etoim.mn
photos/400088e8375c3e2645d4d317fb0bcab3.jpg

Засгийн газрыг огцруулах албан бичигт УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Засгий газрыг огцруулахыг УИХ дахь АН-н бүлэг болоод УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар дэмжихээ мэдэгдсэн.

Ингээд Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангаж чадаагүй, гүйцэтгэх засаглалынхаа үүргийг биелүүлж чадаагүй учраас Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд сахилга бат, шударга ёсны тухай ярьж байгаа боловч ам, үйлдэл 2 нь зөрж байна. Хариуцлага алдсан гэх гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлчөөд нийгмийн дунд маргаан дагуулан, иргэдийн хүсэн хүлээгээд байгаа, гишүүд нь хариуцлага алдчихсан байхад шударга ёсны сэлэмээ гаргахгүй байгаа. Бид МАН-ын бүлгийн хурал дээр олон ч удаа ярьсан. Гэтэл хариуцлага алдсан танхимын гишүүддээ бус өөр алан тушаалтанд ил болон ил бусаар хариуцлага тооцож байгаа нь Ерөнхий сайдын ярьдаг шударга ёстой нийлэхгүй байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөөд байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ерөнхий сайдыг огцруулах 7 үндэслэл гаргаж тавьсан. Эдгээр үндэслэл нэг нэгээрээ байсан ч Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл болно. Миний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Хэдэн өдрийн өмнө Үндсэн хууль болохгүй байгаа учраас би ажлаа хийж чадахгүй байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Хоёрдугаарт УИХ-ын индер дээрээс УИХ-д хариуцлага тооцно гэж ярьсан. Гэтэл Ерөнхий сайд УИХ-д хариуцлага тооцох эрхзүйн ямар ч үндэс байхгүй. Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд бус намын даргын хувиар намын гишүүддээ хариуцлага тооцно гээд байгаа юм. Намын дарга төрийн байгууллагад хариуцлага тооцож болохгүй шүү дээ. Товчхон хэлэхэд УИХ бол төрийн байгууллага, нам бол төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага ямар ч мундаг том даргатай байсан төрийн байгууллагад хариуцлага тооцдоггүй юм. Тэгэхээр энэ хүн НАМ, ТӨР хоёр тусдаа байгууллага гэдгийг л ойлгож чадахгүй яваад байна.

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Миний харж байгаагаар энэ байдал бол монголын төрд үүрлэсэн бизнесийн бүлэглэлтэй тэмцэж байгаа үйлдэл юм. УИХ-ын үйл ажиллагаа талаар МУ-ын Ерөнхий сайд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн нь буруу гэж би бодохгүй байна. Ард түмэн бүгд харж байгаа байх. Нэг хүнд хариуцлага тооцсоны төлөө Засгийн газар унагах хэмжээнд хүрч байна гэдэг нь том асуудал.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Одоо хувьсгал хийх цаг нь болсон. Ард түмэн дэмжих ёстой гэдгийг хэлмээр байна. Засгийн газрыг огцруулах нь зөв. Миний харж байгаагаар УИХ-ын даргыг огцруулах асуудал яригдаж эхлэнгүүт зөрүүлээд Засгийн газрыг огцруулахаар бэлдэж байна. Дээрээс нь ЖДҮ-д шууд холбогдсон гишүүд өөрсдөө гарын үсэг зурж, Засгийг огцруулахаар бичиг үйлдлээ. Ерөөсөө Монголын төрд дээрээсээ ялзарсан, өтсөн гэдэг нь харагдаж байгаа болохоор УИХ ч тар, Засгийн газар ч огцрох ёстой. Хэрэв тэд өөрсдөө огцрохгүй бол ард түмэн тэмцэхэд бэлэн болсон шүү гэдгийг л хэлмээр байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Би Засгийн газрыг тогтвортой байгааай гэж хүсдэг. Нэлээн бодож, тунгаасны эцэст гарын үсэг зурлаа. Сошиал ертөнцөөр бол Ерөнхий сайд Монгол улсыг удирдаад байгаа юм шиг боллоо. Ерөнхий сайдын чуулганы хурал дээр хэлсэн үг миний эгдүүг хүргэсэн. Шүдгүй арслантай өөрийгөө зүйрлээд надад эрх мэдэл өг гэсэн нь үнэхээр болчимгүй үг байсан. Ямар аргаар юуны эрх мэдлийг авах гээд байгаа нь үнэхээр сонин санагдаад байгаа юм. Мөн чуулганы хуралдаан дээр би Ерөнхий сайд хүн шүү гэж хэлэхийн оронд би цэргийн хүн шүү гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчсөн үгийг олон нийтэд хандаж хэлж байгаа нь Монгол улсын төрийн өндөрлөгийн хувьд ёсзүйгүй үйлдэл болсон. Би гарын үсэг зурахдаа албан тушаал авахгүй зөвхөн төрийг сайжруулахын тулд гарын үсэг зурж байгаа гэдгээ хэлээд зурсан гэдгийг хэлмээр байна.

 

Бэлтгэсэн. Э.Мөнх-Эрдэнэ 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх