etoim.mn
photos/ththt.jpg

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Дамбадаржаагийн Намсрай Буяны_нүгэл

“Хүн нэрээ, тогос өдөө” Дэрстийн хүрээний баруунтайд нэгэн овоо бий. Гэгээнтэн мэндэлсэн газар гэж домог үүссэн цагаас л хүмүүс энэ овоог босгосон хэрэг. Чухам ямар гэгээн хэдийд мэндэлснийг хэлж мэдэх хүн үгүй. Цөөн тооны настайчуудын ярих нь “Тэр гэгээн энд мэндэлснээс биш манай энд төрөөгүй. Манай нутгийнхны буян заяа дутахад эрдэм чадлыг нь ойлголгүй элий балай гэж түүнийг гомдоосноос Жагарын орныг зорьж, тэр газартаа заларсан юм гэнэлээ. Бэлбэсэн ядуу бүсгүйн ганц хүү нутгийн олонд гомдохдоо нэг л шөнө хар гэрээрээ соор залчихаад, ээжийгээ аван бурхны хөлөөр одсон юм гэдэг. Тэр цагаас гэрийн нь буурин дээр шав тавьж элбэг баян аз жаргал, буян заяа хүссэн хүмүүс үнс чандар, шороо чулуунаас нь авдаг болсон юм. Одоо ч гэсэн хол ойрын хүмүүс дайрч өнгөрөхдөө элс шорооноос нь боож авч л байдаг” гэж тайлбарлана. Харин зуу шахсан нэг эмгэн л ганцаараа өөр домог хүүрнэж, үүнийг олны сонорт хүргэх нь маанийн хүрд эргүүлэх мэт өлзийт үйлс хэмээн сүслэн наманчилж билээ. Буян хишиг арвижих болтугай. Тавь дөхсөн бэлбэсэн авгай Дунжаа хүрээ хийдийн хаяа бараадан олон жил амьдарчээ. Угийн ядуу, харж хандах ах дүүс ч үгүй тэрбээр залуу насандаа бэлбэсэрч, аягын чинээ навсархай бор гэр, тохойн чинээ үрээсээ өөр миний манай гэх юмгүй хоцорсон гэдэг. Хэдий тийм ч сэтгэлийн сайхнаар хорвоог туулан айл амьтны ус түлээнд дэм болж, тарианы гурил нүдэж, гутал уллан, дээс томж, ажлын хатуу хөтүүд хуруу гараа мойнийтол зүтгэсээр арай ч гуйлгачин гэгдэлгүй, зарц нэрийг ч зүүлгүй бор ходоодоо борлуулж бозлог үрээ өсгөсөн юмсанж. Царай зүс гоц гойлгүй ч идэр насанд нь элдвийн эрчүүд татаж, энээ тэрээ болж байсан хэдий ч, хэн нь ч жаргал өгсөнгүй. Ядуугийн зовлонг яая гэхэв, хоног өдөр өнгөрөх тутам Дунжаа зожиг хажиг болж эр эмийн явдлыг жигшин зэвүүцсээр бие сэтгэл бүр мөсөн хөрчээ. Орчлонгийн явдлыг огоорсноор ч тэр юмуу бүү мэд “Дунжаа дар эх” гэж тохуурхан хочилсон нэр хаанаас ч юм гарч хүмүүс ингэж л дуудах болжээ. Дунжаа тохуурхлаа ч гэж гомдсонгүй, өргөмжиллөө гэж ч баярласангүй, мөнөөх л бүхнийг тэвчигч номхон хүлцэнгүй зангаараа энэхүү нэрэндээ дасчээ. Дунжаагийн сэтгэлийг дэвтээж орчлонг уужим баян болгодог гэрэлт нар болсон хүү нь алив гай түтгэрт өртөлгүй арван нас хүрчээ. Эх хүү хоёр бие биеэ энхрийлэн хайрлах нь туйлгүй. Мөнхтэнгэр гэсэн эрхэм нэрийг чихэнд нь гурвантаа шивнэн хүүдээ хайрласан гэвч энэ нэрээр нь ч үл дуудан “Миний бурхан, миний тэнгэр” гэж өргөмжилнө. Хүү ч ээждээ эрх хонгор нь хязгааргүй. “Миний сайхан ээж, миний гоё ээж, миний хөөрхөн ээж” гэж өвөр дээр нь эрхлэн, даахирсан үсийг нь илж, холцруутсан хацрыг нь үнсэнэ. Тэр бүхэнд уярч хайлсан Дунжаа нулимс цийлэгнүүлсэн хоолой нь зангирч хүүгээ үлгэн “Гайгүй дээ, даахин дор морь, дахан дор эр гэдэг. Миний хүү ч ээждээ ерөөл буянаар ирсэн бурхан юм шүүдээ” гэж өхөөрдөнө. Дунжаа хүүгээ найман нас хүртэл нь хөхнөөс гаргаагүй. Тиймээс хүү нь арван нас хүртлээ ээжийнхээ мөөмөнд үнэн голоосоо хайртай, хэзээний л хиртэй бор гараа энгэр цээжрүү нь хийчихсэн маажиж, малтаж сууна. Тэр хоёр ийнхүү бие биеэ эрхлүүлэн таална. Үдэш орой болоход хүүгийн нар гарах нь тэр. Хуучин хувцас хунар чихсэн ганц бор авдраас өөр хогшилгүй бор гэрийнхээ зүүнтээх модон орон дээр ээж хүү хоёр унтана.эхийнхээ халуун өвөрт шигдэн хайрыг нь булаасан зөөлөн хөхийг нь атган унтах шиг тансаг жаргал хүүд үгүй. Тэднийг гадуур гарахад эх хүү хоёр зай завсаргүй дүнгэр дүнгэр ярилцана. - Ээж ээ, таны үнэр ямар гоё юм бэ? - Миний хүүгийн үнэр бас их сайхан шүү дээ. Алив миний бурхан наашаа бол. Шөнө даарна шүү. Хучлага нь онгойчихож, пөөх миний хүү ямар өндөр болж байна вэ. Том эр болохнээ. Эвий эвий, хөлийг минь хучиж ясыг минь барих ганц эрдэнэ минь дээ гэж... - Ээжийн бие ямар дулаахан, яасан зөөлхөн гоё юм бэ... - Эвий эвий, хүдээ л сайхан юм байхдаа. Миний хүү өнөөдөр эээжийгээ их хүлээв үү? - Зөндөө хүлээсэн - Юунд уйлсан юм бэ миний бурхан - Ирэхгүй явчих юм байгаа гэж бодоод... - Ээж нь ийм сайхан эрдэнээ орхиод хаашаа явах вэ дээ. Халуун наранд хүүгээ ангачих болов уу гэж санаад л дагуулж явуулаагүй юм. Ээж нь өдөржингөө аргал түүсэн - Маргааш намайг дагуулаад яваарай. - Тэгнээ. Ээж нь хүүгээ үүрээд явна аа. Маргааш хоёулаа Жамбаа ахындаа ноос авч өгнө. - Ээж ээ та өнөөдөр эцээ юу? - Гайгүй ээ гайгүй. - Том болоод таныг би дандаа үүрч явна аа. - Одоохон доо, миний бурхан, одоохон. Удахгүй тэнгэр баганадсан эр болно оо. Ээжий нь жаргах цаг ирнээ. Хорвоогийн явдал ээлж халаатай гэдэг... Ийнхүү ярилцаж байхдаа хүү аз жаргалтай хүмүүсийн тухай бодов. Нэгэн удаа Дэрстийн хүрээний гэгээнтэн хишиг хүртээхэд “Яасан сайхан өгөөмөр хүн, ямар их барагдаж хорогддоггүй идэж уух юмтай вэ?” гэж хүү гайхан биширснээ санав.  - Ээж ээ, би том болоод гэгээнтэн болно гэж хүү гэнэт хэлэв - Байг, миний хүү! Алдас болно. Тэгж ярьж болдоггүй юм. - Та өөрөө намайг бурхан гэдэг биз дээ? - Миний хүү ч ээждээ бол бурхан нь бурхан л даа... Үгүй ер юмыг яаж мэдэх вэ, миний хүү гэгээнтэн болох ч юм бил үү гээд эх санаа алдав. Тэгснээ, - Манай бандид гэгээн чинь өөрөө ядуу өвгөний өргөмөл хүү байснаа л гэгээнтнээр тодорсон юм гэдэг гэв. - Яаж гэгээнтэн болсон гэж? хэмээн хүү шалгаав. Эх: - Эмээл мод хийдэг ядуу мужаан өвгөний, айлаас үрчилж авсан ганц хүү байсан юм гэнэ лээ. Нэг өдөр таван настай хүү нь “Аав аа, та гэр орноо янзалж хог шороогоо шүүрд. Өнөөдөр олон хүн ирж намайг гэгээнтэн болгож залах гэж байна” гэж хэлжээ. “Амны алдас болох гээ юу чи. Зүгээр гарч тогло” гэж эцэг нь загнасан юам байж. Тэгтэл үнэхээр тэр өдөр нь морь унаа, хөсөг тэрэг бүхий өдий, төдий лам ноёд залран хүүг гэгээнтнээр тодруулан авч явсан юм гэнэ лээ. Ингээд л хүү гэгээнтэн болж сүсэгтэн олныг ивээн өвгөн эцгийгээ жаргуулсан юм гэдэг гэж хүүдээ ярьжээ. Аз хишгийн тухай амттай сайхан энэ ярианаас үүдэн эх хүү хоёр унтан унтатлаа гэгээнтний тухай ярьж тэр шөнөжингөө хүү гэгээнтэн болон зүүдэлж, магнаг торгоор эхийгээ хучин мах, сүү, идээ будаа өрж өмнө нь өрж, ядуу зүдүү бүхнийг дайлж цайлж, өгөөмөр их хишгийг хүртэн суув аа. Өглөө сэрмэгц хүүгийн сэтгэл гонсойн амтат сайхан зүүдэндээ үзсэн бүхнийг мөрөөдөн гайхаш нь барагдав.  Тэр өдөр хүү ээжтэйгээ явахгүй гэртээ үлдэнэ гэсээр үлдэв. Ерөөс тэр өдрөөс хойш хүү ямагт гэртээ үлдэх болсон нь эхийн гайхшийг төрүүлэв. Хүү ийнхүү өдөржин ганцаараа бор гэрийнхээ сүүдэрт унтаж сэрж орж, гарсааар орой болгохдоо, өөрийг нь гэгээнтнээр тодруулахаар ирэх хүмүүсийг харуулдан суудаг юмсанжээ. “гэнэт нэг л өдөр олон морьтой хүмүүс манайхыг чиглэн давхиж ирнэ. Тэгэхэд эзэнгүй байвал гэгээн боло өнгөрнө” гэж тэрбээр итгэн зуны гурван сарын чилийсэн урт өдрүүдийн нар, бороо хоёрыг хатавчиндаа өнгөрөөв. Ядуу оромжийг нь чиглэх золбин ноход ч үзэгдэлгүй байсаар өвсний толгой шаргалтаж, царцаан дуутай золгов. Гэвч хүү цөхөрсөнгүй. Түм түжигнэж бум бужигнасан хүрээ хийдийн зүгээс хорвоогийн тоос хөдөлгөсөн бүхнийг нүд салгалгүй ширтэн харуулдана. Нэгэн өдөр мөн л хуучны адил гэртээ ганцаар үлдэн хүрээний зүг нүд бэлчээн суутал морь хөсөг хөл болсон олон хүн өглөөнөөс аван бужигналдаж байснаа бага үдийн хирд тэдний зүг чигдэн хөдлөв. Хүү дуу алдан хашгирч,  - Яг ирлээ! Ээ гялай, ээ гялай...надруу ирлээ... гэж дэвхцэн догдолж баярласандаа нулимс нь мэлмэрчээ. Яах ийх учраа олохгүй “Яанаа яана...ээж! ээжийг...” гэж амандаа үглэв. Хүүгийн зүрх амаарааа гарчих шахан дэнсэлж хэдэн саахалтын тэртээд айлын ноос савж байгаа ээжийгээ дуудаж ирэхээр гүйлээ. Өргөс харгананд нүцгэн хөлөө хатгуулан хөлсөө цутгатал гүйсээр газрын дундад арайхийн хүртэл мөнөөх хүмүүс хариугүй гэт нь дөхөж иржээ. Эзэнгүй байхад очоод эргэчихвий гэж ээждээ хүрэлгүй буцаад гүйв.  Хүүг ойртон ирэхүйд хоргой торго болсон ноёд түшмэд, улаан шар алгалсан ихэс лам нар цагаан морь хөлгөлсөн жууз тэргийг даган хөврөлдсөөр бор гэрийн тушаагуур ирлээ. Хүү арайхийн амжиж гэртээ хүрээд, орон гэрийн нь эзэн нь байгаа шүү гэдгээ тэдэнд мэдэгдэхийг хичээн гаднаа очиж хэрдээ их л ханхар зогссон боловч нэг нь ч эргэж харсангүй. “хойноос нь гүйцэж очъё. Намайг харсангүй явчихлаа. Би энд байна гэж хэлье” хэмээн бодсон хүү аз жаргалаа алдахгүйн тулд хоёр нүдэндээ нулимс бүрхүүлэн тэдний араас гүйв. Аажимхан явж байсан морь унаа, хөсөг тэрэгт тэдгээр хүмүүс их замд оруут улбар тоос хөдөлгөсөөр явдлаа түргэтгэв. Тэгснээ хошууран хатируулцгааж, тэдний араас хүү бахардаж унатлаа гүйсэн боловч, улам бүр холдон холдсоор дөрөлж даван одов. Хүү улаан зам дээр шургачин унаж ихэр татан уйлав. Түүний хүсэн хүлээсэн аз жаргал нь хэзээ ч эргэж ирэхгүйгээр тоосны үзүүрт алслахыг тэрбээр нулимсан дундаа хөвүүлэн харсаар хоцорлоо. “Та нарын очсон газраас гэгээн тодрохгүй! Яасан ч тодрохгүй! Та нар намайг олж хараагүй... Та нарт одоо хэзээ ч над шиг сайн гэгээнтэн олдохгүй!” гэж хүү нулимсандаа хахаж цацан үглэж гуйвчин босоод замын хажуудах хэсэгхэн ногоон дээр тэрийн хэвтлээ. Сульдаж ядартлаа гүйсэн хүү хамаг биеэ сул тавин урт уртаар сүүрс алдаж тэнгэр ширтэн хэвтэхдээ ялимгүй тайвшралыг олов. Тэнгэрийн дунд цор ганцаар тунаран хайлмагтсан тавагтай халуун шар тос мэт мэлтэгнэх нарыг харлаа. Нарны хурц гэрэл өөрийн эрхгүй гялбуулавч ямар ч байсан нарыг сайн харж авъя гэсэн хачин бодол хүүд төрнө. Нарны хурц гэрэлд гялбан байсан нүд гэрэлд аажимдаа дасаж үнэхээр тэр нарыг харж чадлаа. Удаан тогтоогоод харахад нар гэгч нь гэрэл цацалсан алтанхан шаргал таваг шиг биш, зэс шиг улаан хүрэн дугуй чичигнэж байхыг үзэв. “Эш, чи бид хоёр хэзээ нэг аз жаргалын нарыг харах бол?” гэж ээжийн нь үгэлдэг санаанд нь орох үед “Би аз жаргалын тэр нарыг харж байна” гэж хүү дотороо бодлоо. Хүү нүд салгалгүй гөлөрсөөр... гэтэл нөгөө зэс дугуй нь улаан хүрэн ч биш, тунарсан хар ногоон, дүгэрэг юм болохыг ажиглав. Сүүлдээ удаан хараад байхаар ногоон ч биш тас хар өнгөтэй, шатсан зоос шиг юм болж үзэгдэх нь тэр!.. “нар бол яах аргагүй шатаж буй хар дугуй юм байна. Түүний гэрэлд бид амьдран суудаг юм байна” гэж хүү бодоод чилсэн нүдээ тас анилаа. Ялимгүй өндийж эргэн тойрноо харах гэтэл юу ч үзэгдсэнгүй, нүд нь харанхуйлав. Дахин нүдээ анилаа...тэнгэрийг алдалж өнөөх нарыг тэврэх гэсэн мэт хоёр чөргөр гараа дэлгэн алжаалыг тайлж тэр мөртөө унтаад өгөв. Замын хажуугийн армаг тармагхан өвс ногоо, цахилдагны хэдэн бутан дунд байгаа түүнийг хэдхэн алхмын цаанаас боловч хэн ч анзаарч харамгүй аж. Бууцанд хоцорсон шагай шиг тэрбээр тийм жаалхан, нэгэн амьтан...