etoim.mn
photos/maxresdefault_6.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15-р дүгнэлтийг хүлээж авснаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуралдааны үеэр М.Энхболдыг огцрох ёстой хэмээн суулт зарласан гишүүд танхимд орж ирж зогссон бөгөөд УИХ-ын дарга тэднийг суудалдаа суухыг шаардлаа. Мөн УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах оролдлогоо нэн даруй зогсоохыг шаадсан юм.

Улмаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлын танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийх ёстой байсан боловч Ерөнхий сайд болон Засгийн газрын сайдууд чуулганы хуралдааны танхимд орж ирсэнгүй.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын чуулганыг тасалдуулах үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Уг нь хөдөө орон нутгаар өвөлжилт хүндрээд байх юм. Гэтэл салбарын сайд нь байхгүй байсаар л байна. Энэ асуудлаа яаралтай хэлэлцээд цааш үргэлжлэх ёстой. Тиймээс энэ асуудлаа түр орхиод дараагийн асуудлаа хэлэлцье гэсэн санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ч.Улааныг бүлгийн хурал, удирдах зөвлөлийн хуралдаанаар 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн. Гэтэл 11-р сарын 17-ноос хойш буюу гурван долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх гэсэн боловч Ерөнхий сайд нь байдаггүй. Сайдууд нь орж ирсэн ч ирцээ бүрдүүлдэггүй. Цэрэнбат, Занданшатар сайдууд ирцээ бүрдүүлээд байж байгаад картаа сугалаад авлаа. Энэ мэтчилэнгээр сайдуудаараа УИХ-ын үйл ажиллагаа бойкот хийлгэж байгаа Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй гээд байсан нь энэ байхгүй юу.

Тиймээс би гишүүдээсээ хүсч байна. Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан гишүүнээ та бүхэн үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол миний албан бланк дээр гарын үсэг зураачээ. Тэгээд хэдүүлээ нэг мөр тарья. Бидэнтэй бидэнгүй дахиад 76 хүн гараад л ирнэ. Монголын амьдрал үргэлжилнэ. Та нар битгий албан тушаал эрх мэдлийн эрх ашгаа Монголын төрийн толгойн дээр гаргаад байгаараа. Давраад байгаарай.

УИХ-ын гишүүн Б.Бэт-Эрдэнэ: УИХ-ын чуулган 40 гишүүний ирцтэйгээр эхэлсэн. Энэ асуудлаа хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрыг огцруулах асуудал ярьж байхад бүхий л асуудлаа ярьж хэлэлцсэн гэж бодсон. Одоо ард түмэн хурдхан ажлаа хийхийг хүсч байгаа. Цаг агаар -30 хүртэл хүйтэрч байх энэ үед хөдөө аж ахуйн салбарт хүндрэлтэй зүйл их тулгардаг. Тиймээс хурдхан ХХААХҮ-ийн сайдыг томилох шаардлагатай байгаа юм.

 Мөн өнөөдөр шаардлага тавьж байгаа энэ дөрвөн гишүүний саналыг эргэж нэг харах хэрэгтэй. Өнгөрсөн зун 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэхэд прокурор, тагнуулаас шалгаж байна гэх нэрийдлээр сонсгол хийлгээгүй. Хуулийн байгууллагууд нь хурдхан энэ асуудлаа шалгаад нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ч.Улаан сайдыг асуудал орж ирлээ. Дараа нь дахин 2 сайдын асуудал яригдах гэж байна. Тиймээс Засгийн газрын танхимаа нэн яаралтай, түргэн шуурхай бүрдүүлээд ажилдаа орох шаардлага байгаа. Одоо Засгийн газрын гишүүд, сайдууд УИХ-ын үйл ажиллагааг ирцээр бойкотлодог байдлаа болимоор байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бидний нэг хэсэг нь ЖДҮ-чин, нэг хэсэг нь 60 тэрбумчин болчоод байна. Монгол Улсад У.Хүрэлсүхийн шударга ёс бус хуулийн шударга ёс байгаа биздээ. Одоо нийгэмд шударга ёс тогтоох ганцхан алхам нь бүгд халдашгүй дархан эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагууд шалгах эрхийг нь нээгээд өгье л дөө. Хуулийн өмнө Монгол улсын бүх иргэн тэгш эрхтэй байх ёстой учир ЖДҮ, 60 тэрбумтай нэр холбогдсон бүх хүн “халдашгүй эрхээсээ” татгалзаад АТГ, Прокурортоо шалгуулаад явчихья.

Ингээд УИХ-ын гишүүдийн гормын саналаар санал хураахад хуралд оролцож буй 38 гишүүний олонхи дэмжсэнээр ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг дахин хойшлууллаа.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[178.72.69.227]

2018-12-06 13:09:37

icheech muu novshnuud.baahan mungu taraaj gishuun bolchihood tuunigee hed nugalj olj avah geed uluv dolov geed suuj bgaa chin hudlaa yu.ta nart uursdin chin erh ashig gej baihaas uls ornihoo tuluu gej hudlaa shaadgaa boliod zailtsgaa