etoim.mn
photos/5353.jpg

1. УЛАМ БҮР СОНИРХОЛ ТАТАХ ЗОХИОЛЫН ӨРНӨЛ

Эхний хуудсаас эхлээд л таныг өөртөө донтуулах энэ зохиолын цар хүрээ дэндүү өргөн, өргөжих, хөгжих боломж бүр их. Хэдийгээр эхэндээ бөөн олон дүр, зэрэг зэрэг өрнөх хурдтай өрнөлүүд нь бага зэрэг "толгой эргүүлэм" байж болох ч хоорондын холбоос, учир начрууд нь тайлагдаж ирэх тусам бүрэн утгаараа "ухаан самууруулам" байх болно. Огтхон ч төсөөлөөгүй хариултуудын араас бүр ч түвэгтэй, бүр ч адармаатай асуултууд ар араасаа хөвөрнө. Хамгийн том дайныг манлайлах учиртай гэгдэж асан, хаан ширээг булаах чин хүсэлтэй Висерис Таргаряны үхэл тийм золгүй байна гэж хэн бодох билээ? Зохиолын хамгийн том "дүр мэт"-ээр төсөөлөгдөж байсан, хамгийн нөлөөтэй гэр бүлүүдийн нэг толгойлж байсан Нед Старк дөнгөж эхний номон дээр үхчихнэ гэж хэн санах билээ? Иймэрхүү "гайхмаар" өрнөлүүд бүлэг бүлгээр, хуудас хуудсаар илүү дэлгэрэнгүй гарч ирэх учир цагийг умартан та нэг л мэдэхэд номоо уншаад дуусчихсан байх вий. Хэзээ ч гайхшруулж дуусахгүй зохиол гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

2. САНААНД БАГТАМГҮЙГ МЭДРҮҮЛЭХ ДҮРСЛЭЛҮҮД

"Бөгжний эзэн" ид хит болж байх үед, зохиолын хавсралтанд байх газрын зураг ба эльфүүдийн цагаан толгойг үзчихээд ямар агуу бүтээл юм бэ гэдгийг багахан ч гэсэн мэдэрч байлаа. Яг үүн шиг мэдрэмж надад киноны эхлэлийн хэсгийг үзэхэд л төрсөн. 7 хаант улс, хааны ордон, аварга том хана, чөлөөт хотууд бүхий энэ ертөнцөөрөө зохиолч Ж.Мартин цоо шинэ ертөнцийг бий болгоод зогсохгүй тэдгээрийн бүс нутгийн онцлог шинж чанарыг уран барилга, архитектурын цогц шийдэлтэй нь бидэнд танилцуулжээ. Браавосын титан, Аррины хавцал, шөнийн харуулуудын хана гээд л санаанд багтамгүй дүрслэлүүд энд дүүрэн бий. Зөвхөн үүнээс гадна ойн хүүхдүүд, гурван нүдэт хэрээ, Дэнигийн луунуудаас эхлүүлээд "бодит" биш төсөөллийн дүр, үйл явдлууд энд зөндөө. Заримдаа хэтэрхий харгис хэрцгий, заримдаа дэндүү секси, хааяа арай л "бодит" үйл явдлууд энд гайхалтай "тансаг" хэлбэрээр бичигджээ. Зөвхөн үзэх хангалттай биш шүү, итгээрэй.

3. ДҮРҮҮДИЙН ХӨГЖИЛ, ДЭНДҮҮ БОДИТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТУУД

Зохиолын бүлэг бүр хэн нэгэн дүрийн нэрээр нэрлэгдсэн байх бөгөөд тэдгээрээр дамжуулан өмнө нь өгүүлэгдэж байсан түүхүүд үргэлжилдэг. Энэ нь тухайн дүрүүдийг илүү сайн ойлгох, өмнөхтэй нь харьцуулах, хийж буй үйлдлүүд, гаргаж буй шийдвэр гаргалтуудынх нь учир шалтгааныг ойлгох, заримдаа "зөвтгөх" учрыг мэдэх боломжийг олгоно. Дүрүүд цаг хугацааны болоод өрнөж буй үйл явдлуудын эрхээр хэрхэн өөрчлөгдөж, хэрхэн хөгжиж байгаа нь үнэхээр "бодитой". Бас тэдний гаргаж буй шийдвэр гаргалтууд нь ихэнх зохиолууд шиг сэтгэл хөдлөл дээр биш харин бодит баримтаас, тухайн нөхцөл байдлаас үүддэг. Ямар ч илүү дутуу драма, ямар ч илүү дутуу зүйлгүй. Тэнд хүн бүр "өнөөдрөөрөө" амьдардаг. Хүн бүхнийг цочроож, алмайруулсан "Улаан хурим"-ыг нэг саная. Хэн тийм "аймшигтай" зүйл болно гэж бодож байсан бол? Гэхдээ та Робын амлалтаасаа буцсанаас болж, хамаг нэр төрөө сэвтүүлж, доромжлогдсон Лорд Фрэйний оронд та өөрийгөө тавиад үз дээ? Киноны үйл явдлуудаар гаргах "боломжгүй" дүрүүдийн сэдэл, бодол, зөрчилдөөн, урвалт, тэмцлийг та номноос унших боломжтой.

4. НУУЦЛАГ ТҮҮХҮҮД, НУУЦЛАГ ЭШЛЭЛҮҮД

Энэ зохиол "фантази" хэлбэрийнх гэдэг утгаараа бидний толгойг эргүүлсэн, нууцлаг түүх, үйл явдлуудаар дүүрэн. Үнэнч уншигчид одоо болтол учрыг нь олоогүй гэнэтийн үхлүүд, үйл явдлууд хариултаа хүлээгээд байж л байна. Ядаж л ирж яваа "өвлийн" талаар бид юуг ч мэдэхгүй. Гэвч энэ бол зохиолын бүх л үйл явдлуудыг хөтөлж буй гол сэдэв. Үүнтэй холбоотой маш олон анхаарал татам эшлэлүүд, өрнөлүүд энд бий. Кинон дээр гараад өнгөрөхөд анзаарахгүй байж болох ч зохиол дээр эдгээр үгс таны санаанаас барагтай л бол гарахгүй. "Надад амлаач, Нед" гэх Лианнагийн ахдаа хэлсэн сүүлчийн үгсийн учир утга юу вэ? "Чи юу ч мэдэхгүй, Жон Сноу" гэх үг л байн байн санаанд орох, сэтгэл үймүүлсэн үйл явдлуудыг зөвхөн ном л танд мэдрүүлж чадна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх