etoim.mn
photos/ce78e6959d2887d4b1adefa50d979a74.jpg

Залуусын хот болох Эрдэнэтэд гаднаа хар суурь дээр гялалзсан алтлаг шар өнгийн “Хувцас захиалга, засварын салон” гэсэн хаягтай, дотроо цав цагаахан хана, тод болон усан ягаан өнгүүдийг гайхалтай хослуулан,  өнгөний уусгалтыг маш сайн гаргасан, нэг буландаа дээр үеийн кино дээр л гардаг оёдлын машиныг чимэг болгон байршуулсан, маш цэвэрхэн, сайхан тохижилттой нэгэн газар ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулан хичээнгүйлэн хийж буй нь энэ жижигхэн бүсгүйн байр байдал, нүдний харцнаас ч хүртэл ажиглагдана. 20 гаран насны, хөнгөн шингэн, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, нүүрэндээ инээд тодруулсан энэ бүсгүйг Б.Оюун гэдэг. Ажлын байр нь хааш хаашаа 5м орчим хэмжээтэй, түүнийгээ дундуур нь гоёмсог хөшгөөр тусгаарлан 3 өрөө болгосон, их аятайхан, орж ирсэн хүн бүхэнд дулаахан, эерэг сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулжээ. Түүний хийж байгаа, үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж, захиалсан загварыг нь тэдэнд тохируулж, хэрхэн өөрчилж, зөвлөгөө өгч байгааг нь хараад ямар сургууль төгссөн юм бол манай дүү ч бас хувцас загварын чиглэлээр сурах сонирхолтой байгаа юмсан гэж бодоод асуутал алдартай, нэр хүндтэй их сургууль биш, дээд сургууль ч биш Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгсчээ. Түүний энэ үг намайг алмайруулж орхив. Би чинь тэр сургуулийг нарийн боовчин, үсчин, цахилгаанчин, гагнуурчин, барилгын засал чимэглэл зэрэг энгийн сургалтууд явуулдаг гэж бодож байсан хүн шүү дээ. Гэтэл миний үйлчлүүлж байсан оёдлын газруудаас огт өөр, тохижилттой, үйлчилгээ, загвар, гүйцэтгэлийн чанар гээд бүх зүйл нь маш сайн ийм газар таарч байсангүй. Б.Оюун хэлэхдээ "Би Орхон МСҮТ-ийг төгссөн. Манай сургууль маш сайн сургалттай, практикт суурилсан байдаг болохоор биднийг маш сайн дадлагажуулдаг. Би энэ сургуулийг сонгон суралцсандаа баярлаж явдаг. Сургууль минь намайг ханьтай, минь мөрөөдөлтэй минь учруулсан. Би багаасаа л хувцас оёдог хүн болно гэж боддог байсан" гэсэн юм.

Сонирхолтой байсан болохоор түүний сурсан сургуулийн талаар судлаж үзлээ. Үүнд, оёдолчин, үсчин, тогооч, талх нарийн боов технологийн ажилтан, барилгын цахилгаанчин, хэвлэлийн график дизайнч, гагнуурчин, барилгын мужаан, авто машины засварчин, барилгын сантехникч, барилгын засал чимэглэлч, тоног төхөөрөмжийн засварчин, хивс үйлдвэрлэл, гоо засалч, сүлжмэл, зөөгч бармен, бетон арматурчин, токарь, ээрмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан, ноос ноолуур боловсруулалтын технологийн ажилтан, нэхмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан гээд 20 гаруй мэргэжлээр 1 жилээс 2,5 жилийн мэргэжлийн ангиудыг хичээллүүлдэг юм байна. Энэ сургуульд жилдээ дунджаар 400 орчим хүүхэд элсэн ордог бол энэ намар 458 элсэгчтэй байна. Харин өнгөрсөн хавар буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2,5 жилээр суралцан төгссөн 248 төгсөгч байснаас 84,2 нь хөдөлмөр эрхэлж байгаа бол нэг жилийн анги төгссөн 195 төгсөгчийн 91,2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Сүүлийн жилүүдийн дунджаас үзэхэд нийт төгсөгчдийн ихэнх нь буюу 80-аас дээш хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна.

Манай аймагт 2 МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Харин улсын хэмжээнд 83 МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Эдгээрт энэ хичээлийн жилд 35,8 мянган суралцагч суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурчээ.

Харин төгсөгчид нь маш сайн мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгдэн төгсдөг учраас Улаанбаатар төдийгүй орон нутгуудад ч мэргэжлээрээ ажиллах явдал их, хөдөлмөр эрхлэлт их, дээд сургууль төгсөгчидтэй харьцуулахад өндөр хувьтай байна. Орхон аймгийн МСҮТ ч гэсэн амжилттай суралцсан, мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа төгсөгчдийнхөө амжилтаар бахархан номын сангийн үүдний хэсэгтээ тэдний танилцуулгыг байршуулжээ. Тэдгээрийг уншаад өөрийн эрхгүй тэднийг бахархан хүндлэх сэтгэл төрж байсан юм. Энд танилцуулга нь багтаагүй ч ажил, амьдрал нь гялалзаж яваа төгсөгчдийн нэгээхэн хэсэг болсон Оюуны нөхөр ч мөн энэ сургуулийг төгссөн байна.

Үйлчлүүлэгч бүртээ чанартай үйлчилгээ үзүүлж, сэтгэл хангалуун байлгахыг хичээж, дуртай ажлаасаа аз жаргалыг мэдэрч ажилладаг Оюун бүсгүй нөхрийн хамт 2 жилийн өмнө Орхон аймгийн МСҮТ-ийг төгсчээ. Түүний нөхөр Энхтүвшин хэвлэлийн график дизайнч мэргэжилтэй, хувийн байгууллагад ажилладаг. Ажлынх нь хамт олон түүнийг ихэд үнэлдэг, дарга нь түүний талаар “Манайх 2 графикчтай, 1 нь их сургууль төгсөж ирсэн. Манай Энхтүвшин маш сайн боловсон хүчин, нөгөөхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэж байсан юм. Энэ мэтчилэн тус сургуулийг төгссөн төгсөгчид маш сайн боловсон хүчин болдог байна.

МСҮТ-д бэлтгэгдэж байгаа мэргэжлүүдээс гадна үйлчилгээний жолооч, худалдагч, жижүүр, үйлчлэгч зэрэг мэргэжлүүд ч гэсэн маш чухал байдаг. Энэ мэтчилэн мэргэжлүүдэд дээд боловсролтой хүн хэрэгтэй юу? мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй юу? гэдгийг бодолцон үзэж МСҮТ-үүдэд энэ чиглэлийн ангиудыг ч хичээллүүлж, ажил олгогч нар ч мэргэжилтэй боловсон хүчнийг авч ажиллуулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

 

 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх