Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jiremsen.jpg

Жирэмсний тест ямар учиртай юм бэ? Үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн үед биднээс hCG буюу “human chorionic gonadotropin” хэмээх нэг төрлийн гормон ялгардаг. Энэ гормон нь цусанд ялгарч бөөрөөр дамжин шээсэнд ордог бөгөөд жирэмсний тест нь шээснээс hCG-г илрүүлэх замаар жирэмсэн эсэхийг тодруулдаг юм.  Жирэмсний тестэн дээр хоёр төрлийн илрүүлэгч бий. Нэг нь control line буюу хяналтын зураас. Энэ зураас нь тест хэвийн ажиллаж байгаа эсэхийг харуулдаг. Хэрвээ хяналтын зураас тодрохгүй бол маргааш нь өөр тестээр ахин шалгах ёстой. Дараагийнх нь жирэмсэн эсэхийг тодруулдаг result / test line буюу үр дүнгийн зураас (ихэнх тестүүд хяналтын болон үр дүнгийн зураас гээд дэргэд нь биччихсэн байдаг). Хяналтын болон үр дүнгийн зураас хоёулаа тодорч байвал жирэмсэн болохыг илтгэнэ. Хяналтын зураас дангаараа гарч байвал жирэмсэн биш гэсэн үг.

Би тестээр үзтэл нэг тод, нэг бүдэг зураас гарсан. Энэ юу гэсэн үг вэ?  Баяр хүргэе! Нэг тод (хяналтын зураас), нэг бүдэг (үр дүнгийн зураас) зураас нь чамайг жирэмсэн болсон гэдгийг илтгэж байна. Зураас бүдэг гарсан бол “эргэлзээтэй” гэсэн утгатай гэж зарим хүмүүс цуу ярьдаг. HCG гормон нь зөвхөн эмэгтэй хүн жирэмсэлсэн тохиолдолд л ялгардаг өвөрмөц гормон учир бүдэг гарвал гормоны хэмжээ бага буюу жирэмсний маш эрт үе дээр явааг илэрхийлж байгаа юм. HCG гормон нь жирэмсний 20 долоо хоног хүртэл өсдөг учраас хэд хоногийн дараа үзвэл өнөөх бүдэгхэн зураас чинь хамаагүй тод болсон байхыг чи олж харах болно. Бүдэг ч бай, тод ч бай, зураас л бол зураас шүү!

Секс хийснээс хойш хэзээ тестээр үзвэл үнэн гарах вэ?  HCG гормон нь дээр дурдсанаар үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэний дараа ялгарч эхэлдэг. Энэ үйл явцыг имплантанци гэж нэрлэнэ. Имплантаци нь үр тогтсоноос 7-10 хоногийн дараа явагддаг юм. Тиймээс хар ухаанаар бол, секс хийснээсээ хойш доод тал нь 7 хоногийн дараа шалгаж байж хариу үнэн гарна гэсэн үг.  Үүнийг илүү сайн ойлгохыг хүсвэл эхлээд овуляцийн талаар тайлбарлах хэрэгтэй болно. Овуляци гэдэг бол өндгөвчнөөс өндгөн эснүүд ялгарах үйл явцыг нэрлэж байгаа юм. Овуляци нь дараагийн сарын тэмдгээс ойролцоогоор 14 хоногийн өмнө явагддаг. Харин энэ үед ялгарсан өндгөн эснүүд 24 цагийн турш амьдрах чадвартай. Өндгөн эс амьд байх тэр хугацаанд сперм орж ирвэл үр тогтож, үр тогтсон өндгөн эс гуурсаар 7-10 хоног “аялсаар” умайн хананд очиж бэхлэгдэнэ. Тэгэхээр үр тогтсон өндгөн эсийг умайд очих тэр үед дараагийн биений юмны ирэх ёстой байсан хугацаа ойртож байдаг. Иймээс бид дараагийн сарын тэмдгээсээ барагцаагаар 4 хоногийн өмнө (хамгийн эртдээ) үзвэл тестийн хариу үнэн гарна. Гэхдээ энэ үед үзээд хариу сөрөг гарвал яаран сэтгэлээр унах хэрэггүй, ахиад 4 хоногийн дараа үзээрэй.

Жирэмсэн болсон хэрнээ тест ганцхан зураастай гарах тохиолдол бий юу?  Хэт эрт буюу имплантаци явагдахаас өмнө үзвэл жирэмсэн болсон хэрнээ ганцхан зураас гарах магадлалтай. 10 эмэгтэй тутмын нэгийн hCG гормоны хэмжээ оройтож ихэсдэг. Хэрвээ илүү баталгаатай үр дүн хүсч байвал энэ гормонд илүү мэдрэг, өөрөөр хэлбэл бага хэмжээтэй hCG-г ч мэдэрдэг тестээр үзээрэй. Мөн цусны шинжилгээгээр тестэн дээр хоёр зураас гарахаас 2 хоногийн өмнө хариу эерэг болохыг мэдэх боломжтой. Сарын тэмдэг ирэхээс 1 хоногийн өмнө үзвэл баталгаатай хариу гардаг боловч бидний биеийн онцлог, стресс зэргээс шалтгаалан овуляци хэзээ ч явагдсан байж болох учир байн байн үзэх хэрэгтэй шүү.

Би саяхан жирэмсний тестээр үзсэн юм л даа. Эхэндээ нэг зураастай байснаа, ширээн дээр тавиад орхичихсон байсан чинь дараа нь хоёр зураастай болчихсон байсан. Тэгэхээр би жирэмсэн гэсэн үг үү?  Жирэмсний тестүүдийн уншигдах хугацаа янз бүр байдаг. Зарим нь хэдхэн минут байдаг бол зарим нь 30 минутын дараа уншигдах нь ч бий. Тиймээс тестээр үзээд хэсэг хугацаанд хүлээснийхээ дараа хариуг нь хараарай. Хэрвээ чиний тест хоёр зураастай болчихсон байвал, азтай бүсгүй минь чи удахгүй ээж болох нь!

Тестээр нэг зураастай гарсан хэрнээ миний биеийн юм ирэхгүй байна. Ямар учиртай юм бол оо?  Биеийн юмны мөчлөг нь тухайн эмэгтэйн амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаалдаг. Ядарсан, стресстсэн үед овуляци оройтож явагдсанаар биеийн юм ч оройтож ирэх нь бий. Тиймээс ямартай ч долоо хоногийн дараа ахин нэг удаа тестээр үзээрэй. Одоогийн байдлаар жирэмсэн эсвэл жирэмсэн биш эсэхийг чинь тодруулах баттай зүйл алга.

Өлөн шээсэндээ үзвэл найдвартай гэлцдэг. Энэ үнэн үү?  Орчин үед мэдрэг чанар өндөртэй тестнүүд гарсан учир тэгэх шаардлагагүй болсон. Гэхдээ хэрвээ секс хийснээсээ (овуляци явагдсанаас хойш) 7-хон хоногийн дараа (их эрт гэсэн үг) үзэх гэж байгаа бол өлөн шээсэндээ үзсэн нь дээр. Сүүлийн 4 цагийн турш хадгалагдсан шээсний агууламж буюу концентрацийн хэмжээ арай их байдгаас тэр юм.

Уусан эмний нөлөөгөөр жирэмсний тест худлаа гарна гэж байх уу?  Хэрвээ чи hCG гормоны агууламжтай эм ууж байгаа бол хуурамч эерэг хариу гарч болно. Мөн хэт их ус, шингэн зүйл уусан үедээ үзвэл тест хуурамч сөрөг хариу илрүүлэх боломжтой. Учир нь энэ үед шээс хэт шингэрч, усан хэлбэртэй болсон байдаг. Тиймээс тестээр үзэхээсээ өмнө шээсээ аль болох удаан хадгалсан байвал сайн.

Миний тестийн хариу хоёр зураас гарсан юм. Тэгсэн хэрнээ хэд хоногийн дараа сөрөг гарсан. Яагаад тэр вэ?  Хуурамч эерэг хариу нь хэд хэдэн шалтгаантай.  1. Хэт эрт зулбалт явагдсан /Chemical pregnancy/ Энэ нь өндгөн эсэнд үр тогтсон боловч умайн хананд бэхлэгдэж чадалгүй аяндаа гадагшлах үед тохиолддог. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг хойшилсон сарын тэмдэгтэй андуурдаг бөгөөд тэд жирэмсэлснээ ч мэдэлгүй өнгөрдөг. Ихэнхдээ тест ийм жирэмслэлтийг илрүүлдэггүй боловч маш мэдрэг тест илрүүлж чадна. Энэ тохиолдолд hCG гормон өсөх биш буурах чиглэлтэйгээр явж байгаа учир хэд хоногийн дараа сөрөг гарч байгаа юм. Гэхдээ энэ нь дараагийн жирэмслэлтэнд ямар нэг сөрөг нөлөө учруулахгүй тул санаа амар байгаарай.

2. Үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа Үргүйдлийн эсрэг эмчилгээнд hCG гормоны найрлагатай эм байх нь олонтаа.

3. Хэд хэдэн төрлийн өвчин Элэгний болон хавдрын төрлийн хэд хэдэн өвчин hCG гормоныг дэмжсэнээр хуурамч эерэг хариу гарах боломжтой. Гэхдээ энэ нь түгээмэл бус маш ховор төрлийн өвчнүүд (choriocarcinoma, IgA deficiencies, heterophile antibodies, enterocystoplasties, , gestational trophoblastic neoplasms) байдаг. Тиймээс хэрвээ тест чинь худлаа гарсан бол эмчид нарийн шинжилгээ өгөөрэй.

Бүх тест жирэмсэн эсэхийг шалгадаг уу?  Үгүй. Сүүлийн үед жирэмсэн болохыг хүсэгчдэд зориулсан, овуляцийг танддаг тестүүд худалдаанд гарсан байна лээ. Ийм тест нь овуляцийн буюу үр тогтох магадлалтай өдрүүдэд хоёр зураас илрүүлэхээс биш, жирэмсэн гэдгийг илтгэхгүй. Зарим эмийн санд “ovulation test”-ийг жирэмсний тест гэж буруу хэлэн худалдаалах явдал байдаг. Тиймээс тест авахдаа дээр нь “pregnancy test” гэсэн бичиг байгаа эсэхийг заавал хараарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх