Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1452147271_atg.jpg

Сүхбаатар аймгийн хувьд хөгжил дэвшил гэхээсээ илүүтэйгээр хэрүүл, маргаан, улс төрийн дайн болдог аймаг гэдгээрээ сүүлийн үед онцгойроод байгаа. Тэгвэл бас нэгэн хэрэг илэрчээ.

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний газрын хэлтсийн дарга, комиссар Х. Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажилллаа. Энэ үеэр  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй, томилсны дараа хянуулсан 12 албан хаагч, ХАСХОМ гаргаагүй болон хоцроосон 36, албан тушаалтны хууль бус шийдвэр гаргасны улмаас 2018 онд шүүхийн шийдвэрээр ажилгүй байх хугацааны нөхөн олговорт 74,7 сая төгрөг олгохоор шийдвэрлэснээс 28 сая төгрөгийг, ажлаас халагдсаны тэтгэмжинд 13,6 сая төгрөг тус тус төсвийн зардлаас олгосон байх бөгөөд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлээгүй байна. Зарим байгууллагад бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд ажилтан авч цалинжуулах, албан тушаалтнууд өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргах зөрчлүүд түгээмэл байсан гэнэ.

Аймаг, сумын ИТХ болон ИТХ-ын Тэргүүлэгчид нь хуулиар эрх олгогдоогүй эрх эдэлж, орон нутгийн татвар, төлбөр хураамжийн хэмжээг тогтоож байна. Тухайлбал, Эрдэнэцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2 шийдвэр, Наран сумын ИТХ-ын 2 шийдвэр, Аймгийн ИТХ-ын 1 шийдвэр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7 шийдвэр байна. Мөн хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж, иргэдээс хууль бус төлбөр хураамж авчээ.

Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн хэмжээ сум бүрт 30-40 хувьтай, сум хөгжүүлэх сангийн зээлийн хяналтын хороо хяналт тавьж ажилладаггүй, зээлийг зориулалтын бусаар өөрийн хамаарал бүхий этгээдэд олгох тохиолдол байна. Тухайлбал, Наран сумын Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан И нь дүү Э-д 20 сая төгрөгийн зээл олгосон. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн, төслийн нарийн бичиг О нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Б-д 5 сая төгрөгийн зээл олгосон байна.

Засаг даргын нөөц хөрөнгөөс аймагт ирсэн төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон дагалдан яваа 70 гаруй хүнд хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр зочид төлөөлөгчдийн хоол, буудлын зардлыг даах зэргээр зориулалтын дагуу зарцуулаагүй, төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан байна.

АТГ-ын ажлын хэсэг авлигын шинжтэй 5 үйлдлийг илрүүлсэн бөгөөд эдгээрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх