Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1.jpg

Британий нийслэл Лондон хотын Бритиш Музейд 2.5 метр өндөртэй хүрмэн чулуун хөшөө байдаг нь Номхон далайн Пасхи арлаас гаралтай юм.

Пасхи арлын уугуул иргэд ийм хүн чулуунуудыг амьтай, өөрсдийн өвөг дээдсийн дахин төрсөн дүр гэж үздэг.

Тэгвэл ирэх долоо хоногт Чили улсын бүрэлдэхүүнд багтдаг энэ арлаас хэсэг төлөөлөгч Лондон хотод зочлон ирж, хүн чулуугаа буцааж авах хүсэлт тавих гэж байна.

Пасхи (англи хэлтнүүд Easter гэдэг) арал нь 1888 оноос хойш Чилийн бүрэлдэхүүнд багтдаг болсон юм. Арлын уугуул иргэдийн санаачилгыг Чилийн засгийн газар дэмжиж байгаа ажээ.

Бритиш Музей уг хүн чулууг 1869 онд үзмэрээ болгож байсан юм.

“Моай (хүн чулууг тэд ингэж нэрлэдэг) нь зүгээр нэг чулуу биш, бидний гэр бүлийн гишүүн гэдгийг музей ойлгоосой гэж бид хүсэж байна. Бидний хувьд моай нь ийм ач холбогдолтой эд бол тэдний хувьд ердийн үзмэр юм” гэж Пасхи арлын төлөөлөгч ярьжээ.

Төрөлх арлаасаа 150 жил хол байгаа хүн чулууг буцааж авах санааг өнгөрсөн наймдугаар сард арлын захирагч Педро Эдмундс анх гаргаж байв. Алдагдсан хөшөөнийхөө оронд дуураймал загварыг хийж өгөх санаа ч арлынхны дунд яригдаж байна. 

Английн аялагч Ричард Пауэлын удирдсан хөлөг онгоц 1868 онд уг хөшөөг өөр нэг жижиг хөшөөний хамт хадан хясаанаас буулган авч явжээ. Тэр нутагтаа ирснийхээ дараа хөшөөг хатан хаан Викториад бэлэглэж, хатан хаан түүнийг нь Бритиш Музейд шилжүүлж байв.

Харин 1888 онд арал Чилийн харьяанд орсны дараа хууль ёсоор моайнууд нь арлын газар нутгийн нэг хэсэгт тооцогдог болжээ.

Тиймээс энэ удаа Лондонд зочлох төлөөлөгчдийн багт Чилийн засгийн газрын төлөөлөгч багтсан байна. Британиас гадна Франц, Шинэ Зеланд, АНУ зэрэг хэд хэдэн орны музейд Пасхи арлаас авсан моай хадгалагддаг.

Арлынхан бүх хүн чулуугаа буцааж авах зорилготой байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх