Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/44821308_2277697822302115_6739180399005532160_o.jpg

Монголын рок попын урлагт 25 жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, дээрх ойд зориулан хэд хэдэн тоглолтоо сонсогч, үзэгч түмэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Гавьяат Жүжигчин зүтгэлтэн хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын “Чи минь байгаа болохоор...” бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 23,24-ны өдөр UB palace-ийн их танхимд тоглогдох бөгөөд Д.Отгонбаярын дууг дуулсан бүхий л уран бүтээлчид тоглолтод оролцох юм.

Ингээд МУГЖ Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцлаа.

Сур: Төгс төгөлдөр уран бүтээл, тоглолтыг хийхийн тулд хэр “их тарчилж”, “шүүсээ шахдаг" болоо?

Өнөөдөр хүмүүс хэн нь юу хийгээд яваад байна, хэн нь сайн уран бүтээл хийхийн тулд зовж хөдөлмөрлөж байна гэдгийг ялгадаг болсон байна. Яахав өнгөцөөр дүгнэх нь ч бий л дээ. “Хурд” үргэлж л сайн уран бүтээл хийхийн тулд ихэнх цагаа энэ студидээ өнгөрөөдөг. Гэхдээ дан бэлтгэл хийгээд гитараа тоглоод суугаад байсангүй. Хийх юм Монголд их байна ш дээ. Яахав болж байгаа нэг нь болдог л юм байгаа биз. Бид нарын хувьд болоогүй байна. Хийх, сурах юм зөндөө байна. Бид нар чинь дөнгөж гуч гараад л явж байна. Энэ нас бол ид алдаа мадаггүй, ноороггүй юм хийдэг нас. Төгс төгөлдөр уран бүтээл хийх эрмэлзлэлээ хэзээ ч алдахгүй. Хойшид ч илүү гоё гоё концертуудыг хийх болно. Бид ажлаа сайн хийж яваа хамтлаг. Гэлээ гээд би болсон, ханачихсан байна гээд суугаад байж болохгүй. Уран бүтээлээ сайн хийж тоглосноор өдий арав гаран жилийн хугацаанд мөн арав гаран альбомийг гаргасан байна. Тийм хэмжээний том концертуудыг ч тоглосон байна. Авсан гавьяа шагнал гээд ярих юм бол Пентатоник наадмаас хамгийн их шагналыг нь манай хамтлаг авсан байдаг юм байна лээ. Энэ мэт хийсэн зүйлээрээ бахархаад ярьвал зөндөө. Гэхдээ Монголын рок хөгжим, амьд хөгжим болсон гээд зогсоод байх юм бол шаварт зоогдоно шүү дээ. Манайхныг гадныхантай харьцуулахад газар тэнгэрийн ялгаа бий гэдгийг мартаж болохгүй.

Сур: Тэгвэл өнөөдрийн өндөрлөгт та бүхэн яг бор зүрх, хичээл зүтгэлээрээ хүрсэн үү?

Мэдээж. Тэр дунд чинь тохиолдох зовлон, жаргал зөндөө зөндөө. Хоёрт гэх юм бол өнөөдрийн өндөрлөг гэж яримааргүй байна. Өнөөдөр би хийсэн бүтээснийхээ ард гараад харахад үүнээс илүү ихийг л хийхийг хүсч байгаа учраас энэ үг оносон үг биш болов уу. Би урлагийн амтанд энэ амьдралаа зориулаад тэр чигээрээ орчихсон хүн л дээ. Энэ хаана очиж дуусахыг хэлж мэдэхгүй байна. Монголын бахархал болохыг л мөрөөдөж байна. Нөгөө талаас бусдын хийж байгаа уран бүтээлийг үгүйсгээд зөвхөн бид гээд цээжээ дэлдээд баймааргүй байна. Таны асуултанд хариулахад бид ёстой бор зүрхээрээ л “Хурд” гэдэг том цайзыг босгож хэнд ч харьяалагддаггүй, хэнээс ч гуйдаггүй, хэнд ч гуйлгадаггүй бие даасан статусаараа өдий болтол тоглож ирлээ. Энд ярихад зөвхөн урлагт ч биш, бизнест ч, улс төрд ч долгинох асуудлууд аягүй их байдаг. Аль нэг даргыг дагаж байгаад дарга болчихдог. Амьдрал нь гайгүй болдог. Харин “Хурд”-д хэзээ ч бид нарыг зурагтаар гаргаад өгөөч гэж ямар нэг ТV дээр очиж гуйж байгаагүй. Хойшдоо ч гуйхгүй. Тийм учраас “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг шиг сайн дуу, сайхан уран бүтээл хийж чадах л юм бол ард түмэн яаж ийж байгаад л сонсдог байхгүй юу.

 

Сур: Магадгүй ах дүү нарын хамтлаг учраас ажил сайн явах нэг нууц байдаг болов уу? Ер нь арав гаруй жилийн энэ хугацаанд байнга шинээрээ байхын нууц юу байна.

Ах дүү бол ах дүү. Нэг гэр бүл учир бүлсэг байх ёстой, нэг нэгнийгээ хүндлэх хэрэгтэй. Харин уран бүтээлийн тал дээр бол маш их маргалдаан болдог. Ах дүү байхгүй болно ш дээ. Нээрээ шүү. Би ийм байх ёстой гэхэд үгүй ийм байх ёстой гээд нөгөө талаас нь дайрах жишээтэй. Мэдээж маргалдаангүйгээр сайн бүтээлүүд гарна гэж байхгүй. “Харин тийм ээ” гээд бие биенээ хүлээн зөвшөөрөөд “өө лаг байна, болж байна” гээд яваад байвал чанартай бүтээл гарах нь эргэлзээтэй. Гэхдээ “Хурд”-д ялж, ялагдаж байсан үе аль аль нь бий. Бүхнийг өөрийн гараар бүтээж яваа учраас хамтлагаараа би бахархдаг. Тэгээд ч би үүнээс өөр юу хийж чадах юм бэ. Зам, барилга байшин бариад гүйж чадахгүй. Супермаркет нээхэд юм зарж чадахгүй. Би бурхнаас заяасан авьяасаар л яваа хүн. Тийм ч болохоор ээждээ, аавдаа, бурхандаа баярлаж явдаг юм. Энэ бол үгээр хэлшгүй сонин ертөнц. Хүн чинь төрдөг байхгүй юу. Зуундаа нэг л төрнө. Бид нар энэ зуундаа нэг л төрж байгаа хүмүүс. Энэ бол шалгарал. Өшөө шалгарчихсан байгаа болов уу л гэж бодож байна.

Сур: Энд түүх сөхвөл ямар байна. “Хурд”-ын анхны тоглолтоор яриагаа үргэлжлүүлье.

“Хар салхи” нэртэй анхны тоглолт маань улсын циркт болж байлаа. Энэ тоглолтод “Цэргийн бодол”, “Чимээгүй ирэх дурлал”, “Алив бос”, “Чоно” дуунууд маань дуулагдсан. Үнэхээр зүрх сэтгэлд үлдсэн сайхан үе. Монголын түүхэнд байгаагүй хамгийн анхны том тайзыг бид нар л засч байсан. Манежтай чацуу болон зрителийн дээгүүр, доогуур гүйж болох тийм тайзыг засахын тулд таван хоногийн ажил болж байлаа. Энэ бол зөвхөн тайзан дээр зарцуулсан хугацаа. Энд гэрэл хөгжмийг яриагүй. Ёстой манайхаас хойш л тайз засдаг болсон шүү  дээ. Модны зах дээрээс банз зардаг ах, эгч хоёроос таван самосволь банз аваад буцаагаад тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн гээд бод доо. Тухайн үед гоё тоглолт хийх юмсан гэсэн хүсэл л байсан учраас юу ч хийхэд бэлэн байсан. Тэр үед биднийг ямар ч компани ивээн тэтгэдэггүй байлаа. Ёстой л олсон гурван төгрөгнийхөө нэгийг нь цаашаа хийж, хоёрыг нь нааш хэрэглэн, наана цаана гэж гүйж байгаад л энэ тоглолтоо хийсэн юм. Одоо энэ үеийн видео бичлэгүүдээ үзэхээр үнэхээр гайхалтай концерт болсон байдаг. Тухайн үед урлаг гэлтгүй бүх юм жаахан доошоогоо орчихсон байсан үе байлаа. Дэлгүүрийн лангуун дээр бор давс л байсан. Нөгөө картны барааны үеийн л тоглолт л доо. Зритель хүртэл зүрх сэтгэлээрээ биднийг дэмжин үзэхийг хүсч байсан ч бэлэн мөнгөгүй. Биднийг үзэх гэсэн олон циркийн гадаа овооролдоод л, хаалгаа тавихыг хүлээгээд л. Манай төмөр замынхан бүгдээрээ ирчихсэн байсан. Тэр үед бид нар ярьж байгаад жагсаагаад үнэгүй оруулж байв. Билетийн үнэ 777 төгрөг. Энэ нь тухайн үедээ өндөр эсвэл бага байсныг одоо санахгүй байна. Ээж маань 777 байхдаа яадаг юм муу ёрын тоо гэж загнаад л. Ингээд сонирхуулбал бидний түүх их шүү.

Сур: Анхны уран бүтээлүүд хит болоход “Хурд”-д ямар мэдрэмж төрж байсан бэ? Жаахан биеэ тоосон уу?

Тухайн үед биднийг хэн ч мэдэхгүй.  Юун Ганбаяр, Отгонбаяр, Цогоо. Автобусанд бусдын адил суугаад л, хуушуур идээд л явдаг байлаа. Заримдаа автобусанд мөнгөө төлж чадахгүй бол кондукторт үснээсээ зулгаалгаад буугаад явах ч үе байв. Харин одоо урлагийн болон урлагт хайртай ард түмнийхээ буянд хийсэн бүтээснээ үнэлүүлээд явж байгаадаа баярладаг юм. Анх “Чимээгүй ирэх дурлал”, “Нулимсаа тэвчье”, “Чи минь байгаа болохоор”, рок дуунуудаас гэвэл “Миний найз, миний дайсан“ гэхчилэн дуунуудыг маань хүмүүс дагаад дуулахаар үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрдөг байлаа. Яг л агаарт нисээд байгаа ч юм шиг. Тэр бол бурхны надад заяасан төрөлхийн авьяасын дээд цэг нь юм уу даа. 2005 оны талархлын концертоо одоо дурсмаар байна. 7 сарын 11-ны орой цагдаагийн мэдээллээр зуу гаран мянган хүн цуглаж байна. Яг 24 цагт тарна шүү гэж байсан. Тэр олон хүмүүс бүгд биднийг дагаж дуулаад л. Ёстой өөрийн эрхгүй өөрөөрөө, “Хурд”-аараа бахархсан.

 

Сур: Мэдээж тэр үед хөгжим тоног төхөөрөмж ч гэсэн ховор байсан үе биз дээ.

Үнэтэй байлгүй яах вэ. Тэр үед Оросоос Ганбаяр ахын найз нар, рок мангас Мөнхсайхан нар наана цаана гэж гүйж байгаад хөгжимтэй болж байлаа. Тэрүүгээр л анх тоглож байв. Тэр маань бас тухайн үедээ бас бяц дуугарнаа. Харин одоо манай складанд түүх болон үлдсэн байгаа. Тэрнээс хойш бид нар нэгмөсөн чанартай сайн хөгжим авчихдаг болохоор ариг гамтай эдлэх юм бол урт настай л даа. Өнөөдөр Монголд над шиг гитартай хүн байхгүй л дээ. Би бүр цээжээ дэлдэж онгирч байгаа юм. Зөвөөр ойлгоорой. Гитараараа л онгирч байгаа гэдгийг. Үнэхээр сайхан уран бүтээлийг хийхэд дан нэг өнгийн гитараар тоглох бас их өрөөсгөл. Яалт ч үгүй уран бүтээлээ дагаж дуу болгон дээр гитараа сольж дуугаргаж үзмээр санагддаг юм. Хар л даа. Гадны гитарчид бүгд л өөр өөр гитараар тоглосон байдаг. Үүнийг бид явцын дунд л мэдэж байгаа юм чинь. Юм судлаад, гадаад дотоод явж байхад өөрийн эрхгүй анзарагдсан л даа. Дөрөвхөн такт тоглохын тулд нэг гитарыг л хэрэглэж байна тэд. Тэр гитарчин зөвхөн тэр аяны тэр тактыг тоглохын тулд тэр гитарыг хайдаг гээд бод доо. Aerosmith-ийн түүхэнд нь байдаг. Дууны нэрийг нь санахгүй байна. Охин нь аавыгаа буудчихдаг клиптэй дууны нэг хэсэг дээр гитарчин нь би нэг тийм л юм дуугаргамаар байна гэж хайгаад их олон сар болсон байгаа юм. Сүүлдээ хамтлагийнхан нь альбомоо одоо дуусгая гэж яаруулаад. Тэгээд бүр жаран хэдэн онд үйлдвэрлэгдсэн өсгөгчийг Америкийн нэг тосгоны сургуулиас худалдаж авч ирээд студидээ тавьсан гэж байгаа юм. Тэгж их хөдөлмөрлөж байна. Ер нь энэ бол цэвэр мэдрэмж л дээ. Энэ хугацаанд мэргэжлийн талаас их олон юм дутагддаг. Тэр бүрийгээ өмсөж зүүхээ хасаж байгаад л авах хэрэгтэй байгаа юм чинь. Би тэгж л ирсэн.

Сур: Та бүгдийн уран бүтээлд ээжийн, бүсгүйчүүдийн тухай дуу олон бий. Энэ ч бас захиалгынх байдаг уу?

Янз бүр л дээ. Энэ хорвоог энэ сайхан хүмүүсгүйгээр яаж төсөөлөх юм бэ. Намайг хэд хувааж чадах юм бэ гээд л эхлэе л дээ. Тийм учраас би агуу юм яримааргүй байна. Агуу ч юм ярьж чадахгүй. Энэ сайхан, эр хүний уярааж чаддаг ухаалаг тэднийгээ магтан дуулахаас өөр аргагүй. Тэдэнгүйгээр энэ сайхан дуунууд төрнө гэдэг хэцүү. Эмэгтэй хүн байхгүйгээр дуу хийгээдэх гэх юм бол в чадахгүй. Хэрвээ эмэгтэй хүн байхгүй болчихвол шууд гитар тоглохоо болино.

Сур: Түрүүн Пентатоникийн хамгийн олон шагналтай хамтлаг гэж байсан...?

ХЛТА компанийн захирал Батболд ах бид нарыг 1993 онд Пентатоник наадмын дебют хамтлагаар шалгарахад анх микро автобус бэлэглэж байлаа. Бүгдээрээ чихэж аваад л гарна. Ингэж анх удаа Пентатоникийн шагнал авч бас микро автобус бэлгэнд авсан нь бидний анхны шагнал юм. Ер нь өнөөдөр тоглож байгаа урлагийнхан бүгд л биднийг хурцалдаг. Нэг л зэвүүн юм сонсчихвол шөнө унтахаа байгаад маргааш нь ирээд уран бүтээлийн эрэлд гардаг даа.

Сур: Баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх