Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/van gog.jpg

Зураг сэргээн засварлах аргууд төгөлдөршиж, шинэ технологиудын ачаар уран зургийн будгийн давхарга бүрийг харах боломжтой болж байгаа бөгөөд зарим сонгодог зургуудын олон зуун жилийн турш хадгалсан “нууц”-ыг нээж байгаа билээ. 

10

“Мод хөрөөдөгчид” ба Figure symbolique de la republique

 

Жан-Франсуа Миллегийн “Мод хөрөөдөгчид” хэмээх энэхүү алдартай уран зургийг хэт улаан туяа ашиглан хартал хүний толгойны дүрс тодрон харагдсан байна. Цаашид нарийвчлан шинжилсээр уг зургийн доор нуугдсан байсан La Republique хэмээх Францын алдарт хөшөөний зургийг олжээ.

Зураачийн намтар түүхийг бичсэн Альфред Сенсие уг зургийг улсаас зарласан нэгэн уралдаанд оролцуулахаар бүтээсэн бөгөөд ямар нэг шагнал аваагүй тул зургийг дарж “Мод хөрөөдөгчид” гэх бүтээлээ зурсан болохыг баталсан байна. Ямар нэг далд нууц байхгүй бөгөөд ердөө мөнгө хэмнэхийн тулд нэг зотон ашигласан аж. 

09

“View of Sheveningen Sands” ба эрэгдсэн халим

 

Зураач Хэндрик ван Антониссений 1641 онд бүтээсэн “View of Sheveningen Sands” зургийг 1873 онд Фицвиллиам музейд хандивласан байдаг. Энэхүү зураг дээр далайн эргийн өвлийн өнгө төрхийг харуулсан байх бөгөөд хэсэг бүлэг хүмүүс ямар нэг шалтгаангүйгээр зогсож байгаагаар дүрсэлжээ. Ямар нэг гайхалтай зүйлгүй мэт байсан уг зургийн шар өнгийн будгийг хуулах даалгаврыг нэгэн урлагийн оюутанд өгсөнөөр олон зуун жилийн турш хадгалсан нууцыг нь илрүүлсэн байдаг. Далайн хөвөөний ойролцоо будгийг арилгаж байтал усан онгоцны дарвуул гарч ирсэн байна. Цааш судалтал уг дарвуул нь үнэндээ халимны сэрвээ байсан бөгөөд төд удалгүй далайн эрэг дээр гарч ирсэн бүтэн халимны зураг тодорчээ. Музейд бэлэглэх үед уг зураг дээр халим байсан тухай ямар ч мэдээлэл байхгүй байв. Гэхдээ цаашдын шинжилгээний үр дүнд халимыг 18-19-р зууны үед дарсан болох нь тогтоогдсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар тухайн үед үхсэн амьтны зураг зохисгүй зүйл хэмээн үздэг байсантай холбоотойгоор халимын зургийг ийнхүү дарсан аж.

08

“Өвс” ба ард эмэгтэй

 

Тун өрөвдөлтэй амьдралын түүх бүхий алдарт зураач Винсент ван Гогийн бүтээлүүд өдгөө асар үнэ цэнэтэй билээ. Түүний 1887 онд зурсан “Өвс” зургийн доор нэгэн эмэгтэйн хөрөг зураг нуугдаж байсныг Голланд, Белгийн эрдэмтэд илрүүлсэн байна. Хөх болон ногоон өнгийн уг зургийн доор байсан хөрөг зургийг улаан болон бор өнгөөр зурсан байжээ. Уг нээлтийг рентген туяагаар өнгө ялгах техник ашиглан хийсэн аж. Зурагт дүрсэлсэн эмэгтэй нь жирийн ард эмэгтэй байх бөгөөд хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ван Гог үргэлж мөнгөөр гачигдаж амьдарч байсан ба зотонгоо дахин ашиглах тохиолдол олон байжээ. 

07

“Энгэсэг түрхэж буй залуу бүсгүй” ба Сюратын өөрийн хөрөг

 

Зураач Жорж Сюрат өөрийнхөө “Энгэсэг түрхэж буй залуу бүсгүй” гэх зураг дээрээ зориуд нэгэн нууц үлдээсэн байдаг. Зураг дээрх бүсгүйг Маделин Ноблох гэх ба зураачийн амраг нь байжээ. Зурагт өрөөний янз бүрийн тавилга байх бөгөөд тэдний нэг нь ваартай цэцэг бүхий толь байх аж. Харин энэ толин дотор Сюрат өөрийнхөө хөрөг зургийг нуусан байсныг саяхан илрүүлсэн юм байна. Нарийвчилсан судалгаагаар олж тогтоосноор Сюрат бүтээлээ олон нийтэд дэлгэхээсээ өмнө найзыгаа дуудан бүтээлийнх нь талаарх үзэл бодлыг нь асуухад Сюрат, Маделин хоёрын амрагийн харьцааг мэддэггүй байсан найз нь толин дахь зургийг инээдтэй байна гэж хэлсэн байдаг. Ийнхүү Сюрат өөрийнхөө зургийг цэцгээр дарж, нууц харилцаагаа нууц хэвээр нь хадгалахаар шийдсэн байна.

06

“Дон Рамон Сатуегийн хөрөг” ба дүрэмт хувцастай хүн

 

Франциско де Гойягийн зурсан “Дон Рамон Сатуегийн хөрөг” хэмээх зургийг шинжилж байгаад зургийн доор нь нэгэн дүрэмт хувцастай хүний дуусаагүй зураг байгааг илрүүлсэн байна. Тухайн дүрэмт хувцсыг Наполеон Бонапартын тушаалын дагуу Испанийн хаан болсон Жозеф Бонапартын батлан гаргасан одон тэмдэгийг зүүсэн хүн өмссөн байв. Түүхээс харахад Жозефаас гадна 15 генерал л энэ төрлийн дүрэмт хувцсыг өмсөж байсан юм.

Жозефын хаанчлал 1808-1813 оны хооронд үргэлжилсэн ба зураач Гойя шинэ хааны зураач хэвээр үлдсэн байдаг. Магадгүй улс төрийн хувьд хуучин засаглалын бэлгэдэл болсон хүнийг дарж зурсан нь өөрийнхөө аюулгүй байдлын төлөөх үйлдэл байсан биз.

Glamour cashmere

05

“Изабелла де’Косимо л де Медичи” ба "фотошопдуулаагүй" царай

 

“Изабелла де’Косимо л де Медичи” хэмээх 16-р зуунд бүтээсэн Итали хатагтайн хөрөг зургийг дуураймал гэх хардлага төрсний дагуу Карнегийн музейн шинжээч нарийвчилсан шинжилгээ хийсэн байдаг. Шинжилгээний дагуу уг зураг нь жинхэнэ гэдэг нь тогтоогдсон бөгөөд нэгэн том нууц хадгалж байсан нь илэрчээ. Будгийн өнгөн давхарга хагарсан байсан бөгөөд түүний ард нь Медичи авхайн жинхэнэ царай нуугдаж байгааг олжээ. Хөрөг зурагт буй эмэгтэйг 19-р зуунд хамаагүй залуу, үзэсгэлэнтэй болгон зурсан байв. Жинхэнэ Медичи авхай том гартай, үрчлээтсэн царайтай байх бөгөөд дарж зурсан зураач хөрөг зургийг худалдаалахад илүү сайхан харагдуулахын тулд ийнхүү өөрчилсөн байх хэмээн таамаглаж байгаа юм байна.

04

“Талын цэцэгс, сарнайтай зохиомж” ба хоёр бөх

 

1974 онд Винсент ван Гогийн “Талын цэцэгс, сарнайтай зохиомж” зураг үнэхээр Ван Гогийнх мөн эсэхэд эргэлзэж эхэлжээ. Шинжээчид зургийн арга барил, зохиомж, тэр бүү хэл гарын үсгийнх нь байрлалыг судалсан байна. Эцсийн дүнд уг зураг нь Ван Гогийн бусад бүтээлээс хэт өөр байна гэсэн дүгнэлтэд хүрч, Ван Гогийн уран сангаас хасагдсан байна.

Дахин сайтар шинжилж, тусгай арга ашиглан будгийн давхаргуудыг судалж байгаад зургийн доор орших хоёр бөхийн зургийг илрүүлснээр уг бүтээл үнэхээр Ван Гогийнх мөн гэдэг нь батлагджээ. Ван Гог нэг хэсэг бөхчүүдийг зурдаг байсан ба түүнийгээ дарж, зотонг нь ашиглан өөр бүтээл туурвидаг байсан гэдгийг мэргэжилтнүүд сайн мэднэ. Шинжилгээг 10 жилийн турш хийсэн ба Ван Гогийн бичсэн 1886 оны захидалдаа “Энэ долоо хоногт би хоёр нүцгэн цээж бүхий юм зурлаа – хоёр бөх” хэмээн бичсэн байдаг нь энэ зураг болох нь тодорхой болжээ. 

03

“Хатагтай Икс” ба нуухын хажуугаар дэлгэсэн зураг

 

Жон Сингер Саржент “Хатагтай Икс” гэх бүтээлээ хамгийн анх 1884 онд олон нийтэд дэлгэсэн байдаг. Тухайн үед маш их шүүмжлэл хүртсэн бөгөөд ийм сайхан бүсгүй энгийн нэг нимгэн хар даашинзтай, түүнийх нь нэг мөр нь унжсан байгаа нь зохимжгүй зүйл хэмээн буруушааж байжээ.

Зурагт дүрсэлсэн Хатагтай Пиерре Гатреау нь өөрийгөө “Парисын нийгэм дэх гоо үзэсгэлэн” хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч түүний гэр бүл энэхүү зургийг ёс бус хэмээн үзэж, үзэсгэлэнгээс авахыг шаардсан байна. Зураач ч зургийг нь устгалд оруулж магадгүй хэмээн эмээж даашинзны мөрийг засч зурсан нь энэ аж.

02

“Цонхны цаана буй эмэгтэй” ба нууц

 

Цаг үеийнхээ сексийн болон ёс суртахууны нормативд нийцүүлэхийн тулд “Цонхны цаана буй эмэгтэй” гэх зургийг мөн дарж зурсан байдаг. Зургийг сэргээн засварлах явцад өнгөн давхаргын доор дахин нэг давхарга байгааг олж нээжээ. Анхны зураг дээрх бүсгүй шаргал үстэй ба илүү шовх эрүүтэй, хөхний товч нь даашинзны цаанаас товойсон байсан бөгөөд нүдний харц нь илүү хурц байсан байна. Энэ мэт шинж чанараас харахад энэ эмэгтэй биеэ үнэлдэг байсан байх өндөр магадлалтай бөгөөд тухайн нийгэмд байж боломгүй зүйл хэмээн үздэг байснаас улбаалан зургийг өөрчилж, илүү дөлгөөхөн харцтай “тэс ондоо” бүсгүй болгон хувиргасан бололтой.

01

“Мона Лиза” ба өөр эмэгтэй

 

Дэлхийн хамгийн алдартай уран зургууд дундаа Леонардо да Винчигийн 1503 онд бүтээсэн “Мона Лиза” зураг магадгүй хамгийн нэр хүндтэй нь байх. Ховсдом харц, нууцлаг инээмсэглэлийнхээ ачаар дэлхийн хамгийн алдартай уран зураг болсон уг бүтээл олон зуун жилийн турш олны анхаарлын төвд байсаар ирсэн. Зураг дээрх бүсгүйг Лиза дель Жокондо гэх Флоренцийн худалдаачны эхнэр байсан гэж үздэг. Гэхдээ саяхан олдсон нээлт энэ таамаглалыг орвонгоор нь эргүүлж магадгүй байгаа юм.

Учир нь Мона Лизагийн зургийн доороос хоёр өөр хөрөг зураг олдсон юм. Түүний нэг нь жинхэнэ Лиза байсан байх гэж үзэж байна. Франц эрдэмтэн Паскал Котте үүнийг олж илрүүлсэн ба зурагтай холбоотой олон домгийг үгүй хийнэ гэж боддог аж. Ямартай ч энэ талаар Луврын музей ямар нэг тайлбар өгөөгүй хэвээр байгаа юм. 

Таалагдахгүй байна

6
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх