etoim.mn
photos/vebod a.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа.

Асуултай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

О.Баасанхүү: Хулгайгүй дийлэхгүй байгаа учраас хувиа багасгана гэж үнэн үү? Алтны компани, нинжа гээд их ярьж байна. Алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү гэх хуулийн заалтын хэрэгжих хугацаа дуусч байгаа юм. Хуулийн хугацааг 5 жилээр сунгах шаардлага юу вэ? Мөн хувийг 5 жил болгох боломжгүй юу. Түүнчлэн алт цэвэршүүлэх үйлдвэргүй ганц улс нь манай улс. Тэр үйлдвэр хэзээ байгуулах вэ гэдгийг Уул уурхайн сайдаас асуумаар байна?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Алтны татварыг өндөр тавихыг хүсэлгүй яахав. Гэхдээ валютын нөөц, шатахууны үнийг зохицуулдаг, бүтээдэг салбар нь алтны салбар юм. Он гараад эдийн засаг яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй байгаа. Энэ салбарт хулгай асар өндөр байгаа. Зохион байгуулалттай, сүлжээний цар хүрээн үнэхээр өргөн байна. Хуулийн зохицуулалтыг засахад хугацаа хэрэгтэй байгаа юм. Тиймээс л 5 жилээр сунгалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Монгол улсын төв банк дээр алт тушаасан хэмжээ ихсвэл татварыг тэглэж болно, харин хууль бусаар алт гаргах нөхцөл ихсэх юм бол татварыг 10 хувь болгох гэх мэт зохицуулалт хийх юм. Хил гаалиар хууль бусаар алт гарахгүй буюу үйл ажиллагааг нь чангатгах, алтны хууль бус үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжүүдийг зохицуулсан хуулийг сайжруулахын тулд хугацаа хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хууль бусаар алт олборлож байгаа иргэн, аж ахуй нэгжүүдтэйгээ яаж тэмцэх вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Яамнаас энэ жил 3 чиглэлд шалгалт хийхэд алтны салбарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил нилээдгүй илэрсэн. Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлээд зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санал хүргүүлээд байгаа.  Тухайлбал Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд хууль бусаар алт гарсан нь тогтоогдсон тохиолдолд ноогдох шийтгэлийг чангатгах гэх мэтээр хуулийн төсөл боловсруулах санал гаргасан. Албан бус мэдээгээр 20 тонн алт хил гарсан гэх мэдээ надад ирсэн. Тиймээс хил гаалиа чангатгаад хуулиа шинэчлэснээр хулгайтай тэмцэх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хуучин 68 хувийн татвар гэж байсан юм. Гэтэл нэг өдөр 2,5 гээд ороод ирсэн юм. Тэр үед нэлээд гишүүд эсэргүүцээд эсэргүүцээд алтны лоббиг дийлээгүй юмаа. Одоо 5-хан хувь болгочиход яагаад байгаа юм. Монгол банкны судалгаа дээр нийт тушаасан алтны буюу 2018 оны эхний 11 сарын байдлаар 18 тонн алт тушаасны 70 хувь нь иргэд тушаасан байна гэнэ. Үүнээс харахад аж ахуй нэгжүүд иргэний нэрээр алт тушааж, ААН-ын татвараас зайлс хийгээд байна шүү дээ. Тиймээс байдлыг засахын тулд татварын 5 хувийг 2,5 болгоочээ гэдэг саналыг хэлээд байгаа юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Зарчмын хувьд тантай санал нэг байна. Алтны татварыг нэмэх зарчмын санал их байгаа. Улсын хэмжээнд 530 мянган тонн орчим алтны нөөцтөй байгаа. Үүний 10 хүрэхгүй хувь нь шороон орд юм. Одоогоор хөрс хуулалтын өөрийн өртөг нийт зардлынхаа 70 хувийг авдаг. Шороон хөрс 50 метр бус 70 метрээр хуулж байгаа. Тиймээс өртөгийн хэмжээг сайн тооцоолж байж татварын хэмжээг тогтоох нь зөв байх гэж бодсон юм. Дэлхийн ханш нэг унц алт 1200-1300 ам.доллар байгаа байх. Тэгэхээр өөрийн өртөгийн зөрүүтэй тэнцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх