etoim.mn
photos/101gg.jpg

Зохиолч:Сэнгийн Эрдэнэ /АУЗ/

Түймэр

Урь унахтай зэрэг хөвчийн цас хайлж, ойн хөвд хатсан шилмүүс хагд өвсний үл мэдэгхэн үнэртэй уруйн шар ус хөндий тал руу садран бууж ирнэ. Их уснаа нийлэхийг тэмүүлсэн бяцхан горхи дов сондуул дундуур мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хүчээ хурааж нөгөө муу хаалтыг төдхөн зад цохиод дэвхрэн цовхрон одно. Хаврын шар усны өчүүхэн горхи урсах зүгтээ бол хэр баргийн саад боомтонд хаагдалгүй гол мөрөнд цутган ннйлнэ. Хүний амьдрал ч бас тийм бүлгээ. Тээр жилийн хавар нэгэн үдэш Баадай Бархас зуухныхаа аманд бярдан бууны сум цутгаж суулаа. Өнгөрсөн өвөл хөвчид ан гөрөө хийж хэдэн зуун хэрэм, арваад шилүүс авлаж, хоршооноос хоргой торго базаан авч, холын сайн дарханд мөнгөн тоног захисан бөгөөд хавар хээрийн нохой хэдийг нудрах санаатай буу зэвсгээ зэхэж байгаа нь энэ. Эхнэр Намжилмаа нь бараг л хүнээс ялгаагүй хоол иддэг зургаан тайга нохойгоо тэжээж орон гаран байснаа,

- Бархас аа! Түймэр! Түймэр гарч байна! гэж гаднаас хашгирав.

- Хаана? Юун түймэр?

- Зүүн уулын оройгоор улаа бутарч байна.

- Салхи хаанаас байна

- Хойноос...

- Аа тэгвэл яах вэ гэж Бархас ажиггүй өгүүлэв. Намжилмаа хар хүнээсээ «тэгвэл яах вэ» гэдэг үгийг бишгүй сонсож «Бидэнд л хамаагүй бол яавал яаг» гэдэг ийм зантай хүнийг түшиж явснаас хойш чимээгүй л өнгөрөөхөөс өөр аргагүй. Хэлмээр юмаа дотроо нууж яваа хүн байн байн санаа алдах болдог ажээ. Санаа алдахаар дотор нь багтарч байсан бөөн хар юм жаахан задарч тавигдах шиг болно. Хүнийг дандаа хардаж ажиж байдаг хүний дэргэд санаа алдана гэдэг бас явдалтай.

«Эм хүний оролцохгүй юм» гэдэг нь олон болохоор ингэж санаа алдаж явах тавилантай төрсөн юм шиг Намжилмаа одоо ч бас гүнээ сүүрс алдаж дуугүй боллоо. Зүүн уулын хяр дээр их түймрийн туяа нэвт харваж нөжин улаан судал татсан хөглөгөр хар утаа эвхрэн зангирах нь галав ертөнцийн үзэгдээгүй том араатан үхлийн шарх олж, улаан цусан дундаа хөрвөөн тийчигнэж байх шиг. Идүүрээ долоож байсан ноход гаслан шарваганалдав. Намжилмаа түймэр гарахыг бишгүй л үзсэн атлаа «Юу л болдог бол доо» гэж зүрх түгшин бодлоо. Ганц өнөөдөр ч биш ер ямархан ч юмнаас айж түгшин байвал ингэж бодох болжээ. Ийм болсноо ажиж мэдэх тусам ямар нэг муу юм зөгнөж байх шиг санагдана. Гэвч өөрт нь гүйцэд ойлгогдоогүй сэтгэлийн энэ түгшүүр эртний байжээ. Баадайн Бархас нас гуч гарсан мөртөө эхнэргүй байсан үед нутгийн дэл сул хүүхнүүд хаана хэдийд бууж мордсон хэнтэй юу гэж шалигласныг нь хүртэл сонин хачин болгож ярилцдаг байв. Нутгийн цуутай хархүүг дам дамаа шохоорхож хорвоо дэлхийн олдошгүй амьтан болгон ярилцах нь юм үзээгүй охидын эмнэг сониуч сэтгэлийг бас гижигдэнэ. Хувьсгалаас хойш хориодхон жил өнгөрч байсан тул баян хүн бардам омогтой, хол ойрын холбоо сүлбээгээрээ түрээ барьдаг зан арилаагүй байсан даг. Баадай гэгч хэдэн зуун үхэртэй нутгийн ганц баян. Тэгээд Бархас хэт давлиун хэрцгий зантай санж. Тэр нутгийнхан догшин хэрцгий хүн болгоноос айж дальдарч суудаггүй байсан биз. Харин Бархасыг басамжлах юм уу илэрхий муу хэлэх хүн бараг үгүй. Тэр үед холбоо сүлбээтэй хорон санаатай хүнээс далдуур их л болгоомжилдог байж. Бархас нэг талаар айхтар хэрсүү ухаантай, юмны ая зүйг олдог авхаалж самбаатай хурц хурдан үг яриа, цог жавхлангаараа гэнэн цагаан хүмүүсийг бишрүүлж муу ч сайн ч юм бүхний түрүүнд гарах дуртай хүн. Хувилгаан дүртэй цөөвөр чонын араншинтай тэр чонын араншингаа нуун дарж бусдад ажиг сэжиг огтхон ч авахуулахгүй явж нэг л цагт харанхуй булангаас харайн ирж багалзуурыг тас хазахад бэлэн байдаг билээ. Эцэг эхийн сургаал аваагүй тэнэг танхайчуул бороохой бариад дэвхэрч байхад тэрхүү чонын араншинтан ханцуй дотроо хутга бариад инээсээр ирэх жишээтэй. Бархас бол эр хүний ид хавыг нэг нь нөгөөгөө цусанд хутгасан хойно шалгаж болно гэж боддог байлаа гэхэд түүнээс наахнуур яваагий нь ид хав гэж ойлгож байсан гэнэн охидын нэг нь Намжилмаа байжээ. Нас дөнгөж хорь хүрч хол ойр, золтой золгүй хадамд гарч байгаа үеийн охидод битүүхэн атаархах боловч угаас бүрэг ичимтгий тул эрд гарч айлын бэр болно гэдэг нэг их сонин хачин ч юм уу эсвэл аймаар сүрдмээр ч юм шиг бодогддог санж. Тийм байтал Баадайн Бархас тэднийхээр бууж мордох нь олширчээ. Намжилмаа ч нууцгай өрсөлдөөнд амархан автагддаг эмс охидын зангаар дотроо битүүхэн баярлана. Ганц охиныхоо төлөө бурханд залбиран суудаг аав эжий хоёр нь тэдний хэрэгт оролцсонгүй юу болохыг хүлээж суулаа. Гурван жилийн өмнө өвлийн тэр нэг шөнө Намжилмаагийн сэтгэлд үхтэл салахгүйгээр шингэжээ. Урд өдөр нь танил хархүү ирж энэ шөнө сар гарахтай зэрэг үхрийн хашааны ард гараад байгаарай. Бид хэдүүлээ ирнэ. Айж ичээд яах вэ. Yнэнийг хэлэхэд манай энд чам шиг азтай хүүхэн байсангүй гэжээ. Намжилмаа ингэдэг л ёстой юм байхдаа гэж хэзээ нэг цагт зайлшгүй тохиолдох жамыг дагах дагахгүйгээ ч гэнэн багын алдаа, хожмын зовлон байх байхгүйг ч ухааралгүй хий балмагдан самгардсаар байтал шөнийн сарны цагаан туяа тооноор тусав. Байя гэхэд байж болохгүй, явъя гэхэд явж болохгүйн зовлонг зүүднээсээ бишдээ үзээгүй хөөрхий гэнэхэн амьтан дээл хувцсаа арайхийн өмсөж хамаг бие салганан чичирсээр болзсон газар нь хүрч ирэв. Yхрийн хашааны ард цан хүүрэг болсон морьд цас хяхтнуулан, сүүдэрт суугаа хэдэн хүний тамхины гал улалзан байв. Намжилмааг хулгасаар хүрч ирэхэд Баадайн Бархас юу юугүй тэвэрч аваад баахан ичиж зовмоор энхрийлэн сахалтай хошуугаар үнсэн таалж гоё эмээлтэй жороо морь унуулаад сартай шөнийн мэлийсэн цагаан тал дундуур давхилдан одов. Замдаа нэг айлд буусан нь хэдэн танил хүүхнүүд засал хийж гэзгий нь хоёр салаа болгон эхнэр дээл өмсгөхөд тэссэнгүй эхэр татан уйлж гарахад хүүхнүүд «Хүний эхнэр болж байгаа хүн ингэдэггүй юм. Буруу харж уйлаад зөв харж инээгээрэй» гэж хадамд очоод яах ёстойг нь заан сургажээ. Намжилмаа ийнхүү Баадайн Бархасын эхнэр болж өвлийн тэр шөнө дэр нийлүүлэн жаргал зовлонгийн алийг мэдэхгүй гайхан хэвтсэн билээ. Намжилмаа гаслан шарваганалдах тайган нохдын идүүрт мах шөл нэмж хийгээд гэртээ ороход хар хүн зэс шанага дотор тугалга хайлж суув. Нэг удаа өөр хүнтэй хардаж «долоон нүхэнд чинь хайлсан тугалга цутгаж ална» гэж зүхэж байсан нь Намжилмаагийн санаанд гэнэт оров.

- Аймаар их түймэр гарч шүү яадаг билээ? гэхэд

- Гардаггүй түймэр гарч шатдаггүй ой шатаж байгаа биш дээ гэв.

- Түймэр унтраах гэж амьтан хүн зүдрэх байлгүй

- Аа унтраадаг нь унтраана биз. Муусайн чоно дүрвэж талд гарна. Хэдийг нударч авъя байз гэхэд «дан л ална нударна» гэх юм гэж дотроо дургүйцэвч,

- Өвгөөн ямар хоол хийх вэ гэхэд

- Дуртайгаараа бантангаа л хийхгүй юу даа гээд эхнэр өөдөө хяламхийн харснаа,

- Чи нэг л бүдүүрээд байх чинь. Таргалаад тэр үү аль... гэхэд

- Гурван жил зүгээр байсан юм чинь таргалаад бүдүүрээ биз гэж Намжилмаа уурсан өгүүлэхэд Бархас инээж,

- Эм хүн ч таргалах муу биш дээ гэж шалиглав.

Маргааш өглөө нь болоход уул талыг түймрийн хөх утаа битүү бүрхэж шатсан ой модны хиншүү хяр хамар цоргин байлаа. Хаврын хавсарганд гарсан хөвчийн түймэр яах ийхийн зуургүй газар авч тал хөндийн хагданд бууж ирвэл нь хүн мал зугтааж зайлахаас өөр аргагүй. Бугын жимээс өөр нэвтрэх газаргүй гүн ой, нэг зуун жилийн хөвд хүлэр, давирхайндаа нэвчсэн мод ёроолын хур хагданд авалцан нэг өндрийн оройгоос нөгөө өндрийн оройг дөлөн улаан хэлээр долоож хадны хагийг хүртэл хуу хуйхална. Гал ихдэхээр салхи улам ширүүсэн нэг нуруунаас нөгөө нуруунд дамжуулан шатна. Хөвчийн зузаан хөвдөнд гарсан гал зуны бороонд л сая нэг унтардаг ажээ.

Бархас түймрээс дүрвэсэн чоно намнаж хөндий талыг хэрэн хэсэн явахад бүстэй бүсгүй олон хүн түймэр унтраахаар ундуй сундуй явцгааж байлаа. Гэтэл хаврын хар салхинд хөөгдсөн түймэр тэр шөнөдөө сүйд хийж хэдэн айлын гэр бараа, хашаа хороо, хонь. малыг хар нүүрс болгожээ. Хоёр гурван хоногийн дотор хавь орчмын хэдэн их уул түймэрт автагдав. Сумын захиргаанаас бүх багт зар тарж өрх тутмаас нэг хүн хагас сарын хоол хүнстэйгээр дайчлан мордууллаа.

Бархас багийн даргын тушаалыг нэг их ойшоосонгүй «Түймэр гарсан биш хэдэн чоно алаад байна. Чоно гэдэг чинь хазах шүдтэй залгих хоолойтой түймрээс илүү дайсан» гэж сурталдав. Багийн дарга Намжилмаатай гадаа уулзаад, «өвгөд настан хүртэл явж байхад та хоёр ингээд хоцрох нь уу? Намжилмаа чи ёстой гүзээнд наалдсан дэлүү болоо шив дээ» гэж гамгүй хэлээд морджээ. Намжилмаа нулимсаа арайхийн барьж гэртээ ороод,

Чамайг явахгүй юм бол би явж болохгүй юм уу? гэхэд Хээр гарч харцуулын өвөрт унтах дуртай эмс явдаг байх. Чи явна гээд байвал явахгүй юу даа гэж дамшиглав. Маргаан зөрөөн дээр хар муйхар зангаа үзүүлж бах ханадаг Бархас зургаан тайган нохойгоо дагуулаад чоно намнахаар арилж өглөө. Намжилмаа хүн зонд нүдлүүлж хараал идэж явахад хүрлээ гэж гомдовч ийм догшин дориун хүнд элэг бариулсаар одоо болсон хойно яах ёстойгоо үл мэднэ. Бодоод байвал Бархасын эхнэр болоод жаргал эдэлсэн юм огт үгүй, харин ч үеийнхээ хүүхнүүдээс хоцорч хохирсон нь илэрхий. Ер нь ч эмэгтэйчүүдийн байдал их өөр болж бичиг үсэг суралцах алс газар сургууль соёлд явахаас аваад төр улсын хэрэгт оролцох болсон нь бахдалтай. Наад зах нь нутгийн залуу хүүхнүүд багийн улаан гэрт цугларч «зээ хөө соёл эрдэнийн соёмбо үсэг солонгорсон сүртэй чиг улаан туг намилзанхан манданаа хө хө» гэж дуулцгаах нь хүртэл эрийн боол гэрийн зарц биш гэдгээ ойлгосон бүсгүйчүүдийн шинэ соёлын тэмдэг. Гэтэл Намжилмаа энэ бүхэнд оролцох завшаангүй. Баг, сумын наадам юм уу найранд хоргой торго өмсөж, алт сувд зүүж, наймангийн баавартай эмээл тохож явахаас өөр цэнгэлгүй. Сүү цагаа болсон урд хормойгоо шавхай дээгүүр чирч ,гучаад үнээ ганцаараа саагаад өглөөнөөс үдэш хүртэл архи нэрэн, ааруул ээзгий хийж, арц утаж бэлдэх, гутал хувцас оёх зэрэг гэрийн ажил хийх би барлаг зарцаас ялгаагүй. Энэ бүхнийг бодож өөрийн байдлыг бусдынхтай жишиж үзэхэд хамгийн золгүй, эрх мэдэлгүй амьтан болж хувирна. Намжилмаа энэ тухай бодон бодсоор анх удаа зориглон яавал яаг гэж шийдээд жаал зугаа хоол хүнс төхөөрөн мордож түймрийн хөх утаан дунд бүрэлзэн байгаа алсын уулсын зүг явлаа. Мөнх, Намжилмаа хоёр түүдэг галын дэргэд эмээлээ дэрлээд хэвтэж байлаа. Нэг гал болж буусан бусад хүмүүс цөм ундуй сундуй унтацгаажээ. Эд нар нэг их модтой ард гарсан түймэр дарах гэж хоёр хоног хоол нойргүй үзэлцсэн боловч хяр давуулж алдаад морь биеэ амраахаас өөр аргагүй болсон нь энэ. Ядарч туйлдсан хүмүүсийн хурхирах, салхинд мод хавиралдах, морьд өвс зулгаан тургилах, түүдгийн цучил пис пис хийх чимээ сонсдоно. Намжилмаа Мөнхийн ясархаг туранхай гарыг хөхөн дээрээ барьж хэвтэхдээ зүрхнийхээ булиглан цохилохыг мэдүүлж хүн болсоор үзээгүй ийм түгшүүртэй атлаа баясгалант шөнө түймрийн утаа үнэртсэн хээрийн салхинд жаргал цэнгэлийн дээдийг амсан байх шиг санагдана. - Мөнхөө чиний нойр хүрэхгүй байна уу?

- Yгүй - Бархас биднийг лав дуулсан байх даа. Хүрээд ирвэл яанаа?

- Одоо яая гэхэв. Yнэнээ л хэлэхээс ! - Яаж ч мэдэх хүн шүү.

- Яав гэж дээ. Хүнийг айлгаж дарлаж сурсан хүнээс айгаад байх тусам гаардаг юм. Ер нь хүн хүнээсээ айж, зовохгүй зовлонгоо эдэлж явдаг цаг өнгөрсөн юм биш үү.

Хүүхний зүрх бумбагар дулаахан мээмэн дороос нудран булиглахыг мэдэрч хэвтэхэд «энэ ижилгүй сайхан амьтантай заяагаа холбохын төлөө нэгийгээ үзээд үхсэн ч яах вэ» гэж бодогдоно. Ойрхон идшилж байсан морьд ямар нэг юмнаас үргэж хухиралдав. «Хүн ирэв биш үү» гэж бодогдон Намжилмаагийн хамаг бие зарсхийв. Гэвч дахин анир чимээ гарсангүй. Мөнх хүүхнийг ямар ч аюул ослоос хамгаалж болмоор тайван байна. Ийм эрэмгий хатуувтар зан суусан нь хэзээнийх билээ дээ. Дөрвөн жилийн өмнө цэрэгт дайчлагдан Байшинтын хороонд очин цэргийн хатуу дүрэм журамд нухлагдан олон газраас ирсэн янз янзын хүмүүсийг үзэж хүний ааш араншин цаг төрийн аясыг дагаж хувирдгийг ойлгож хуурай хичнээн хатуу боловч өөрөөсөө хатуу төмрийг дийлдэггүй юм гэж бодох болжээ. Нэгэн үүрний шоргоолж хүртэл бие биенээ барьж иддэгийг гайхаж явсан гэнэн залуу нас өнгөрч ухаан суугаад ирэхээр хожмын амьдрал алсын зорилго гэдэг ертөнц шиг том юм тулгардаг нь хууль.

Юун боловч цэргийн хугацаа дуусахыг хүлээн байтал өнгөрсөн цагаан сарын эхээр бам өвчин тусаж эмнэлэгт хэвтэж байхад аав нь очиж хэдэн сарын чөлөө гуйж аваад гарсан билээ. Өвс дэвссэн тэргэн дээр чоно даханд манцуйлуулж, хавагнан уйтарсан хоолойгоо хяхтнуулан, нийлэх шахсан зовхиныхоо завсраар зурвасхан хөх тэнгэрийг харж явахдаа хөдөө хээр үхэж хөөрхий муу аавыгаа тамлахгүй юмсан гэхээс биш, ингэж уулын хярд гараад ийм хярвас үнэртсэн шөнө, ийм уяхан зүрх ний лугшилтыг мэдэрч хэвтэх юм гэж ухаан зүүдэндээ оруулсангүй. Хамаг бие нь хавагнан нөжирч үхсэн амьдын хооронд болсон хүүдээ аав эжий хоёр нь модны шилмүүс, нохойн хошуу хандлан уулгасаар хөл дээр нь босгожээ. Тийм байтал энэ түймэр гарав. Түймэрт явмаар санагдаад сууж болсонгүй. Аав эжий хоёр нь гүйцэд тэгшрээгүй биеэ ална гэж хоригловч хэвтсээр байгаад бохир хөшсөн үе мөчөө тэнийлгэж хээрийн салхинд олны дуулианд явж хийморио сэргээе гэсээр байгаад гарсан хэрэг. «Би ч ёстой заяаныхаа дуудлагаар гарч ирсэн дээ» гэж бодоод

- Намжилмаа чи Бархас хүрээд ирвэл харих уу? гэж асуув.

- Харин ээ. Харь л гэх байх даа.

- Аль болох сайнаар нь болгохыг бодъё

- Гэртээ харьснаас ингээд л ууланд явж баймаар санагдах юм.

- Тэгвэл хоёулаа үүрээр яваад өгье

- Харин ээ. Энэ хүн амьтан юу гэх бол оо?

-Намжилмаа минь чи ёс алдахаас айж байна. Хар хүнээ хаяад хээр хөдөөгүүр өөр хүнтэй нийлээд явчих гэдэг бузар явдал гэх хүн мундахгүй биз. Эм хүний ёс гэж хориглох цээрлэх юм чухам юу эс байлаа даа. Алдахгүй гэсээр хичнээн олон бүсгүйчүүд зовлон эдэлсэн гэхэв. Хүний л ёс гэж байхаас биш эр хүн тэгэх ёстой, эм хүн тэгэх ёстой гэж ялгаад байх юм үгүй болжээ.

- Хүний хэл амнаас л айх юм гээд Намжилмаа санаа алдав.

Ингээд хоёул нэг хэсэг дуугүй хэвтэцгээлээ. Мөнх нүдээ аньж хагас дутуу зүүрмэглэв.

- Мөнхөө! Мөнхөө! Галуу ганганаад байна.

- Аа галуу гээд Мөнх дорхноо сэргэв. Түймрийн утаа хахсан шөнийн тэнгэрт галуу ганганалдах нь бүдэгхэн сонсогдоно.

- Намжилмаа удахгүй үүр цайх нь. Би морьдоо эмээллэх үү? гэхэд үүр шөнөөр нэг тийшээ яаран нисэх галуун дууг сонсоод тэдэн шиг ингээд л арилж өгөх юмсан» гэж бодож хэвтсэн Намжилмаа

- Бархас бидний хойноос нэхэж очих байх даа гэжээ... .

Мөнх, Намжилмаа хоёр хяр дамжсаар хоноглосон газраас нэлээд холдсон хойно уулын оройд нар тусав. Нар тусангуут шөнийн чийгт нам газар огшсон утаа алгуурхан хөөрч эхлэв. Мөнх, Намжилмаа хоёр зэлүүд буйд уулын хярд өглөөний улаан нартай гурвуул чөлөө жаргалтай явна гэхээс өөр юм тэрхэн зуур бодохгүй болсон байлаа. Ингээд чухам яах ёстойгоо, хүн амьтан муучлан хэлэлцвэл биесээ яаж зөвтгөхөө, эх эцэгтээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, зуугаад алхмын зайтай байгаа ширэнгэ дотор чулуун зүрхтэй аймшигт эр хилэнгийн цус гүйсэн нүдээр харж, гөрөөсний цох алдалгүй онодог мэргэн буучийн чадлаар шившсэн сумаа үсэргэхээр зэхэж азарган цагаан шүдээ хавиран отож байж болох юм гэдгийг ч мартжээ. . .

Өглөөний улаан нар «би л энэ дэлхийг гийгүүлж байвал та хоёрт өөр юу ч хэрэггүй» гэж хэллээ гэхэд «Нар минь нар минь та л байвал бид хоёрт юу ч хэрэггүй гэж хэлэхээр байлаа. Намжилмаа харанхуй хар нүхэн дотроос ийм өндөр газарт, энэ нарны гэрэлд гаргаж авчирсан буянт хүн нь чамархайныхаа судас гүрийлгэж хянган хамрынхаа самсааг үл мэдэг сарталзуулан их л эмгэг зовуурьтайгаар амьсгаадах боловч нүдний нь харц хачин сэргэлэн, инээх ярих нь цовоо цолгионд дотор бие солонгорон туяарах мэт болж янаг ялдам аашаараа баясуулан хайрлаж явлаа. Ажлын муу хувцас омголтож шалбарсан уруул, утааны үнэртэй үс гэзэг аль бүхнээсээ санаа зоволтгүй янаг дурлалын охинд согтууран мэлмэрч явлаа. Мөнх Намжилмааг хайрын дөлгөөн харцаар ширтэж

- Чи минь ямар сайхан нүдтэй юм бэ? гэж гайхах бахархах зэрэгцэн өгүүлэв.

- Тийм гэж үү? Жаргалдаа болоод л юу юм гэхээс биш юу нь сайхан аж даа.

- Би чинийхээ нүдийг ийм сайхан болгох жаргал авчирсан бол ч бурхан болжээ.

- Тиймээ Мөнхөө минь. Чи миний бурхан...

Нар дээшлэх тусам утаа шингэрэн хөөрсөөр эдний явж байгаа уулан дээрээс түймрийн цурманд шинэ ногоо соёолсон цэл ногоон хөндий харагдав.

- Хараач! Ямар сайхан ногоо ургаа вэ? гэж Намжилмаа хүүхэд адил баясан өгүүлэхэд Мөнх тэр жаргалант ногоон хөндийг харж,

- Галд хуйхлагдсан газраас хог өвсгүй шинэхэн ургамал ургадаг нь сайхан юм даа гэж бодлогошрон хэлжээ.

Бархас үүрээр нутгийнхныхаа буудалласан газар хүрч ирэв. Уур хилэнгээ багтааж ядан, зүс царай хүн харахын аргагүй болжээ. Нэр төр, аж амьдрал бүх юмаа доромжлуулан дэвсүүлсэн гэж бодоход галзуурмаар байв. Бусдад муугаа үзүүлж зориг золбоо шантарсан юм уу бачимдан балмагдсан янз яасан ч үзүүлэхгүй, хэрэв тэгвэл адгийн муу юмнуудын элэг доог болж эр чадал эрх ямбаа алдана. Харин завхай зайдан, чивэлт муу эмийг өт хорхойн чинээ бодолгүй хаяж орхих чадалтайгаа харуулна. Гэтэл Баадайн Бархас эхнэртээ хаягджээ гэж хотлоороо шуугилдах болно гэхээс ой тайга цууриатан хашгирч хараан зүхмээр. Юунаас ч буцаж няцахгүй хүн болохоо үзүүлж хор өшөөгөө авахаас өөр замгүй. Энэ насанд үзэгдээгүй муухайгаар доромжилж гутаасан бузар булай амьтныг ой ширэнгэд отож байгаад цусаар будаж орхиё. Наана нь л муугаа үзүүлж болохгүй гэж шүдээ зуусаар ирлээ. Хүрч ирэхэд нь нутгийн хэдэн харцуул мордохоор зэхэж байлаа.

- За өвгөд минь. Түймэр сайн унтрааж байна уу! гэж аль болох хэнэггүй асуусанд,

- Чамгүйгээр ч унтраахгүй түймэр байнаа гэж нэг нь ёжлон егүүлэв. Бархас биеэ арай ядан барьж,

- Манай эхнэр унтраалцаж яваагаас хойш би яах вэ. Энэ араар чоно харж явснаа амар мэндий нь мэдэх санаатай ирлээ гэхэд

- Амар мэнд яваа санаа зоволтгүй гэв. Нөгөө нэг нь

- Энэ шөнө бидэнтэй хамт л буусан юмсан.Өөр газар очиж түймэр унтраахаар явсан юм болов уу даа гээд дооглосон маягтай инээлдэв. Бархас эднийг ингэнэ гэж ер санасангүй. Урьд нь ингэж шоолох байтугай үг зөрөхөөсөө төвөгшөөдөг байсан улс юу болсныг бүү мэд. Хүний эрхэнд орсон номхон дорой бүсгүйн санаанд оршгүй шийдэмгий явдал эдний санаа бодлыг өөрчилсөн гэдгийг Бархас тэрхэн зуур ойлгосонгүй. Арслангийн дүрээр айлган сүрдүүлж явдаг хүн, цаг ирэхэд ганцаардан дарагдаж бачимдан цухалдсаар багтран ойчдогийг мэдсэнгүй.

Бархас «эд нар цөмөөрөө хуйвалдсан байна шүү. Та нарыг дарж номхотгох арга олноо гайгүй» гэж дотроо зүхэн зүхсээр мордож чухам хаашаа явах, яахыгаа ухааралгүй зугтаах мэт уулнаас давхин буув. Бэлд ороод шатсан газраар явж байтал хойноос нь тав зургаан залуучууд гүйцэж ирээд нэг нь

- Бархас чи хаачих нь вэ? Биднээс юунд зугтаав? гэхэд морио огцом татаж,

- Та нар яах гээв? Чоно агнаж явна гэж хэлээгүй юү гэж тэсвэр нэгэнт алдан хашгирлаа.

- Бархас аа чи наадах буугаа бидэнд өгөхгүй юу? гэхэд

- Та нар яах гээд байна. Намайг алуурчин дээрэмчин гээ юү гэхэд,

- Чи ч уурын мунхгаар хүн алж мэдэх хүн шүү дээ. Мөнх, Намжилмаа хоёр салахаасаа өнгөрсөн. Наадах буугаа орхиод юу болсныг жаахан бод. Тэгээд гэртээ харь. Чиний чоно хөөж зугаацаж явахад бид түймэр унтраах гэж ядарч зүдэрч явна. Гай тарилгүй явж үз. Ертөнц уужим хойно чамд тохирох хань олдох юм байгаа биз гэх зэргээр тал талаас нь тулган шаардаж гарлаа. Бархас уурласандаа үг хэлгүй муухай орилоод морио толгой түрүүгүй нүдэж ой руу давхив. Битүү ой ширэнгэ дүндуур зүг чиггүй нэвтрэн цагаан газар гарч ирээд тэртээ талын уулнаас бууж яваа хоёр морьтонг харангуутаа Мөнх ,Намжилмаа хоёр мөн болохыг таньж ойн захын боролжинд орж нуугдав. Уулнаас нам руу бууж яваа Мөнх, Намжилмаа хоёр ажиг сэжиг авсангүй. Бархас морио модонд оруулж уяад буугаа сумлаж боролжин дунд отон хүлээв. Хуучин балархай зам эндээс гучаадхан алхмын зайтай ажээ. Одоо Бархасын толгойд ЮУ ч орж ирэхгүй дүнсгэр хоосон болсон байлаа. Мөнх Намжилмаа хоёр замд орж яаралгүй галгиулсаар ойртон ирлээ. Намжилмаа цовоо ЦОЙЛГОН дуугаар ой мод цууриатуулж баясан инээхэд Бархас «аа муухай эм инээж явна уу чи» гэж зүхээд шүдээ тас зуун буугаа мөрлөж зэхэв. Мөчийн дараа цус асгаруулан унаж болохоо мэдэхгүй дурлалт хоёрын баясал жаргалын царай илхэн харагдах боллоо. Бархас эхнэрийнхээ хөхний хооронд шагайж, чичрэхгүй гараар гох дарахад бэлэн болжээ. Гэтэл Мөнхийн туранхай гар Намжилмаагийн хөхийг илбэж байлаа. Намжилмаа Мөнхийн мөрийг түшиж нар өөд харан нүдээ аниад таашаан эрхэлж байна. Намжилмаа гайхалтай өөр болчихжээ. Урд үзэгдээгүй янаг ялдамхан аальтай уян налархай биетэй эрх танхил, цог жавхлантай болжээ. Амьдрал, дурлал, тэнгэр, нар, ой мод, өвс ногоо цөмийг чимэглэн баясуулах чадалтай бумбагар цагаан мээмийг нь цусаар будсан хүн хүн биш араатан. Энэ гоо сайхан мээмэнд хүрэх байтугай харах эрх байхгүй болсон Бархасын бууны онгорхой хар ам салгалсаар доошлов. Намжилмаа амьдрал, дурлал, ой мод, өвс ногоо, жигүүртэн, шувуу цох хорхой цөмийг баясуулан инээлээ.

Гүүгэлийн Соёлгэрэл-н зураг.     159Enhtuya Wolooj болон өөр 158 хүн   19 сэтгэгдэл Таалагдлаа Сэтгэгдэл Сэтгэгдлүүд  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх