etoim.mn
photos/233738-07122018-1544178316-116442692-Fotolia_91767894_Subscription_L_w-1.jpg

БНХАУ оюуны өмчийн хулгайд холбогдсон компаниудад зээл олгохоос татгалзаж төрөөс санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэхээ зогсоож шийтгэхээ мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь БНХАУ, АНУ-ын худалдааны зөрчлийг арилгахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

Ши Жиньпин бямба гарагт Аргентинд болсон G20-ийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа оюуны өмчийн хулгайтай холбоотой асуудалд арга хэмжээ авахаа амласнаас хэдхэн хоногийн дараа энэхүү мэдээ гарч байна. АНУ-ын тодорхой хэд хэдэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор Хятадын талд оноох тарифаа 90 хоногийн хугацаатай зогсоосноо Цагаан ордон мэдэгдсэн юм.

Шинэ журам энэ сараас үйлчилж эхэлнэ. Улсын Хөгжил, Шинэчлэлийн Хорооноос мягмар гарагт гаргасан, арваннэгдүгээр сарын 21-ний огноотой баримт бичигт БНХАУ-ын Төв банк, дээд шүүх зэрэг засгийн газрын байгууллагууд гарын үсэг зуржээ.

Хятад улс “оюуны өмчийн хулгайг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнгээ өгөх аваас тун ач холбогдолтой хэрэг болно” хэмээн Вашингтон дахь Стратеги, Олон Улсын Судалгааны Төвийн шинжээч Скотт Кэннеди үзэж байна. “Уг асуудлаар бид Хятадуудтай олон удаа хэлэлцсэн. Оюуны өмчийн хулгайд компаниуд ч ноцтой ханддаг боллоо. Гэсэн хэдий ч хулгай улам ихэссээр өдий хүрлээ” хэмээн шинжээч өгүүлэв.

Хятадад оюуны өмч, технологийн хулгай төрийн дэмжлэгтэй өрнөсөөр байна хэмээн буруутгасан АНУ-ын зэмлэлийг бодит байдлыг харгалзаж үзээгүй, худал цуурхалд тулгуурласан шүүмж хэмээн Бээжин өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн юм.

Хятадын оюуны өмч, технологи шилжүүлэх бодлого АНУ-ын компаниудад олон тэрбум ам.долларын хохирол учруулж байна гэсэн дүгнэлтийг Худалдааны хуулийн 301 дүгээр зүйлийн дагуу өрнүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн оффис гаргасан юм. Уг дүгнэлтийн дагуу Трампын засаг захиргаа БНХАУ-аас АНУ-д оруулдаг импортын бараа бүтээгдэхүүнд долдугаар сараас тариф тогтоож эхэлжээ.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар сарын өмнө гаргасан мэдэгдэлдээ Хятадыг оюуны өмчийн шударга бус бодлогоо үргэлжлүүлсээр байна хэмээн зэмлэв. Бээжингээс АНУ-ын компаниудыг хараалсан төрийн дэмжлэгтэй кибер халдлага эрчимжсэн төдийгүй халдлагын арга техник улам нарийссаныг төлөөлөгчийн газар анхааруулсан юм.

БНХАУ оюуны өмчийн эрх зөрчигсдийг бонд гаргах зэрэг санхүүгийн хэрэглүүр ашиглах эрхгүй болгож, Засгийн газарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэхийг нь хориглоно хэмээн сануулж байна. Мөн Засгийн газраас санхүүгийн тусламж дэмжлэг авах, гадаад худалдаа хийх, шинээр компани бүртгүүлэхийг ч хориглож газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах худалдаанд оролцуулахгүй байж болзошгүй.

Санхүүгийн байгууллагаас компаниудад валютын зээл тусламж олгохдоо оюуны өмчийн эрх зөрчигсдийн хар жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгаж байх юм. Зөрчигсдийн нэрсийг засгийн газрын цахим хуудаст байршуулна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх