etoim.mn
photos/43-670x300.jpg

Элбэрэл хайрыг нь илүүчлэн ээжтэйгээ хамтдаа яваа нь байхад, энэрэлгүй хорвоогийн гашуун үнэнд тээглэж, ивээлгүй орчлонгийн өнчин заяаг амсаж яваа нь ч бас бий.

Ээжтэй хүн жаргалтай гэдэг. Үүлэн сүүдрээс ч халхлан бөөцийлж, үргэлж хайр халамж, сэтгэл зүрхээ үрийнхээ төлөө сул асгадаг ээж хүн хэнээс ч илүү өгөөмөр. Бид хорвоогийн олон өдрүүдийг ээжийнхээ нөмөр нөөлөгт өнгөрүүлдэг хэрнээ мартын 8 гэх ганцхан өдөр л баярлуулах ёстой юм шиг бодоцгоодог биш бил үү? Яагаад ийм байх ёстой гэж. Дандаа дэргэд нь байж, даарч хөрөхөд нь бүлээцүүлж, халууцахад нь сэрүүцүүлж, өвдөхөд нь хамт өвдөж, шаналахад нь хамт л шаналж, элэг зүрхнээсээ хэлтэлж чамд л зориулсан ээжийгээ яг одоо баярлуулаарай.

Элбэрэл хайрыг нь илүүчлэн ээжтэйгээ хамтдаа яваа нь байхад, энэрэлгүй хорвоогийн гашуун үнэнд тээглэж, ивээлгүй орчлонгийн өнчин заяаг амсаж яваа нь ч бас бий. Гэвч бид бүгдээрээ ээжтэй хүмүүс билээ. Өр нимгэн өгөөмөр ээждээ би хайртай гэж хэлж чадаагүй юм. Хэлээгүй биш чадаагүй юм... хэлэхийг хүсэвч хэлэнд тээглэн орооцолдох тэр үгээ хэтдээ хэлнэ дээ гэж цээжиндээ хадгалан өөрийгөө хуурсаар хичнээн жил хорвоогийн тоосыг пургиулан явааг минь мэдэх үү?

Яг 25 жил. Цаашид энэ хугацаа хэр үргэлжлэхийг би хэлж мэдэхгүй ч хэлнэ дээ гэсэн бодлоо хэзээ ч гээхгүй хэнэггүй үр нь билээ, би ээжийнхээ. Заяа минь заяа түшиж 2 бурхныхаа хормойгоос зүүгдсээр би хүн болсон. Харин заяа минь заяа төрүүлж хорвоо дээр эх хүн болох тавиланг надад бэлэглэсэн. Хүн ээждээ хайртай гэж үгийн зоргоор хэлдэггүй юм билээ. Ханьдаа хүртэл харамгүй хэлдэг энэ л үгийг хамгийн их хэлэх ёстой хүндээ хөлгүй далайн гүнээс татаж гаргаад хэлэх мэт хүслийнхээ зоргоор хэлж чаддаггүй юм билээ. Эрхэм уншигч та ч гэсэн эгэл бүсгүй надтай адил ийм байдаг байх.

Тиймээ, ээжийнхээ тухай ярих бүртээ чин сэтгэлийнхээ үгсийг урсгаж, хэзээ ч мартахааргүй дурсамжаа энэ л үед сөхдөг. Ээжтэйгээ ойр, ээжийнхээ өвөрт өсөж өндийдөг болохоор л монголчууд бид уужим, өрөвч энэрэнгүй болдог шиг санагддаг юм. Өндөр хөгжилтэй орнуудын аж амьдралаас харахад нас дээр гарсан аав ээжийгээ асрамжийн газар өгдөг нь элбэг байдаг юм билээ. Энэ нь бидний хувьд байж боломгүй зүйл. Ээжийнхээ ухаан, хайр хоёроос хэлтэлдэгтээ л бидний сэтгэл зөөлөн байдаг юм уу даа.

Дэлхийн хөгжилтэй олон орон техник технологи, үсрэнгүй хөгжил, өөр юугаар ч юм гайхуулбал гайхуулаг ээ. Харин бид ховорхон заяах хүн чанараараа гайхуулах ёстой. Зөв сэтгэл зөөлөн дулаан бүхэн ээжээс, эх хүнээс л төрдөг болохоор ээжтэй орчлонд дуугаа дуулж, дундуураа гүйцээж дандаа л баярлаж бас баярлуулж яваарай. Нэхэл хатуутай орчлонд нэг л удаа олдох ээждээ өнөөдөр, яг одоо хайртай гэж хэлээрэй

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх