Нэгэн үе NBA-н багт гарааны холбогчоор хүртэл тоглож байсан Рамон Сэшнс Евролигт хүч үзэхээр болжээ. Милуоки Бакс, Миннесота Тимбервульвс, Шарлотт Бобкатс зэрэг багуудад тоглож байсан тэрбээр өнгөрсөн улиралд Вашингтон Уизардс багтай 10 хоногийн гэрээ хийснээс хойш сагсанбөмбөгийн талбайд гараагүй байсан аж.
Тэгвэл Р.Сэшнстэй Израилийн Маккаби клуб 3 сарын гэрээ хийжээ. Энэ жил 32 настай туршлагатай холбогч ийнхүү Евролигт анх удаа хүч үзэхээр болсон байна. Уг нь Тел-Авив хотын багийн үндсэн холбогчоор Жэрэми Парго тоглож байсан ч нурууны гэмтэл авсны улмаас удаан хугацаанд тоглох боломжгүй болсон аж.
Рамон Сэшнс Дэлхийн хамгийн хүчирхэг лигт 11 улирлыг үдэхдээ 8 өөр багт тоглож 691 тоглолтод оролцсон юм. Ингэхдээ 10.3 оноо, 4.1 оновчтой дамжуулалт дунджилсан юм.