гэхдээ л өнөөх сайхан зүүд аанай л эргэлдэн гэгээнтэн болон олбог түшлэгт заларч, ядуу олноо хишигт буяныг хүртээсээр. Омголдмон уруул дээр нь инээмсэглэл тодрон, хөлсөндөө нэвтэрч хир даг болсон цамц нь эгшин зуур сэвэрч, сайртай хөлний нь шалбархайн хатсан цуусан дээр хар ялаа бужигнана. “Гэгээнтэн” зүүд нойрон дундаа жаргасаар...  Тэр өдрөөс хойш ээж хүү хоёрыг гай зовлон улам нэрмэжээ. Хээр унтаж наранд цохиулсан Мөнх тэнгэр хүү сайжралыг авалгүй намаржингаа өвдөж шаналсаар эцэст нь үүрдийн илий балай болжээ. Дунжаа “Аль насандаа хийсэн үйл лай, хэзээ хийсэн нүгэл намайг ингэж залхааж байдаг юм болоо...” гэж хувь тавиландаа гутран маань мэгзэм мэт үглэж явах болов. Мөнх тэнгэр хүүгийн нэр нь орчлонд мартагдаж, “Дунжаагийн балай” хэмээх тохуурхал доромжлолын амьд тоглоом айл айлаар хэсүүчлэн тэнэх болжээ. Эх хүү хоёрын цэцэг навчис дэлгэрсэн хорвоогийн зуны өнгө зүсийг үзсэнгүй. Хүний сэтгэлийг уужруулах урин хаврын уянга эгшгийг сонссонгүй. Мөс цасан дуулгатай мөнгөн өвлийн гоо сайхныг мэдэрсэнгүй. Айраг цагаа дэлгэрсэн тосон намрын шим шүүсийг амталсангүй. Гэвч хорвоо дэлхий эргэдгээрээ эргэж, хоног өдрүүд ээлжилдгээрээ ээлжилж, цаг хугацаа урссаар... Тэр хоёрын тухайд нар шарж ялаа бужигнасан зургаан зуны ангам наран, ядуу гэрт нь хүйт жавар хургасан зургаан өвлийн хахир хатуу, өлөн зэлмэг, ховор хоцор зургаан хаврын хавмсарга шуурга, усан бороо уйлагнан дусаал үер сандаргасан зургаан намрын саарал өдрүүдийг үдэв ээ. Арван зургаа хүрсэн Дунжаагийн балай шүлсээ савируулан, ус гүйлэгнэж гөлөрсөн нүдээр энэ тэрийг ангайн ширтэж, хүний ой тоонд оролгүй солиотой дэмий юм чалчин хэсүүчилнэ. Хүүхэд нохойд шоглуулан бэрхэртэл орилж, нус нулимстайгаа хутгалдан хүрээгээр тэнэнэ. Эхийнхээ үгэнд ч орохгүй харсан зүгтээ тоншуучилж, харуй буруй болоход л гэрийн бараа харна. Хэдий тийм боловч Дунжаа хүүг нь өчүүхэн төдий боловч доромжилж тохуурхсан хэнийг ч болов тасчин зулгаахаас наагуур өмөөрөн цамнана. Харин хүү ямар ч хүний өөдөөс хариу үл хийнэ. Балчирхан хүүхдэд зодуулсан ч орилхоос өөр гэмгүй. Үе үе толгойгоо дальдчуулж шилээ шөргөөн өрөөсөн гараа өвөртөө хийгээд солгой гараараа хандсан бүхнээ чичлэн “Би гэгээнтэн болох байсан юм...Ээжээс л болсон. Ээж л гэртээ байгаагүй юм...Угаасаа би гэгээнтэн” гэж бувтнан амьтны инээдэм ханиадам болно. Энэ үг ямар учиртайг эх нь үл ухах тул “Тийм байлгүй. Эрүүл байсан бол миний хүү юу ч болох байсан юм. Заяа муутай би ямар тахилыг нь буруу өргөчихсөн юм билээ..” гэж үглэнэ. Заримдаа хүү тэнгэр өөд зааж, - Нар бол хар шүүдээ. Яг хар байдаг юм. Түлэнхий дугуй хар юм байдаг. Би үзсэн, та нар мэдэхгүй гээд ямар нэгэн юмнаас айж жихүүцэх мэт дагжин чичирнэ. Хүмүүс хөхрөлдөн шоолоход - Үнэн нар чинь хар байдаг юм. Та нар бүгдээрээ тэнэг! Юм ойлгохгүй балай юм гэж уурлан цухалдана. Тэгснээ гэнэт цочсон юм шиг хаашааа ч хамаагүй гүйж, - Хүлээгээрэй, хөөе! Хүлээгээрэй! Би энд байна, гэгээнтэн чинь энд байна... би байна... Ээ та нар сохор уу? Сохорууд! Та нар тэндээс гэгээнтэн олохгүй... гэж харааж орилсоор одно. Сүсэгтэн хүмүүсийн зарим нь “Ямар ч амьтны сүнс юм билээ, хөөрхий, битгий уурлуул” гэж хүүхдүүдээ зандран, идэж уух юм өгнө. Зарим нь цээрлэж, сэжиглэж чөтгөр шулам мэт адлана.  Өвлийн нэгэн өдөр хүрээний зүггүй банди нар түүнийг жалганд дагуулж аваачин, хасаг хувцсыг нь тайчаад хүзүүнд нь хувхай яс хэлхэн зүүж, хөсрий адсага нөмрүүлээд, - За, гэгээнтэн минь одоо өргөөндөө залар! гээд гэр рүү нь хөөжээ. Хэн ч харсан аймаар түүнийг ноход хошууран элдэж, замд нь тааралдсан хүүхдүүд чулуу модоор шидэн шоолж хашгиралдав. Харсан авгай хүүхнүүд нүүр амаа даран “пий пай” болцгооно. Хүзүүндээ хөсөр яс зүүж адсага нөмөрсөн хүү орилон уйлан хөр цасан дундуур “Ээж ээ!.. ээжээ!” хэмээн бархирсаар навсархай гэр рүүгээ гүйнэ. Дуу шуугианаар Дунжаа ч хүүгээ тосон амандаа орсон хараал бүхнийг урсган, гарт тааралдсан бүхнээр ноход хүүхдүүдийг нүүлгэн шидэж хөөв. Хүүгийнхээ хөлдсөн хөлийг сувилж хэд хоног болсны хойно “Хүүгээ би хэнд ч доромжлуулж, хэний ч тоглоом болгохгүй” гэж бүхнээс өмгөөлөн хамгаалагч Дунжаагийн бие ч доройдов. Тэр нэгэн шөнө Дунжаа унтаж байгаа хүүгийнхээ өмнө суун хувь заяагаа дэнсэллээ. “Надаас хойш энэ үйл лайгаа үзэх юм байна. Хоёр биеэрээ ингээд л дуусгъя” гэж шийдэн гэрийнхээ бүсний дээсийг тас огтолж гогцоолдон нэгэнтээ үзсэн боловч хүүгээ өрөвдөөд гар нь хөдөлсөнгүй. Өөрийн зовлонгоос ангижрахын тулд ганцаардал, үгүйрлийн дунд хүүгээ орхиод амиа хорлочихож бас төвдсөнгүй. Нөгөөтэйгүүр нутаг усныхны сэжиг цээр төрүүлсэн нүгэлт явдал болохоос эмээжээ. Юутай ч гэсэн худал хулгайд орооцолдоогүй хоёр биеийн нэр төр гэж бас бий юмсанжээ. Өөрсдийг байтугай бор гэрээ ч гэсэн доромжлол басамжлалын бахыг хангасны эцэст цээрлэл жигшлийн голомт болгохыг бас хүссэнгүй ээ... Маргаашнаас нь ордог гардаг бүхнээрээ орж хүүтэйгээ хамт Утай, Гүмбэн явж мөргөл үйлдэнэ гэдэг цуу үг тарааж хэд хоносны хойно навтас шар эсгий болсон оромжоороо “сор залчихаад” эх хүү хоёр гэв гэнэт ор сураггүй алга болжээ. Мэдээж хэрэг, хүрээнийхний дунд ч олон янзын таавар гарч “Эх хүү хоёр эгэлгүй улс байсан юм гэнэ”, “Ногоон морь унасан эх хүү хоёрыг Утай гүмбэний замд явахад мөргөлчид харсан байна”, “Тэд гэртэйгээ шатаж үнс нүүрс болсноос зайлаагүй”, “Ад чөтгөрийн хорлол болсон байж таарна”... Янз бүрийн цуурхал гарч хэсэг шуугиж байснаа намдав. Гэтэл жил болсны хойно өөр яриа дэгдэв. “Бурханы оронд очиж адис хүртмэгц Дунжаагийн балай гэгээн болон хувилсан гэнэ. Орчлонгийн эх хүний сэтгэлийг танихаар дээр тэнгэрээс заларсан хувилгаан байсан гэнэ. Жагарын оронд бурхны шавь нараар хүрээлүүлэн заларч байна гэнэ. Дунжаа өөрөө ч эгэлгүй Дарь эх байсан юм байх” гэсэн цуу үг түймэр мэт тархаж, энэ үгэнд итгэх хүмүүс ч олширч, шатсан гэрийн буйрнаас үнс нүүрс авч хадгалцгаах болов. Тэр нэгэн шөнө Дунжаа гэрээ шатаачихаад хүүгээ дагуулан Сэлэнгэ мөрнийг уруудаж, ямар ч өвөл хөлддөггүй их салааны харзыг зорьжээ. Замын турш тэрбээр олон зүйлийг бодож явлаа. “Хүү минь надаас үлдвэл зовлон бүхнийг амсана. Миний хүү золбин нохойноос дор доромжлогдож байна. Энэ амьтныг би яасан ч тэгэж орчлонгийн доог тохуу болгохгүй. Хойт насанд л миний хүүгийн төөрөг тавилан төөрөхгүй байх болтугай. Миний хүүг жаргаадаг ч үгүй, амраадаг ч үгүй хорвоо юм бол ээж нь хүүгийнхээ зовлонг нимгэлье. Хараалт эм миний нүглийг эрлэг там өршөөхгүй нь лав. Харин миний хүүг бусдад үйлдсэн нүгэлгүй, зовлон туулсныг нь бодож энхжингийн орон тосох болтугай” гэж сэтгэлдээ мянгантаа давтан уухичиж явлаа. Юу ч болох гэж буйг үл мэдэх хүү нь үе үе ээжийнхэ өгөх ааруул хурууданд хууртан зузаан нэхий дээлийнхээ тамтгийг дааж ядан бөртгөнө. Үүр цайхын орчимд тэд зорьсон газартаа ирлээ. Эргэн тойронд нам гүм. Хаяа нэг жижиг шувуудын сүр сар хийхээс өөр чимээ аниргүй. Шинэхэн орсон цас малын хар туруу даржээ. Цавцайн цайрах мөсний дунд их мөрний харз тас харлан бидэртэнэ. Дунжаад ямар нэгэн аймшиг цухал, харамсал гоморхол ер төрсөнгүй. Тэрбээр хүүгийнхээ өвдгийг “Басамжлал тохуурхал, элэглэл доромжлол бид хоёроос үүрд холдох нь энэ дээ, миний бурхаан! Хүүгээ би Дунжаагийн балай гэсэн нэрээс цэвэрлэнэ. Хүүгээ би хэний ч элэг тоо болгохгүй. Хүүгээ би золбин нохойноос дор зодуур нүдүүрийн үзүүрт харахыг хүсэхгүй. Хүүгээрээ зовлонгийн далайн гүнийг хэмжүүлж амьдын там болгохгүй. Нүгэлт орчлонд хүүгээ ганцааранг нь орхиж явахыг ээж нь бас төвдөхгүй. Амьдрал, үхэл хоёр аль аль нь ганцхан юм хүү минь! Гэхдээ бид хоёр хүмүүст үхэл мөхлийн тухай биш, амьдралд дуртай хайртайн үлгэр туульс болон үлдэх болно. Хайраа харамлагч орчлонг өөрөө дараа нь ичих болно! Тэнгэрээс бид хоёр тэднийг шоолон инээнэ. Ээж нь хүүгийнхээ нэр төрийг аварна... Ямар ч байсан, биднийг шоглон тохуурхсан тэр хүмүүсээр ганц заяасан ариун цогцсоо чирүүлж зовлонгийн бах тавыг хангахгүй. Энэ өдрөөс эхлэн миний хүүг хүрээ хийдийн захаар хүмүүс үгүйлэн эрцгээх болно. Миний хүү тэдэнд хэзээ ч очихгүй, хэзээ ч олдохгүй! Тэгээд тэд эргэлзэн гайхаж сэтгэлдээ эрцгээх болно. Аргаа барахдаа тэд есийн шидийн домог заавар зохиох болно. Ингэж миний хүү хүмүүст хүслийн тухай сайхан үлгэрийн баатар болон үлдэнэ. Ээжийн чинь чадах л юм энэ! Дахиал тэд биднийг олж харахгүй!” хэмээн үглэн хүүгийнхээ өмнө сөхөрч байсан Дунжаа босоод эргийн захын мөсийг түшин усруу орлоо. Хүү гайхан харж зогссоноо “Ээж ээ!...Ээж!” гэж эгшиг аялгагүй сөөнгөтсөн паргиа дуугаар дуудаж, гэдрэгээ ухарч ээжийнхээ гараас мултрав. Бараг бүсэлхийгээгээрээ татсан харз усны хага ташим хүйтнийг шүд зуун тэсэн Дунжаа, - За, миний хүү ээждээ ир! Ээждээ ир, миний бурхан.. хэмээн хонгор ялдам энхрий сайхан дуугаар дуудав. Хүүгийн нүд жигтэйхэн том болсноо муухай дуугаран дахин ухарлаа. Усны хүчтэй урсгалд юу юугүй сөхөрч унах гэж байгаагаа Дунжаа мэдрэв. Одоо Дунжаа уснаас гаръя гээд ч гарч чадахааргүй болжээ. Цээжээр нь татсан зузаан мөс өмнө нь эрэгцэглэн ганцхан алхмын цаана хөлгүй хөх ус эргэлдэнэ. Тохойн хэрийн зайд мөс усны ангал хар ам завьжаа тэглэх мэт хүнхийж харлан тэр доогуур нь хаяа хүл халхийх битүү дуун сонсогдоно. Яаж хав даран нууцаллаа ч, орчлон хорвоогийн нүгэл буяны нүдэнд өртөлгүй өнгөрөх юм нэгээхэн ч үлддэггүй ажээ... Энэ удаад шинэхэн цаснаар арал шугуй хэсэж ангын мөр хөөхөөр үүр цүүрээр мордсон хотгойдын гөрөөчин хархүү эх хүү хоёрын энэ явдлыг төдий л холгүй байгаа бургас бутан дундаас айх гайхах зэрэгцэн нүдэндээ итгэж ядан ширтсээр байв... Сая нэгийг санасан Дунжаа энгэрээ яран, ширгэж шолбойсон хөхөө гаргаад: - Миний хүү ээждээ ир, энд дулаахан сайхан...гэв. Эхийнхээ хөхийг харсан хүүд эрт урьдын аз жаргалтай өдрүүдийн бүдэг бадаг тохиол бүүр түүрхэн боловч мэдрэгдэь бололтой... Хүү нүд салгалгүй мөөм рүү нь ширтэн байснаа эв хавгүй муухай хөхрөн эхдээ ойртлоо. Дунжаа хамаг хүчээ шавхан мөсний ирмэгээс зуурч энгэрээ яран хоёр хөхөө гаргалаа. Хүү “Хээ-ээ, хэ-хэ...мөөм...ээжий мөөм...” гэж ээрсээр инээмсэглэн мөсний ирмэгт тулж ирээд эх рүүгээ тонгойлоо. Тэрхэн зуур эх нь хүүгээ тэврэн зуурч “Аа” гэхийн төдий хальтхан дуу бүдэгхэн сонстоод амьдралд хайртай хоёр халуун зүрх мөс усны доогуур чимээггүйхэн гулсан шургалаа! Энэ бол төгсгөл биш, харин эхлэл байжээ... Үлгэр ингэж эхэлжээ... #Улаанбаатар хот 1991.02.01

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх