etoim.mn
photos/5siqh37cip8fmesu60lrcgr55s_b.jpg

Засгийн газрын өнөөдрийн /2018.12.05/ хуралдаанаар орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам баталсан байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэнд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөг болж нэмэгдэх бөгөөд найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох юм байна. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр:

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийг анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно. Тухайн нийслэл хотын ерөнхий хотын төлөвлөгөөнд тусгагдсан байршлаас орон сууц олгоно. Гэр хороололд амины орон сууц барихад зээл олгоно. Ингэхдээ амины орон сууц дэд бүтцийн шийдэлтэй байх ёстой. 120 ам.метр хүртэл хэмжээтэй амины орон сууц барихад зээл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Зээлийн урьдчилгаа 30 хувь хэвээрээ. Манай улс ОУВС-тай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж ажиллаж байгаа учир зээлийн урьдчилгааг бууруулах боломжгүй байна гэлээ. БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Түрээсийн орон сууцны барилгын явц ямар байна вэ?

Түрээсийн орон сууцны тухайд “Буянт-Ухаа II” хороололд 972 айлын орон сууц баригдаж байгаа. Энэ барилга ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. Нийтдээ 71 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. 1 ам.метрийн өртөг нь 1.4 сая төгрөг. Энэ орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар гарч байгаа. Энэ орон сууцыг түрээсийн орон сууц болгох асуудлыг Засгийн газарт санал оруулна. Түрээсийн орон сууцыг зарим компаниуд өөрсдөө хэрэгжүүлж байгаа.  Хамгийн гол нь мөнгө нь Хөгжлийн банкнаас гарсан. Төрийн бодлогоор баригдсан учир зохих хэмжээг нь түрээсийн орон сууц болгоно.

- Түрээсийн байрыг өмчлүүлэх үү?

Түрээсийн байрыг өмчлүүлэх шийд одоохондоо гараагүй байгаа. Ер нь цаашдаа түрээсэлсэн байраа өмчлөх шийдвэрийг гаргана.

- Зээлийн хүүг цаашдаа бууруулах уу?

Зээлийн хүүг одоохондоо бууруулах боломжгүй. Бид өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 40 гаруй мянган айл байна. Өнөөдрийн үйлчилж байгаа журмаар урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдъя гэсэн 30 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод, 14 мянган иргэн хөдөө орон нутагт  байна. Хүмүүсийн эрэлт маш их байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа учир зээлийн хүүг бууруулах боломжгүй юм байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс ипотекийн зээлийг олгох асуудлыг Монголбанкнаас Сангийн яам руу шилжүүлнэ. Энэ үед дахин хэлэлцэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх