etoim.mn
photos/van gog.jpg

Урлагийн сонирхол нь орчин үеийн нийгмийн статусыг тодорхойлогч том хүчин зүйлсийн нэг. Гэвч зарим хүмүүс урлагийн бүтээлийг хоосон баярхал төдий зүйл хэмээн ойлгодог нь харамсалтай. Тэр дундаас уран зургийг ойлгож сурвал амьдралын хамгийн сайхан таашаалуудаас хүртэж сурч байна л гэсэн үг.

Та заавал мэргэжлийн түвшинд уран зураг ойлгодог байх албагүй. Сонирхогчийн түвшинд байхад л болно. Харин ингэх нь таны бодож байгаагаас ч амархан байж болох юм. Зураг, шүлэг, аялгууг бүх эд эсээрээ мэдрэхийн тулд ихэнх цагаа түүнд зарцуулдаг хүмүүс байдаг ч, урлагтай “жинхэнэ” харилцаа тогтооход эксперт байх албагүй. Танд уран зургийг нэг хараад л, “дотор нь орж” сурах хялбар аргуудыг заах гэж оролдоё.

1. Хамгийн түрүүнд “агуу бүтээл”-ийг бүрэн илэрхийлсэн тодорхойлолт байдаггүй гэдгийг хэлье. Хэрэв сайн зургийг, муу зурагнаас ялгаж сурахыг хүсвэл танд ямар ч онолын хичээл ном хэрэг болохгүй. Харин маш олон зургийг харж үзэх нь л чухал юм. Тэгвэл аяндаа та өөртөө хамгийн онцгой мэдрэмж төрүүлдэг урсгал чиглэл, зураачийг мэдэж аваад, зөвхөн түүнийгээ дагнан судлах боломжтой болно. Вангогийн зургийг анх мэргэжлийн бус, насгүй бүтээл гэж үнэлдэг байсан юм.

2. Урлагийг “олохын” тулд тархиа ашиглах шаардлага бараг үгүй. Харин 5 мэдрэхүйнхээ “нүх сүв”-ийг сайн нээсэн байх хэрэгтэй. Сайн бүтээл, эсвэл таны мэдрэмжинд тохирох бүтээл анх харахад л нүд булаана. Заавал гоё сайхан байх албагүй, таны харааг өөр дээрээ удаан тогтоож чаддаг байх л чухал. Гэхдээ ямар ч зургийг хэдэн секунд ажиглаж үзэх хэрэгтэй. Зарим зураг их төвөгтэй замаар мэдрэхүйд тань очиж магадгүй. Тэр зураг таны анхаарлыг юугаараа ч татаж магадгүй. Өнгөний зохицол, бодит дүр зураг, илэрхий ёжлол, объектуудын сонирхолтой байрлал гээд юугаараа ч байж болно.

3. Зургийг бүхэлд нь харсныхаа дараа өөрсөө “Энэ юуны тухай зураг вэ?” гэж асуу. Өөрөөр хэлвэл бүтээлийн сэдвийн талаар бодно гэсэн үг. Энэ удаад харин тархи тань хэрэг болж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Байгаль, хүн, хүмүүс, түүхийн хэсэг, хот, хөдөө гээд сэдвийн хүрээ хязгааргүй.

4. Одоо харин “Энэ зургаар юуг илэрхийлэх гэж оролдсон юм бол?” гэдгийг өөрөөсөө асуугаад үз. Тэгээд зурагнаасаа ямар нэг “тэмдэг” олж хараарай. “Нэг л өөр” зүйлийг цаагуураа илэрхийлээд байгаа мэт мэдрэмж төрүүлэх тийм тэмдэгийг. Реалист зурагнуудын санааг ойлгоход хавьгүй хялбар. Харин австракт зурагнуудыг илүү их ажиглах хэрэгтэй байж магадгүй. Нэгхэн зураас, нэг өнгө, нэг дүрс маш олон утгыг илэрхийлж болно. Гэхдээ танд бодит зураглал илүү сайхан мэдрэмж төрүүлж байвал тийм чиглэлийн бүтээлүүдийг түлхүү үзээрэй. Мөн “Зураач нь юуг илэрхийлэх гэж оролдсон бол?” гэж бодохоосоо илүүтэйгээр тэр зураг танд юуны тухай “өгүүлж” байгааг сонсоорой. Харсан хүн бүрт өөр мэдрэмж төрүүлдэг Жоконда шиг хуучрашгүй бүтээл бий.

5. “3 настай хүүхэд ч энийг зурж чадна!” Модерн зургийн галлерейд орсон 5 хүн тутмын нэгээс та ийм үг дуулж болно. Гэхдээ ийм төрлийн бүтээл нь ямар нэг дүр зургаас илүүтэй, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Уур бухимдал, хайр харуусал, гал халуун хүсэл тачаал, хүв хүйтэн сэтгэлийн алийг ч зураач цацсан будаг, хольсон өнгө, хальтхан харвал “сараачсан” мэт харагдах зурааснуудаар харуулсан байж мэднэ. Ийм зургийг харж байхдаа та өөртөө төрж байгаа эмоцуудыг “чагна”. Магадгүй анх харахад таныг ямар нэг юм руу чирж татаад байгаа мэт ховсдуулсан мэдрэмж төрж болно. Тэгээд удаан харах тусам харин ч амар амгаланг авчирч буйг мэдэрч болох юм.

6. Хэрэв та зураг худалдаж авах гэж байгаа бол зөвхөн өндөр үнэ, алдартай зураачийн нэр, хүмүүсийн үнэлгээ төдийхөнд дулдуйдаж найдах хэрэггүй. Танд төрүүлж байгаа мэдрэмжинд л итгээрэй. Хичнээн тэнгэрт хадсан өртөгтэй байлаа гээд танд таашаал өгч, харахын төдийд хорвоогоос түр зуур ч болов тусгаарлаж чаддаггүй бүтээлийн төлөө та яаран түрийвчээ уудлах шаардлагагүй. Хүн бүр өөр өөрийнхөөрөө ертөнцийг хардаг учир магадгүй танд хамгийн хямдхан нь ч хамгийн өндөр мэдрэмжийг төрүүлж болно.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.179.24.23]

2018-11-17 16:07:53

ЗӨВ БИЧИЖ СУРЧИХААД БУСДАД СУРГА ЗА МАЛ АА.