etoim.mn
photos/787878.jpg

Дарьганга нь эрт дээр үеэс шилийн сайн эрсийн хөл нутаг байжээ. Харин энэ үг хазгай дуудагдсаар байгаад “сайран хөлтийн нутаг ” гэгдэх болсон юм даг уу ? “Сүхбаатарынх” гэхлээр “өө сайран хөлтийнхөн” гэдэг үг эдүгээ ч мартагдаагүй аман яриан дунд явсаар байна. Ард олныхоо сэтгэл, домог түүхэнд Дарьганга нутаг минь шилийн сайн эрсийн нутаг хэмээн мөнхөрч дуурснам. Ер нь “сайн эр” гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Сайн эр гэдэг нь нэг талаар баян, ноёд, манж, хятад худалдаачдын мал эд хөрөнгийг өөрийн арга ухаан эр биеийн бяр хүчээр булаан авч ядуу зүдүү олондоо тараан өгдөг буянтныг хэлнэ. Нөгөө талаар харь гүрний дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэж эх нутгаа хамгаалж явсан баатарлаг үйлстэн юм аа. Тиймээс тэдгээр хүмүүсийг нутгийн ард олон “шилийн сайн эр” хэмээн нэрлэж, амьдрал түүхийг нь бахархан дурсаж домог болгон ярьсаар иржээ. Харин харийн дарлагч мөлжигчид тэднийг “шилийн муу хулгайч” гэж занан зүхдэг байжээ. Нутгийн ард түмэн сайн эрийг эрхэмлэн хүндэлж элэгсэг дотноор дэмжиж тусалдаг төдийгүй түүнтэй холбоотой сайн сайхан үйл явдлыг магтан шүлэглэсэн дуу, баатар зориг, эр чадал, авъяас билгийн тухай домог түүхийг ам дамжин ярисаар домог түүх болон үлдээжээ. Тэрхүү аман яриа нь өнөө бидний үед уламжлагдан ирж нэгэнт түүх болсон байна.  Хошуу нутгийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд Дарьганга нутагт аж төрж байжээ. Тухайлбал Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Орлойн Шар, Орлойн хөх Доодоо, Хангай Базар, Хавчиг Сайрай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор Чоно, Исгэрдэг Дамба, Цоохор Осор, Элбэг Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ.  Шилийн сайн эрсийн талаар эрт дээр цагаас эрдэмтэн судлаачид ном зохиолдоо бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. 1927 онд Дарьганга нутгийн түүх соёлын талаар судалгаа хийж явсан Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич Дарьгангын сайн эрсийн тухай өгүүлэхдээ “сайн эрсийн чадлаа гаргах заншил мөн бөгөөд хөрөнгөлөг хасгуудын эрчүүд нь харь газраас довтлон мал хөөхтэй яг адилхан” гэж тэмдэглэсэн байна. Академч А.Лувсандэндэв гуай Дарьгангын шилийн сайн эрсийн тэмцлийн эх үндэс онцлогийн талаар дурьдахдаа “Хятад худалдаачдын мөлжлөг, тэдэнд тавьсан хошууны өр, Дарьгангын ард түмэнд хүнд дарамт болж байлаа… Ийм нөхцөлд Дарьгангын ард түмний дотор үндэсний ба феодалын дарлал, Хятад худалдаачдын мөлжлөгийн эсэргүүцсэн тэмцэл үүсч түүний дотор сайн эрийн нууц байгууллага олны анхаарал татах болов” гэжээ. Мөн шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Л.Жамсран “Дарьгангын шилийн сайн эрс нууцаар дагалдан суралцаж сайн эр болдог байсан” гэж бичжээ. Хятадын түүхчид ч сайн эрсийг “манжийн төрийн аранга, мэлмийд саад учруулах, торж бүрэлзэх хог” хэмээн өгүүлжээ. Унгерийн монголч эрдэмтэн Ш.Иштван шилийн сайн эрсийн тухай сонирхон судалж “Би одоогоос арван жилийн өмнө Будапешт хотын Их сургуульд суралцаж байх үеэс л Монголын тухай болон Торой банди хэмээх шилийн сайн эрийн тухай сонирхох болсон. Их сургуульд монгол бичиг сурсан минь Дарьганга нутгийн тухай, Торой бандийн тухай олон арван дуу шүлэг ном уншиж судлах боломж олгосон. Монгол нутагт онгон зэрлэг тал нутгаар гэр хийж, морин дэл дээр давхиж явдаг билэг танхай эрсийн дуу шүлэгт мөнхөрсөн бодит түүх миний сонирхолыг татахгүй байж чадаагүй. Хүсэлдээ хөтлөгдөж би 1999 онд анх Монголд ирж Дарьганга нутагт очсон билээ… Архангай аймгийн Зая бандидын хүрээний нутаг дахь сайн эрийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч Торой бандид дээд шагнал олгох тав дахь удаагийн зангиа зүүж өгөх монгол төрийн нууц даалгавраар Зая бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн түүхэн баримт байна” хэмээжээ.  Дарьганга нутагт шилийн сайн эрстэй холбоотой олон домогт газрууд байдаг бөгөөд түүнтэй холбоотой зарим ёс, заншил ч өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байна. Үүний нэг бол Шилийн богд уулыг шүтэн бишэрч дээдэлж байдаг явдал юм. Энэ уулан дээр эрт дээр үед шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч сан сэржим өргөж хиймороо сэргээн эр зоригоо чангалж, эх орон , төрийн сүлдэндээ зальбирч, сэтгэлийн их эрчим хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан ивээн тэтгэх ухааныг өдөөж тангарагаа өргөж байсан гэлцдэг. Өдгөө ч нутгийн ард олон төдийгүй алс холоос зорьсон хэн боловч Шилийн богд ууланд гарч эрийн хиймороо сэргээдэг нь үүнтэй холбоотой юм. Шилийн богд уулаас баруун тийш Ачаа хэмээх ууланд хавтгай чулуун дээр хүн зориуд ухаж сийлбэрлэсэн юм шиг долоон дугуй нүх байдаг. Нүх тус бүрийн ам том, жижиг янз бүр боловч тус бүр 10 - 50 см диамертэй гүнээрээ нэг метр орчим байна. Үүнийг нутгийнхан долоон тогоо хэмээн нэрлэдэг. Энэ тогооны онцлог нь жилийн дөрвөн улиралд голдуу цэвэр устай байдаг учир эрт дээр үед шилийн сайн эрс долоон тогооны усаар унаа морио усалж, өөрсдөө цай ундээ хийдэг байсан гэж нутгийнхан хуучилдаг. Дарьгангад шилийн сайн эр болоход заавал Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан төдийгүй алдартай сайн эрийг дагалдаж суралцаж сайн эрийн цол чимэг хүртэх, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөц зан заншил байсаныг тодорхой харуулж байна.  “Цантын цагаан ууланд, цантаа нь үгүй ” Торой банди (домог болон мөнхөрсөн ), Хангай Базар (“Газар шороо” рамоны гол баатар), Базарын Хавчиг (Хангай Базарын хүү, хүчит бөх), Хүрз Лувсан (есөн эрүү давсан),Их Норов (хүчит бөх), Ухаа Балжир (хөлтэйхэн баян эр…) зэрэг сайн эрсийн амьдралын түүх өнөөдөр үлгэр домог болон яригдсаар байна. Сайн эрчүүд мөлжигдөж дарлагдсан ядуу ардыг төлөөлөн гадаадын худалдаачид ноёд, баячуудаас өшөө авах зорилго тавьдаг. Хүнийг хүндлэх, ядуу доройчуудыг тэтгэж, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийг асрах, нөхөр журмыг сахиж, хэлсэн үгэндээ хүрэх, эдэд үл шунах, хатуужил тэсвэртэй байх нь сайн эрийн ёс байлаа. Ийм ёсыг чанд дагана гэж тэд тангараг өргөдөг байжээ. Тангарагаа зөрчсөн хүнийг сайн эр гэж үзэхээ больж, ерийн хулгайч нар гэж жигшдэг байв. “Улаан голоо тасартал Өргөсөн тангарагаасаа няцахгүй” хэмээн энэ тухай өгүүлсэн байдаг. Шилийн сайн эрчүүдийн үлгэр жишээ болж тодорсон эр бол:  “Галав, Шанхайн говьд Гандаа нь үгүй Торой  Халхын хэдэн ноёдын  Эрлэг болсон Торой” хэмээх Нанзад юм. Тэрбээр 1834 онд Сүхбаатар амйгийн Онгон сумын нутаг Ээлт хошуу гэдэг газар харц ядуу малчин ардын гэрт төржээ. Түүний эцэг эх Дарьганга хошуунд байгуулагдсан Манжийн хааны сүргийг маллуулахаар Цахараас Дарьгангад нүүлгэн авчирсан гурван зуу гаруй өрх айлын нэг ажээ. Эцэг нь баяны зараалаар Жанчхүү хотод жин тээж явдаг байжээ. Хятадууд тэдний авч очсон зүйлийг ямагт голж шилж, үнэ бууруулж авах зэргээр байнга дарамталдаг учир түүнийг нь эсэргүүцэн тэмцдэг байжээ. Өширхсөн хятадууд Торой бандийн эцэг Данзанд хор өгч алсан учир тэрээр есөн настайдаа өнчрөн үлдсэн гэдэг.Ээж нь түүнийг арван настайд нь хийдэд суулган лам болгосон ч уул хадаар тэнэж ан гөрөө хийж амиа тэжээхийн зэрэгцээ дотоодын ноёд баяд, гадаадын шунахай худалдаачдын эсрэг тэмцэж шилийн сайн эрийн хувь тавилангаар явсаар Торой бандийн намтар түүх дуу болон ард түмний дунд мөнхөрсөн байна. “Ганжуур Данжуур байлаа ч Бишрээ нь үгүй Торой  Хутагт хувилгаан байлаа ч  Мөргөө нь үгүй Торой” хар бор амьдралтай эгэл нэгэн ард явсаны илрэл юм. Торой банди нь Шилийн богд, Бударын чулуу, Шартын хад, Молцог элс, Ганга нуурын бургас, Талын агуй, Нартын агуйгаар орогнон нутаглаж байгаад 19О4 онд далан насандаа өөд байжээ. Шилийн сайн эр Торой бандийн тухай олон домог ард түмний дунд яригдсаар байдаг билээ.  Арилжаа,наймаа хийж хөлжсөн Ухаа Балжир ч Дарьгангын сайн эрчүүдийн тоонд зүй ёсоор багтаж явжээ. Түүнийг ард олон, Дарьгангын бүгдийн даргаар сонгохоор санал гаргаж байсныг “шилийн хар хулгайч” гээд зөвшөөрөхгүй байсан гэдэг. Ухаа Балжир багадаа Өвөр Монголын Бандид гэгээний хийдэд шавилан сууж, маш сэргэлэн, хичээл оролдлоготой, номтой сайн лам болохоор шамдаж байжээ. Бурханы ном бясалган ертөнцийн нууцыг тайлах хүсэлдээ хөтлөгдсөн тэр үедээ Ухаа Балжир хилс хэрэгт холбогдож эрүүдүүлж доромжлуулсандаа хорсон “сайн лам болж болдоггүй юм бол сайн эр болно доо” гээд өшөө авахаар шийдэж Бандид гэгээний хийдийн нэгэн том монгол бурхныг хулгайлан авч оргожээ. Хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа тэр бурханаа эвдэж цул мөнгө болгон хэрчээд наймаа хийж, хагартлаа баяжсан гэдэг.  Дарьгангын баруун гар тэмээчний нутагт 1890-ээд оны үед амьдарч байсан Хүрз хэмээх хочтой Лувсанг ард олны сайн эр гэж нэрлэж байжээ. Лувсан ядуу зүдүүгийн эрхээр баяд, ноёдод зарцлагдаж аян жин тээж,амин зуулгаа хийж явдаг байжээ. Тэр хосгүй их бяр чадалтай, том биетэй хүн байжээ. Тус бүр нь гурван зуун кг жинтэй хоёр том чулууг долоон зуун метр газраас өргөн явж, тавьсан тухай Баяндэлгэрийнхэн өнөө хир хуучилсаар авай. Хүрз Лувсан гусай амбаны есөн эрүү шүүлтийг дажгүй давсан гэдэг.  via Г.Сүхээ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх