etoim.mn
photos/oswor nasni make up.jpg

Эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан гоо зүйн өндөр мэдрэмж байдаг. Багаасаа л Барбитай найзалж, гүнжийн дүрд хувирахыг хүсч, ээжээрээ хумсаа будуулах дуртай байсан шүү дээ. Нүүрний будаг гэж юу болох, аль будгийг хаана түрхэх талаарх мэдлэгийг балчир наснаасаа эхлэн цуглуулсан бид өсвөр насандаа ирээд тэрхүү сонирхолтой мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед өсвөр насны охин бүр олон нийтийн сүлжээгээр Кайли Женнер, Ким Кардашьян гэх зэрэг төгс эмэгтэйн хуурамч төрхөнд автах болсон. Охид нүүр будалтын ачаар яг тэдэн шиг "төгс" эмэгтэй болж чадах болов уу хэмээн сонирхдог билээ.

Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж,  дотоод ертөнцөө илэрхийлэх төрх бүрдүүлээрэй

Нүүр будалтын ертөнцөд шинээр хөл тавьж буй өсвөр насныханд мэдээж хэрэг туршлага гэж үгүй. Тиймээс тэд эргэн тойрны загварын сэтгүүл, гоо сайхны нэвтрүүлэг, аль эсвэл ангийн охидынхоо өгөх зөвлөгөөг сонсож, эцэст нь будгаа "хэтрүүлж", 16-тай хэрнээ 25-тай мэт харагдах тохиолдол цөөнгүй. Мэдээж хэрэг хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай, өөрийн гэсэн үзэл бодолтой учир энэ сэдвээр тодорхой нэгэн дүрэм заах боломжгүй. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, дотоод ертөнцөө илэрхийлэх төрх бүрдүүлээрэй.

Гэхдээ бид бүгд хөгширдөг. Хөгширсөн хойноо илүү залуу харагдахыг хүссэндээ ямар ч сонголтгүйгээр будаг хэрэглэх шаардлага гардаг. Тийм учир залуу насандаа байгалийн гоо сайхнаараа гоёх нь сайхан биш гэж үү? Тэгээд ч сүүлийн үеийн загварын тайз, брэндүүдийн сурталчилгаа, томоохон арга хэмжээнүүдийн улаан хивсэн дээр аль болох байгалийн будалттай охид бүсгүйчүүд үзэгдэх болсныг бүгд анзаарсан биз ээ. 

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 1)

Тэгэхээр ердөө л өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээ хөнгөн будалтын ачаар бага зэрэг тодотгож, насандаа харагдах нь зүйтэй гэж бид үзлээ. Арьсаа хайрлах нь Paula's Choice арьс арчилгаа ба гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, арьс арчилгааны талаар 20 гаруй ном бичсэн Паула Бегоны зөвлөж буйгаар өсвөр насны залуу арьсанд аль болох суурь крем түрхэхгүй байх нь зүйтэй аж. Эс тэгвээс арьсны нүх бөглөрч, батгажилт үүсэх магадлалтай. Тиймээс жижиг өө сэвээ дарахын тулд өө дарагч (concealer) хэрэглэхийг санал болгож байна. Өө дарагчийг арьсандаа түрхэхдээ багсаа тогтмол цэвэрлэж, бас гараа угааж байгаарай. Хамгийн гол нь арьсандаа аль болох хөнгөн бүтэцтэй, non-comedogenic гэсэн заалттай бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй. Түүнчлэн арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахын тулд SPF агуулсан тос түрхэхээ мартуузай.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 2)

NARS өө дарагч (concealer)

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 3)

Neutrogena Healthy Defense SPF 45 чийгшүүлэгч тос

Хацартаа "ичингүйрсэн мэт" ягаан туяа оруулах нь Өсвөр насны охид хацар өнгөлөгчийг огт хэрэглэхгүй ч байж болно. Гэхдээ нүүрэндээ бага зэргийн өнгө оруулж, хэлбэрээ илүү тодотгохыг хүсвэл тоорын зөөлөн ягаан өнгөтэй хацар өнгөлөгчийг хацрынхаа алиман хэсэгт хөнгөхөн түрхээрэй. Тос эсвэл гель бүтэцтэй өнгөлөгч хамгийн шилдэг сонголт байх болно. Тэдгээр нь арьсыг хуурайшуулахгүй, чийглэг мэдрэмж өгнө. Мөн хацар өнгөлөгчийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлчихвэл алиалагч шиг харагдах аюултай ч, тунг нь тааруулбал эрүүл бас байгалиасаа ичингүйрсэн мэт ягаан туяа татуулах өхөөрдөм төрх бүрдүүлнэ.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 4)

Elizabeth Arden тосон хацар өнглөгч

Нүдээ "будсан атлаа будаагүй мэт" харагдуулах нь Залуу охид нүдээ хэтрүүлэн будах нь тэднийг маш овортой харагдуулдаг. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр тархсан нүд будалтын трендүүдэд битгий хууртаарай. Тэдгээр нь насанд хүрсэн эмэгтэйд илүү тохирох будалт юм. Харин оронд нь цайвар бор, beige өнгийн тенийг зовхиндоо хөнгөн түрхсэнээр илүү гүнзгий нүдний эффект оруулахад л хангалттай. Цайвар бор өнгийн тень нүдний өнгийг тодотгож өгөх болно. Илүү тормолзсон нүдтэй харагдахыг хүссэн нэгэн нь сормуусны будаг ба дэрвийлгэгч хэрэглэж болох юм. Арьс ба үсний өнгөнөөс шалтгаалан зарим тохиолдолд хар гэхээсээ илүү бор өнгийн будаг тохиромжтой байдаг шүү.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 5)

Dior Diorshow усны хамгаалалттай сормуусны будаг

Уруулд өнгө гэхээсээ илүү чийг нэмэх нь Тод өнгөтэй, матт, эсвэл наалдамтгай бүтэцтэй уруулын будгаас аль болох хол байхыг өсвөр насны охидод зөвлөх байна. Бага зэргийн гялбаатай, эрүүл чийглэг уруул нь залуу төрхийг юу, юунаас илүү чимдэг. Өнгө оруулахыг хүсвэл аль болох уруулынхаа өнгөтэй ойр, нягтаршилт багатай, мөн хамгийн гол нь чийгшүүлэх үйлчилгээтэй будаг сонгоорой.

Өсвөр насны охидын нүүр будалт ямар байвал зохистой вэ? (фото 6)

NEUTROGENA сэргээгч уруул өнглөгч SPF 20

P.S. Өсвөр насандаа бид төрөл бүрийн нүүр будалт туршиж үзэх зорилгоор олон алдаа гаргадаг. Тэдний нэг нь хөмсгөө хэт зулгаан нарийхан болгож засах явдал юм. Тиймээс охидод сануулж хэлэхэд хөмсгөө аль болох оролдохгүй, харин ч эсрэгээрээ ургуулах нь зөв шүү. Кара Делевиний алдарт хөмсгийг санаж байна уу? Өргөн бас өтгөн хөмсөг чамайг илүү залуу, үзэсгэлэнтэй харагдуулдаг юм. Хэлбэрт оруулахыг хүсвэл хөмсөгний зэрлэгийг болгоомжтой түүхэд л хангалттай. Гэхдээ үүний тулд мэргэжилтэн эсвэл хайрт ээж, эгчийнхээ тусламж авахыг санал болгож байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zo

[202.9.43.144]

2018-12-05 13:25:05

ohid budah shaardlagagui