etoim.mn
photos/grace_kelly.jpg

Үзэсгэлэнт бүсгүй Грейс Келли нь Америкийн алдартай жүжигчин, Оскарын шагналын эзэн, мөн Монакогийн хунтайж гуравдугаар Реньегийн эхнэр гэдгээрээ түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн билээ. Гэхдээ түүний тухай хүн болгоны мэддэггүй баримтууд байдаг байна.  Тухайлбал, Грейст далдыг харах чадвар үе үе илэрдэг байсан бөгөөд жүжигчин бүсгүй өөрийнх нь амьдрал эмгэнэлтэйгээр дуусахыг урьдаас мэдэж байжээ. Грейс 1929 онд АНУ-ын Филадельфи муж улсад үйлдвэрийн эзэн Жон Келлигийн гэр бүлд төржээ. Түүний гэр бүл хөрөнгө чинээтэй төдийгүй шоу-бизнесийнхэнтэй танилууд байсан бөгөөд Грейсийн ээж Маргарет Майер залуудаа фотомодель байсан бол Пулитцерын шагналыг хүртэж байсан түүний ах Жорж Келли нь жүжгийн алдартай зохиолч байжээ.  Грейсийг шашны сургуульд өгсөн бөгөөд охин сургуулийнхаа жүжигт тоглож эхэлсэн байна. Коллеж төгссөнийхөө дараа Грейс Нью-Йорк хотыг зорьж, тэнд фотомоделиор ажиллахын хажуугаар Америкийн драмын урлагийн академийн жүжигчний ур чадварын хичээлийг судлах болжээ. Эхэндээ бүсгүйд зөвхөн зар сурталчилгаанд тоглох л завшаан олдож байв. Гэхдээ 1949 онд аз түүнийг ивээж, Грейс Бродвед Стриндбергийн “Эцэг” жүжигт тоглосон байна. Энэ үеэс эхлэн түүнийг ковбойчуудын тухай адал явдалт кинонд тоглохыг урих болжээ. Дөнгөж жүжигчний гараагаа эхэлж буй жүжигчин бүсгүйтэй Гэри Купер, Кларк Гейбл, Ава Гарднер зэрэг хэдийнэ од болсон жүжигчид хамтран тоглож байв.  Грейс нийт 10 гаруйхан кинонд тоглосон ч Холливудын хамгийн орлого ихтэй жүжигчин цолыг авсан бөгөөд харин 1954 онд “Тосгоны охин” киноны гол дүрээр Оскарын шагнал хүртэж байжээ. Төд удалгүй алдартай найруулагч Альфред Хичкок залуу одыг анзаарч эхлэн Келлиг “Аллага болсон тохиолдолд “М” рүү залга”, “Хашаа руу харсан цонх”, “Хулгайчийг барь” зэрэг гурван кинонд тоглуулсан байна. Гурав дахь киноны зургийг Францын Ривьер хотод авсан бөгөөд чухам тэнд Грейс Монакогийн хунтайж гуравдугаар Реньетэй танилцжээ.  1956 оны дөрөвдүгээр сарын 18-нд тэд гэрлэснээр Грейс Келли жүжигчний мэргэжлээ орхив. Бүсгүй үнэнч эхнэр бөгөөд Каролина Маргарита Луиза, Альбер болон Стефания Мария Елизавета хэмээх гурван хүүхдийн эх болжээ. Грейс болон Реньегийн хүү нь хоёрдугаар Альбер гэдэг нэрээр Монакогийн угсаа залгамжлах хунтайж болсон байна. Гүнжийн ойр дотны хүмүүсийн нотолж байгаагаар, Грейс далдыг харах чадвартай байсан бөгөөд байгалийн гамшиг болох гэж байгааг үе үе мэдэрдэг, бас түүний ойр дотныхон болон танилуудад тохиолдсон золгүй явдлыг урьдаас мэдэрдэг байжээ. Болох гэж байгаа үйл явдлын дүр зураг түүний бодол санаанд байнга үзэгддэг байсан гэнэ. Хэрвээ хүүхдүүдийнх нь нэг нь унах эсвэл хөл гараа юманд цохиж гэмтээсэн тохиолдолд Грейс хүүхдийнхээ өвдөж байгааг бие дээрээ мэдэрдэг байжээ. Нэгэн удаа маш их санаа зовсон байдалтай гэртээ ирж, гэрийнхэндээ ээжид нь азгүй явдал тохиолдож, эмнэлэгт хүргэгдэж байгаа тухай ярьсан байна. Гэрийнхэн нь тэр даруйд нь Америк руу утас цохиход гүнжийн ээжид юу ч тохиолдоогүй бүх юм зүгээр гэж хэлсэн ч энэ үг Грейсийг тайвшруулаагүй бөгөөд гүнж азгүй явдал болсон гэж давтан хэлсээр байжээ. Маргааш нь ямар мэдээ ирсэн гээч! Урьд өдөр нь гүнжийн ээж цус алдаж, түүнийг эмнэлэгт хүргэхээр авч явсан гэж тэдэнд хэлсэн байна. Хэргийн учир нь энэ мэдээг тэдэнд тэр даруйд нь дуулгаагүйд байжээ. 1980 онд Грейс Өмнөд Каролиний сэтгэл мэдрэлийн хүрээлэнд нууцаар очсон байна. Тэнд түүнийг зургаан цагийн турш янз бүрийн тестээр шалгажээ. Тэдгээрийн нэг нь “Харайлт” гэдэг нэртэй тест байсан бөгөөд энэ нь компьютерын дэлгэцэн дээр байрлуулсан дөрвөн морийг шинжин, тэдгээрээс уралдаанд түрүүлэх морийг таах явдал ажээ. Тестийг хэдэн арван удаа давтан явуулсан ч Грейс бүх тохиолдлыг тааж байжээ. Ийм тестэнд далдыг харагч нар 70 хувийн магадлалтай таадаг бол Грейс 100 хувь тааж байжээ. Мөн бусад увидастнуудаас ялгаатай нь Грейс өөрийнхөө үхлийг урьдаас мэдэж байжээ. Хэрхэн нас барж буй дүр зураг түүний толгойноос хоёр жилийн турш салаагүй байна. Гүнж удахгүй үхэх гэж байгаагаа гэрийнхэндээ нэг бус удаа хэлж байсан бөгөөд золгүй явдал Монакод болно гэж хэлдэг байжээ. Түүний нүдэнд өөрийг нь авсанд хийж, хүүхдүүд нь цогцсыг нь дэрлэн цурхиран уйлж байгаа дүр зураг харагддаг байв. 1982 оны есдүгээр сарын 13-нд Грейс бага охин Стефаниятайгаа хамт “Ровер” машинаар явж байжээ. Грейс өөрөө машинаа жолоодож байсан бөгөөд гэнэт зүрхний шигдээс болж, машин удирдлагаа алдан эргэлтэн дээр уулын бэл рүү унасан байна. Осолд орсон машинаас Грейсийг гаргах үед тэрбээр амьд байсан бөгөөд эмнэлэгт хүргэсний дараа ухаан орохгүй байсаар маргааш нь нас баржээ. Харин охин нь хүзүүндээ хүнд гэмтэл авсан ч хожим нь эдгэрсэн байна. Грейс Келлиг есдүгээр сарын 18-нд Гримальдын оршуулгын газарт оршуулжээ. Гэгээн Николайн сүмд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 400 хүн ирсэн бөгөөд тэдний дотор Уэльсийн гүнж Диана, жүжигчин Кэри Грант зэрэг алдартнууд байсан байна. Хайртай эхнэрээ алдсаны дараа хунтайж Ренье дахин гэрлээгүй юм. Тэрбээр 2005 онд нас барсан бөгөөд түүнийг Грейсийн хажууд оршуулжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх