүлийг харж хандах газрыг байгуулмаар юм шиг бодогддог шүү. Нэгэнт ажил, амьдралын тухай ярьж байгаагийнх Японд ажиллахад чухам ямар байдаг вэ?

 

     - Японд ажлаасаа хоцрохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Найман цагт хувцасаа солино, найм аравт автобусанд сууна, найм хорьд ажлын талбай дээр очсон байна гээд бүх зүйл нарийн зохион байгуулалттай. Хотын тээврийн хэрэгсэл маш нарийн цагийн хуваарийн дагуу явдаг учраас цаг барьж ажиллах сайхан бололцоо бий. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд ээж нь долоо хоногт хорин цагийн ажил хийхийг шаарддаг. Ажил хийхгүй бол харин хүүхдийг нь цэцэрлэгт авахгүй гээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн нарийн чанд хууль дүрэм үйлчилдэг. Энэ хүмүүсийн ярианаас хамгийн их анхаарал татсан зүйл нь хүүхдийн тухай асуудал байлаа. Тавхан настай хүүхэд японы цэцэрлэгийг санаж, тэндхийн хоолыг нэхэж байна. Дөрвөн жилийн дараа эх эцэгтэйгээ хамт эргэж ирээд идээших болов уу. Магадгүй нэлээд хэдэн жилийн дараа аав, ээжийн маань төрсөн нутаг шүү дээ гэснээс цаашгүй Монголын тухай мэдлэггүй, зундаа нүүдлийн шувуу шиг ирээд хэдэн зураг дарчихаад буцдаг нэгэн болох байх. Яг энэ хүүхдийн ижил харийн газар төрж, монголынхоо тухай юу ч мэддэггүй бяцхан иргэдийн тоо лав мянга хол давжээ.

 

 

 

Яагаад бид монголдоо сайхан амьдарч болдоггүй юм бэ? Хүмүүс нь хийсэн бүтээснийхээ хариуд өлсөхгүй, даарахгүй, стресс бухимдалгүй амьдрах боломжийг хэн олгож өгөхгүй байгаа юм бэ? Нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж “намайг сонговол” та нарыг гадаад руу явуулна гэж амладаг. Бүр намын мөрийн хөтөлбөрт ч багтдаг. Гэвч үнэн нүүр царай нь тэр орны иргэдийн тоож хийдэггүй ажлыг шагнал урамшуулал болгож байгаа нь бидэнд олдошгүй боломж, аз жаргал хэмээн ойлгогддог нь өрөвдмөөр. Сонгуульд зүтгэсэн хороон дарга нарыг, саналаа өгсөн иргэдийг гадаадад зугаацуулах, гадаадад ажиллуулах гээч нь сонгуулийн том амлалтуудын нэг болдог.

 

Амьдралын эрхээр...

 

     Амьдралын эрхээр, хэдэн “цаас” олохын төлөө харийн нутгийг зоригсдын талаар ярихаар хамгийн түрүүнд Солонгос гэсэн нэр толгойд орж ирдэг. Жил гаруйхны өмнө солонгос явах ажиллах хүч бүртгэхэд төв цэнгэлдэхийн гадаа хичнээн хүн цуглаж, хэдэн шөнө нойр хоолгүй дугаарласан билээ. Ойр дотныхноос нь Солонгост ажилласан, эсвэл ажиллаж байгаа, ажиллахаар хөөцөлдөж байгаа хүнгүй айл Монголд байхгүй гээд хэлчихвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй болов уу. “Харласан” гэсэн муу нэр зүүгээд ч хамаагүй тэндээс аз жаргал эрэгсдийн арми одоогоор багасах шинж тэмдэг надад л лав харагдахгүй байна. Гэсэн ч сэтгэл зовохгүй байхын аргагүй олон асуудал тэдэнд байдаг бололтой. Амны уншлага болсон олон зүйлийн талаар нуршилгүйгээр хэдэн тоо баримтыг хамтдаа сонирхоцгооё. Солонгос улсад албан ёсны гэрээгээр 30000 орчим иргэн албан ёсоор ажиллаж байгаагийн 7000 орчим нь эмэгтэйчүүд.

 

     Мөн нийт ажиллагсдын 15 хувь нь ажиллаж байхдаа их, бага ямар нэгэн хэмжээний үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алджээ. 2007 оны зургадугаар сарын байдлаар БНСУ-д 378 монгол иргэн нас баржээ. Нас баралтын шалтгаанд автомашины болон үйлдвэрлэлийн осол зонхилж байгаа тухай мэдээ байна. Архаг хууч өвчин сэдэрсэн, согтуугаар бусдын гарт амь үрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд ч энэ жагсаалтыг үргэлжлүүлнэ. Зүгээр энгийнээр бодоод үзье. Дунджаар арав хоногт нэг иргэн Солонгост ямар нэгэн шалтгаанаар нас барж, таван иргэн хэрэг зөрчилд холбогдон, зургаан хүн гэмтэж, бэртдэг, эсвэл өвчилдөг гэсэн судалгаа байдаг аж. Сэтгэл зовохгүй байхын аргагүй энэ тооны араас дахиад л бэрхшээл. Гэр бүлээрээ гадагшаа гарсан хүмүүс, мэдээж сэтгэл хангалуун, бас арай тайван байдаг. Амьдралаа өөд татахаар явагсдын ихэнх нь ганц биеэрээ л явдаг. Хоёр тусдаа амьдарч байгаа гэр бүлүүдийн хувьд гурван айл тутмын нэгнийх нь гэр бүлд үл ойлголцол үүсч, улмаар хөндийрдөг. Тэдний долоон хувь нь гэр бүлээсээ хөндийрч, 4,8 хувь нь хамтран амьдрагчтай болж, 27 хувь нь хардалт, сэрдэлтэд байнга өртдөг гэсэн байх юм. Магадгүй уншигч та манай сэтгүүлийн 41 дэхь дугаарт гарсан “Амраг уу? Эхнэр үү?” нийтлэлийг уншсан байх. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар “Нууц амраг, сексийн хамтрагчтай болсон эсэх” гэсэн асуултад 47 хувь нь “Байгаа “ гэж ил тод хариулсан билээ.

 

Монгол хүн эх нутагтаа үнэгүйдэж байна

 

     Хаа хол хүний газар ажиллаж хурааж хумисан хэдэн төгрөгөө монгол ах дүү нартаа хулхидуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд явж байгаа хүн захаас аваад таарах юм. Тэд хар бор ажил хийж таван “цаас” хураасан, харин өөрийн амьдралаа аваад явах жижиг бизнестэй болохоор зүтгэцгээсэн ч авлигал, хүнд суртлын өмнө хүчгүйдэж дахиад гадагшаа гарахаар яарч байна. Тэд харин эргэж ирэх болов уу. Солонгост таван жил ажиллаж, олсон мөнгөөрөө мэргэжлийнхээ дагуу, жижиг эмнэлэг байгуулахаар хөөцөлдөөд эцэст нь аргаа барахдаа хаашаа ч хамаагүй гарахаар хөөцөлдөж яваа гэсэн нэгэн эмэгтэйтэй уулзаж ярилцлаа.

 

     - Нэлээд хугацаагаар гадагшаа гарч ажил хийсэн гэсэн. Ирээд сэтгэгдэл ямар байна?

 

     - Би таван жил солонгост ажиллаад ирсэн. Энэ хугацаанд манайд амьдрал бүүр дордож дээ гэсэн бодол хамгийн түрүүн төрж байна. Би ч яахав ирснийхээ дараагаас нэгэн хувийн эмнэлэгт ажиллаад, хоногийн хоолоо залгуулчихаж байна. Харин... Харин шар нар бор хоногийг арай ядан өнгөрөөж байгаа хүмүүс өдрөөс өдөрт олширсоор байгаад л сэтгэл эмзэглэх юм. Хаашаа л харна хөмсөг зангидсан хүмүүс. Ер нь бол хэцүүхэн л байна даа.

 

     - Яагаад ийм сэтгэл дундуур байгаа юм бэ? Гаднаас ирсэн хүмүүс нэг хэсэгтээ л Монголдоо байх сайхан, хүний газар хэцүү гэцгээдэг...

 

     - Ямар нэгэн шинэ санаа олоод түүнийгээ хэрэгжүүлье гэхэд үнэхээр боломж алга. Бүх юм доороосоо эхлээд сүүлчийн дамжлагаа хүртэл гар харсан, танил талын нүүр харсан тийм нөхцөл угтах юм. Хурааж хумисан хэдэн төгрөгөөрөө юм хийе гэсэн хулхидуулаад, хахуульд өгсөөр байгаад хийсэн ч юмгүй өнгөрсөн дөө. Газар авахаар хөөцөлдөөд бүтэхгүй болохоор нь тэнд танидаг хүн байгаа гэсэн хүнээр зуучлуулахаар мөнгө өгөөд газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Хэрвээ зарчим, хууль ёс үйлчилдэг газар байсан бол ингэхгүй л байх байсан. Хүний газар ч би ийм байдалд орж байгаагүй. Боломж олдвол дахиад гадагшаа гарна гэж бодолтой явна.

 

     - Хаа газар монгол хүний үнэлэмж муу байдаг. Хамгийн муу ажлыг нь хийдэг гэдэг шүү дээ. Таны хувьд ямар ажил хийж байв?

 

     - Намайг солонгост байх хугацаанд нэг сургуулийн элсэлтийн шалгалт болсон юм. Тэгэхэд дэлхийн олон орны 30 гаруй хүүхэд шалгалт өгч, ганц хүүхэд авахад тэр нь монгол байсан. Энэ хүүгийн сургууль монгол оюутнуудыг олноор авах хүсэлтэй байгаа тухайгаа тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж л байсан. Би таван хятадтай хамт тэнд нэг үйлдвэрт анхны монгол ажилчнаар орж байлаа. Би сайн ажиллавал тэр үйлдвэрт монгол ажилчин нэмж авна, харин тэгэхгүй бол хятадуудыг авах гэх мэтээр хэн нэг Монголоос шалтгаалж тэр үйлдвэрийн, эсвэл тэр мужид бидний имиж бүрддэг. Тэгтэл манайхан ажил цалгардуулж, шалтаг тоочдог зангаа орхилгүй байсаар “Монголчууд залхуу, ажил хийж чаддаггүй” гэсэн имижийг бүрдүүлсэн. Гэхдээ аль ч газар хууль номынхоо дагуу ажиллаж, амьдарч байгаа хүнд саад бэрхшээл бага тохиолддог. Харин монголд хууль гээч юм гууль болжээ.

 

     - Хууль хэрэгждэг байхад хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ? Жишээлбэл Солонгост?

 

     - Гадны ямар ч оронд эрдэм, чадалтай монгол хүнийг манай хуулийн дагуу ажилла гэдэг. Тэгэхэд манайхан гадны хүн гэхээр л дагаж дуурайгаад салбаганачихдаг биз дээ. Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй. Саяхан нэг гадаад хүн манай эмнэлэгт нэг хүн авчирч үзүүллээ л дээ. Хог түүдэг нэг монголыг машинаараа мөргөчихсөн юм байна лээ. Хөөрхий ганц, хоёр оёо тавиулаад л яваад өгсөн. Харин нөгөө гадаад эр ямар ч торгууль, ял зэмгүй өнгөрч байгаа юм даа. Хэрэв монгол хүн гадны аль нэг оронд ийм явдал гаргасан бол шийтгүүлэх л байсан. Ингээд бодохоор монгол хүн өөрийнхөө газар шороон дээр үнэгүйдэж байна. Хэрийн ядруу оронд ч хүн нь турж үхдэггүй. Хүнсний аюулгүй байдал тал дээрээ маш хатуу. Тэгээд ч эрүүл хүнс нь манайхаас хямдхан. Монголдоо ирээд хоол, унд идэх гэсэн ерөөсөө дасаж өгөхгүй л байлаа. Бүр хүнсний ногоо гэхэд монголд ургуулсан нь өндөр үнэтэй, урдаас оруулж ирж байгаа, хортой муу нь хямд байх жишээтэй. Ард түмний амьдрал дорой байхад аль хямдханыг нь л иднэ шүү дээ. Гайгүй юм авъя гэсэн ч хулхи. Одоо хятадын хортой сүү гээд л дэлхий даяар бужигнэж байна. Монголд аягүй бол тэрнийг хайрцгийг нь солиод л зарж байгаа байх. Баталгаатай хүнс хэрэглэнэ гэсэн ойлголт манайд л лав байхгүй ээ. Хэд хоног ажилдаа ирэхгүй алга болчихоод тараг, айрагхан бариад, хэнэггүй инээгээд ороод ирдэг нөхдүүд ч захаас аваад олон. Харин бидний очих гэж тэмүүлж буй иргэншсэн нийгэмд энэ нь хар дарсан зүүд. Өглөө ажилдаа хоцорч ирчихээд “Хүүхэд тэгээд”, “Хөдөөнөөс хүн ирээд” гэж зовлон тоодог хүмүүс манайхаас өөр хаана ч байхгүй байж мэднэ. Хэн ч хаана ч очсон ингээд зовлон тоочиж, хушуугаа унжуулан тунирхаж чадахгүй. Ийм байдлаасаа гарч чадахгүй ажлаа цалгардуулж зугатаадаг “нөхдөөс” болж манайхны нэр хүнд хаа газар унаад байгаа.

 

Гадагшаа гарвал хэзээ эргэж ирэх вэ?

 

а/ 1-3 жилийн дараа – 28

б/ 3-5 жилийн дараа - 36.4

в/ 10 жилийн дараа – 15.3

г/ эргэж ирмээргүй байна – 16

д/ мэдэхгүй – 5.3

 

     Дээрх судалгааны дүнгээс харвал “эргэж ирмээргүй байна”, “10 жилийн дараа” гэсэн хариулт нийлээд 30 гаруй хувийг нь эзэлжээ. Гадагшаа гарахаар зэхэж байгаа хүмүүсийн дийлэнх нь зорилгоо ажил хийж, мөнгө олох гэж тодорхойлжээ. Үнэхээр ч гадагшаа гарсан хэсэг нь хэдэн төгрөг хурааж, ахуй амьдралаа өөд нь татаж чадаж байна. Тэнд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хийснийхээ хэрээр мөнгө олж, эрүүл аюулгүй орчин нөхцөлд санаа амар ажиллаж амьдарч чадаж байхад энд хээл хахууль, хүнд суртал, шудрага бус зүйлүүдийн дунд амьдарч байгаа. Сурахаар, ажиллахаар гадагшаа гарч байгаа хүмүүс өөрсдөө “хөгжиж чадсан” ч нутгаа хөгжүүлэхээр хэзээ ирэх бол... 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх