etoim.mn
photos/7c3e81efa82667c585e83501373c88be.jpg

Харри Поттер”-ийг бичсэн Английн зохиолч эмэгтэй Жоан К. Роулин.

Тэрбээр 1965 онд Англид төржээ. Ажлаасаа халагдаж, нөхрөөсөө салсан бүсгүй нялх хүүхэдтэйгээ хоёулахнаа засгийн газрын халамжийн мөнгөөр ядмагхан амь зууж байлаа. Гэтэл тэр гучин хоёр нас хүрсэн жилээ Харри Поттерийг хэвлүүлэн гаргаж, дэлхийн хэмжээний зохиолч болохоо харуулж, тэр даруй саятан болов. Бичсэнээ хувилуулах мөнгө байгаагүйгээс эх хувиа дахин бичгийн машинаар цохиж суусан тэрээр уйтгарт амьдралынхаа дунд ч хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн Харри Поттерийг төрүүлсэн байна.

Шүүрээ унаж ид шидийн сургуульдаа явдаг Харри Поттерийг мэдэхгүй хүн бий бил үү? 

 Харри Поттер цувралаараа бүх дэлхийн хүмүүсийн хайрыг хүртэж чадсан Жоан К Роулин. Түүний хориод нас нэг үгээр хэлэхэд харанхуй ангал мэт байв. Дээд сургуулиа төгсөөд албан газрын нарийн бичгээр ажилласан боловч тэр дороо л халагджээ. Ингээд Португалид очиж, англи хэлний дамжаанд багшилж байхдаа нэгэн залуутай танилцаж улмаар гэрлэсэн боловч, гурван жил бололгүй салж сарнихад хүрэв. Тэрбээр ганц чемоданаа бариад, нялх жаахан охиноо тэврэн Англи руу буцахаас өөр замгүй болсон байна. Засгийн газраас олгох тэтгэлгийн мөнгөөр амь зууж байхдаа мөнгөтэй болохоос өмнө охин маань том болчих вий гэж санаа зовон шаналж байлаа.

Ядуу бас нөхрөөсөө салсан тэр эмэгтэйг баян болоход хүргэсэн гол хүчин зүйл нь юу байв?

Нэгдүгээрт, гуч хүрсэн тэрээр өөрийнх нь жинхэнэ хүссэн ажил бол зохиол бичих гэдэг үнэнийг ухаарсан явдал юм. Тэгээд ч ойролцоох цайны газрын булангийн ширээ бараадан сууж зохиол бичиж эхэлжээ. Яагаад гэвэл түүний гэрт бичиж суух боломжтой зай ч байсангүй. Түүгээр ч барахгүй хаа ч элбэг харагддаг компьютер байгаагүй учраас бичгийн машин цохиход хүрэв. Түүний гайхамшигт төсөөлөн бодох чадвар нь түүний бодит амьдралыг орвонгоор нь эргүүлэв. Тэр албан газарт нарийн бичгээр ажиллаж байхдаа ч, дамжаанд багшилж байхдаа ч өөрт нь таарч тохироогүй тэр ажлаас баяр хөөрийг мэдэрч чадсангүй. Түүн дээрээ нэмээд нөхрөөсөө салж ядуурлын туйлд хүрч амьдрал ахуй нь улам дордов. Гэлээ ч өөрийнх нь төлөөх амьдрал бий гэдэгт итгэж, бүрхэг харанхуй бодит байдлынхаа өмнө огтхон ч уруу дорой царайлсангүй.

Энэ нь л түүний жинхэнэ амьдралтайгаа золгож чадсан нууц байлаа.

Тэр байнгын аз жаргалтай төсөөллөөр бодит байдлынхаа хатуу зовлонг мартаж байв. Төсөөлөл дотор нь сайхан зохиол бичиж суугаа өөрийнх нь дүр төрх харагдаж, бас хажуугаар нь шүүрээ унан цэнхэр тэнгэрт нисэх ид шидийн хүү ч байлаа. Төсөөлөн бодох бодлоороо бодит амьдралынхаа зовлон гунигаас чөлөөлөгдсөн тэр зав гарах бүртээ төсөөлсөн бүхнээ цаасан дээр буулгаж байв. Ингэж Харри Поттерийн цуврал бичигджээ. Мэдээж бичиж дууссан зохиол нь тийм ч амархан хэвлэгдчихсэнгүй.

Бичсэн эх бичмэлээ хувилуулах мөнгө байгаагүйгээс дахин нэг хуулж бичив.

Ингээд Блүмсберри гэх хэвлэлийн газраас сонирхон үзсэн тул багахан мөнгөөр хэвлүүлэхээр тохирчээ. Ном хэвлэгдэн гармагцаа амнаас ам дамжин бүх дэлхийг гайхан бишрүүлж эхлэв. Түүний гайхамшигт төсөөлөн бодох чадвараар амь орсон Харри Поттерийг хүүхдүүд сэтгэл догдлон халуунаар угтан авлаа. Эмэгтэйн гайхамшигт чадварыг өндөрөөр үнэлсэн Америкийн Воно Брадос кино компани Харри Поттерийн цувралаар кино хийж байгаа билээ. Амьдрал Жоан К.Роулинд эд баялаг, хайр, алдар нэрийг бэлэглэв. Тэрээр сматиз шагнал, алтан медаль хүртэв. Английн Энэ оны хүүхдийн ном гэдэг шалгаруулалтанд дөрвөн жил дараалан шалгарч, Америкийн номын сангуудын холбооны шилдэг номоор гурван жил дараалан сонгогдон шалгарсан байна. Бас ОНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛЧ” шагналын эзэн болов.

Тэрбээр хүнд хэцүү амьдралын нугачаанд бэдэрч байхдаа ч орчин нөхцлөө буруутгалгүй, гэрэл гэгээтэй бодол оюунаар дүүрэн байсан нь жинхэнэ амьдралаа эрж олох боломжийг бүрдүүлжээ.

Үүний нэгэн адил бодит нөхцөл байдал хэцүү байсан ч ирээдүйг зорьсон унтаршгүй хүсэл мөрөөдөл байх л юм бол зовлон шаналалын дундаас ч инээмсэглэж чадах бөгөөд ирээдүйг өөрчлөх хүч чадлын ундаргыг олох болно.

Тиймээс та ч гэсэн нүдээ аниад хүсэл мөрөөдлийн хязгааргүй орон зайд аялаж, сайн сайхныг төсөөлөөд үзээрэй. Энэ л агшинд та аз жаргалыг мэдэрч, хүсэл бодлын ертөнцөд боломжгүй зүйл нэгээхэн ч үгүй юмаа гэх вий. Та мөрөөдөл дотроо юу ч болж, бас юуг ч бүтээж чадна. Хүсэл мөрөөдөл чинь таныг бодит байдлаас тань салгаж, гайхамшгийн ертөнц рүү хөтлөнө. Эрх чөлөөтэйгээр мөрөөдлийн харгуйд жигүүрээ дэлгэн элин халь, ер бусын сайхныг мэдрэх болно. Нүдээ нээгээд та мөрөөдөн бодсон бүхнээ бодит амьдрал болгохын тулд хичээж зүтгэх хэрэгтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх