etoim.mn
photos/Hatanbold16.jpg

Улс төрчдийн увайгүй үйлдэл, хээл хахуул, албан тушаалаа урвуулан ашиглах нөхцөл байдал хэрээс хэтэрч, үүний улмаас иргэд УИХ-ыг тарахыг шаардаж байна. Улмаар нийгэмд “Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв сонголт” гэсэн яриа гарах болсоор удлаа.

Улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагааны алдаа, Засгийн газрын тогтворгүй байдлын сөрөг нөлөөллийн  талаар ШУА-ын Философийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга , Улс төр судлаач, доктор О.Хатанболдтой ярилцлаа.

 

Сур: Цахим орчимд Ерөнхийлөгчийн засаглалтай больё гэсэн санаачлагыг иргэд гаргах болсон. Парламентын засаглалтай орон Ерөнхийлөгчийн засаглалтай болох боломжтой юу?

 Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай яриа зөвхөн өнөөдөр хөндөгдөж байгаа сэдэв биш. Улс төр, Засгийн газрын  тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийн зүгээс энэ санаачлага гардаг. Ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлвэл Монгол улсын хувьд маш том ухралт болно. “Оготны хамраас ч  цус гаргалгүй ардчилсан хувьсгал хийлээ” л гэдэг. Тэр үеэс эхлэн “Монгол бол ардчилсан орон, ардчиллын жишээ болж байгаа улс” гэж дэлхий нийтэд дэлгэн ярьчихаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь дэлхий нийтэд үл итгэл, эргэлзээг төрүүлнэ.

Манай улс нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралд өртөөд ирэхээр Монгол Улс хүчтэй, нэг хүний гарт байвал  БҮХ ЗҮЙЛ болчих юм шиг яриад байгаа юм. Тэр бүү хэл Чингис хаантай харьцуулж, нэг хаан Монголыг удирдаж, захирч чадсан юм чинь одоо яагаад Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй гэж ярьдаг. Ард түмэн нэг засаглалаас нөгөө засаглал руу шилжихийг байж болох үзэгдэл мэтээр бодож байгаа боловч өнөөгийн Ардчилсан нийгмийг яах вэ? 

Уг нь ардчиллаа улам цогцлохын төлөө тэмцэхээс биш болохгүй байна гээд өөр засаглал сонгож болохгүй. Хүмүүс бодох хэрэгтэй. Бид 28 жил ардчилсан орон гэж ярьж, алдаж онож явлаа. Одоо Ерөнхийлөгчийн засаглалтай болбол дахиад хэдэн жил догонцож амьдрах вэ? Үндсэн хуулиас эхлээд бүх төрлийн хууль тогтоомж, Засаглалын эрх мэдэл, төрийн байгууллагууд гэх мэтээр Монгол улс дахин шинэчлэгдэх шаардлагатай болно. Үүнд дахиад 20, 30 жил шаардлагатай. Тэр болтол Монголчууд яаж амьдрах юм бэ?

Хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж ярьж байгаа нь засаглалын тогтворгүй байдал буюу юуг, яаж, хэрхэн хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй Засгийн газрын үлгэн салган үйл ажиллагаанаас болж байгаа юм. 

Сур: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хязгаарлана гэж заасан. Үүнд хэсэг бүлэг хүмүүс шүүмжлэлтэй хандаж, илүү эрх мэдэлтэй байх хэрэгтэй гэх юм. Үндсэн хуульд байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа юм уу?

Монгол Улс парламентын засаглалтай нэгдмэл улс.  Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмний бэлэг тэмдэг байна гэж заасан. Ерөнхийлөгч бэлэг тэмдгээрээ л байя л даа. Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх асуудал руу гүйдэг, нэг харахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн ч юм шиг, эсвэл хууль тогтоох байгууллагын дарга юм шиг байгаа нь алдаа болсон. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заагдсан байр сууриа чандлан сахиад, эдийн засаг, нийгэм, улс төрийн гацаа үүсээд намууд зөвшилцөж чадахгүй болсон үед Ерөнхийлөгч улс төрд оролцож байх юм бол аль аль талдаа ашигтай юм.

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж Монголын зүйр цэцэн үг байдаг. Яг ийм маягаар л Монгол улс гэлдэрч байна. 70 жил социалист нийгмийн туршилт болсон бол одоо 28 жил ардчиллын жишээ болж байна. Дахиад жишээ болох засаглалын тогтолцоо ард түмэнд хэрэггүй.

Сур: Улс төрийн зарим шийдвэр, үйлдлээс болж олон нийт маш их бухимдал үүслээ. Улмаар улс төрийн шинэчлэл хийх хэрэгтэй гэж ярих болсон. Одоо улс төрийн шинэчлэл хийх цаг үе мөн үү?

 Нийгэмд бухимдал байгаа нь үнэн. Гэхдээ улс төрийн шинэчлэлээр яг ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгааг нь би олж харахгүй байна. Нийгэмд байгаа бухимдлаас харахад улс төрийн шинэчлэл гэхээсээ илүүтэй бодлогын шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Тухайлбал шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүддээ шинэчлэл хийх хэрэгтэй. Ямар учраас шатахуун импортлогчид төрийг “бойкотлож”, ард түмнийг бухимдуулна вэ? Импортлогчдын хүртэж байгаа ашгаас төрд хүртдэг болов уу? гэх мэт нийгмийн бухимдлыг төрүүлж, асуудал үүсгээд байгаа асуудалд шинэчлэл хийх шаардлагатай юм.

Ер нь иргэдийн яриад байгаа улс төрийн шинэчлэлийг хүн бүр өөрөөсөө эхлүүлээсэй гэж би боддог. Хүн бүр улс төрийн аливаа асуудлыг бодит байдлаар хүлээн авч, буруу зүйлийг шүүмжилж, сайныг нь сайшааж байх ёстой. Ингэж чадвал улс төрийн язгуур шинэчлэл болох юм. Хэн нэгэн хүн зоригтой үг хэлэхэд “энэ муу юугаа мэддэг гэж ингэж ярьдаг юм” гэсэн бодол Монголчуудад байдаг болохоор өөртөө улс төрийн шинэчлэл хийж чаддаггүй.

Мөн нэг хүнийг нөгөөгөөр нь солихыг шинэчлэл гэж эндүүрдэг. Улс төрийн шинэчлэл гэдэг нийгэм үндсээрээ, язгуураа сэтгэлгээний өөрчлөлт орж байхыг шинэчлэл гэнэ.  Харин тэр сэтгэлгээний шинэчлэл нь зөв байх ёстой гэдгийг анхаарах ёстой. Одоогийн төсөөллөөр буюу хүнийг хүнээр сольдог улс төрийн шинэчлэлийг бид  4 жил тутамд хийж байгаа шүү дээ.

Энд зүйл хэлэхэд манай улс төрийн хүчин Засгийн эрхийг авахаараа өмнөх эрх баригчийн үйл ажиллагааг үгүйсгэдэг. Уг нь өнгөрсөн дөрвөн жилд улс орныг хэрхэн удирдсан талаарх нарийвчилсан анализыг хараат бус байгууллагаар хийлгэх ёстой. Одоо мөрийн хөтөлбөр боловсруулахдаа анализ хийдэг л байх. Гэхдээ тэр анализ нь хэт улс төржсөн байдалтай байгаа  нь алдаа болдог. Миний бодлоор, улс төрийн хүчин нийгмийн бүхий л салбарт өнгөрсөн дөрвөн жил эрх баригч нам юу хийсэн бэ гэдгийг нь тодорхой нарийн судлах ёстой.  Ийм бодитой нарийвчилсан анализ хийж чадвал  өмнөх Засгийн газрын алдаа, оноо тодорхой болж, үүнд тохирсон бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болно.  Аливаа тулгамдсан асуудлыг үндсээр нь судалдаггүй, зөвхөн улс төржсөн өнгөц дүгнэлтийг хийж байгаа. Уг нь асуудлыг үндсээр нь судлаад алдааг нь залруулвал дараа д дахин ялалт байгуулах боломж нь нэмэгдэнэ. Манай томоохон улс төрийн хүчнүүдийн алдаа ерөөсөө л энэ.

Сур: У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг танхимыг унагах тухай яриа ид өрнөж байна. Одоо Засгийн газрыг дахин унагаснаар Монголд учрах сөрөг үр дагаврыг та хэрхэн харж байна вэ?

Мэдээж сөрөг үр дагавар маш их гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэг Засгийн газар жил ажиллаад нөгөө Засаг нь зургаан сар ажиллаад унах нь улс төрийн маш том хямралын илрэл юм. Магадгүй Засгийн газрыг огцруулах тутамд Ерөнхийлөгчийн засаглалтай больё гэх яриа эрчим, нийгмийн сэтгэлзүй тийшээ хандах болно. Засгийн газрыг дөрвөн хүүхэдтэй гэр бүлтэй зүйрлүүлбэл Засгийн газар бол ААВ нь юм. Хүүхдүүдийн аав сар болгон солигдоод байвал ямар вэ? Засгийн газар гүйцэтгэх засаглал гэдэг утгаар нь ЭЭЖ гэж бодоход хүүхдийн ээж хоёр гурван сар болоод л солигдоод байвал ямар вэ? Бодит байдал ийм л байгаа шүү. Засгийн газрыг  Монгол улсын гал тогоо гэж бодоход хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа орон гаран ажиллаж болохгүй биз дээ. Улс төрийн тогоонд ажиллаж байгаа БҮХ ХҮН Ерөнхий сайд болно гэж боддоггүй байлгүй дээ. 

Одоо улс төрчид Засгийн газрын гишүүдийг нөгөө хүнээр нь солихыг улс төрийн соёл гэж нэрлээд байгаа. Үүнийгээ өндөр хөгжилтэй Солонгос, Япон улстай харьцуулж ярьдаг. Тэд Засгийн газрын гишүүнийг огцруулж байхад манайх яагаад болдоггүй юм гэсэн агуулгатай зүйл ярьдаг. Япон, Солонгост алдаа гаргасан албан тушаалтан өөрийн хүслээр огцордог бол манайд алдааг нь мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий мэт явдаг. Яг ийм улс төрийн соёлгүй  байж Засгийн газрыг огцруулах болохоороо улс төрийн соёл ярьж өндөр хөгжилтэй орнууд шиг Засгийн газарт хариуцлага тооцож байна гэж ярих нь утгагүй.

Нөгөөтэйгүүр, энэ Засгийн газрыг дараагийн Засгийн газраар солихоор бүх зүйл сайхан болохгүй шүү дээ. Гэтэл нийгмийн амьдрал Засгийн газрын тогтворгүй байдлаас болж хэрхэн хямарч байгааг харж болно. Тэгэхээр эцсийн дүнд ТОГТВОРТОЙ ТӨР байж тогтвортой хөгжил бий болно. Тогтвортой төртэй байхын тулд тогтвортой хүн байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн бичиг баримттай. Тогтвортой хөгжлийн гол хүч болсон улс төр тогтворгүй байвал Монгол улс хэзээ ч тогтвортой хөгжилтэй улс болж чадахгүй.

Сур: Ярилцсанд баярлалаа. 

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх