etoim.mn
photos/baby.jpg

Хэвлий дэх алаг үр тань та юу ч ярихгүй байсан таныг чих тавин сонсож байдгийг мэдэх үү?. Гэхдээ түүнд энэ боломжийг олгохын тулд өөрийн хүссэн, хүлээсэн, түүнд зориулж бэлтгэсэн бүхнээ түүнд мэдрүүлэх хэрэгтэй. Үүнийг яаж хийх вэ гэж үү? Мэдээж та өөрөө тайван амгалан, аз жаргалтайгаар жирэмслэлтийн үеэ өнгөрүүлэх ёстой.

Гар дээрээ бариад, энхрийлэн эрхлүүлж буй алаг үр тань анх тантай хэзээ холбоо тогтоосон бэ? Анх таныг хэзээ мэдэрсэн бэ? Хэвлийд байхдаа түүний хөдөлгөөнийг мэдрээд талархан баярлаж байхдаа үүний талаар та мэдэж байсан гэж үү? Хүүхэд хэвлийд бойжиж байхдаа бид бүхнийг сонсож, бидэнтэй харьцаж байдаг гэнэ. Эхийнхээ хэвлийд байгаа хүүхэд гадны ертөнцийг хэрхэн ойлгож, яаж харилцаа тогтоодог тухай мэргэжлийн хүмүүсийн хариултыг бүгдээрээ сонирхоцгооё.

Хэвлийд байгаа ураг ээжийгээ хэзээ сонсож эхэлдэг вэ? Жирэмсний 5 дахь долоо хоногоос эхлэн үр хөврөлийн дотоод болон дунд чихний холбоос бүрэлдэн гүйцдэг ч, тэр анх удаа дуу авиан дохиоллыг тархиндаа хүлээн автлаа нэлээд уддаг байна. Эхийн хэвлий дэх "ураг орчмын шингэн" дотор хөнгөн хөвж байдаг үр хөврөл нь уг шингэний давалгаа мэтээр түүнд хүрэх дуу чимээг тархиндаа хүлээн аван сонстлоо жирэмсний 17 дахь долоо хоног хүрдэг. 17 долоо хоногтой болсон ураг нь чичиргээний тусламжтайгаар эхийн хэвлийд хүрсэн дуу чимээг чих болон дотоод чихээрээ сонсож эхэлдэг байна. Ураг энэ үедээ гэнэтийн мөргөлдөх дуу чимээнд цочиж хариу үйлдэл хийдэг. Анх ямар дуу чимээг сонсдог вэ? Хүүхэд хамгийн түрүүнд ээжийнхээ гэдэсний гүрвэлзэх дуу, зүрхний цохилтыг сонсдог. Дараа нь ээж нь юм ярьж байхад чичирч буй хоолойноос нь түүнд мэдрэгдэх чичиргээг уушги, ходоодоор дамжин өөрт нь хүрч ирэх эхийнхээ дуутай танилцдаг. Хэсэг хугацааны дараа гадаад ертөнцтэй түүнийг холбох цорын ганц харилцаа болох сонсох мэдэрхүйгээ ухаарч, сонсож байгаа дуу чимээ нь өөрийнх нь амьдралтай холбоотой хэн нэгний буюу өөрийг нь тээж яваа ээжийнх нь дуу болохыг ойлгон мэдэрдэг байна. Энэ цаг мөчөөс эхлэн ээжийнхээ зүрхний цохилт, ээжийнхээ дуу хоолойг сонсох бүртээ өөрийнх нь амьдралд ямар нэгэн аюул эрсдэл байхгүй байна хэмээн тайвширдаг ажээ.

 

Жирэмсний 19-20 дахь долоо хоногийн үеэр гадны хүмүүсийн ярьж байгаа дуу чимээ нь хүүхдэд тань тодорхой хэмжээний шүүлтүүрээр дамжин хүрнэ. Энэ үед ээжийнхээ "хоёр дахь дуу хоолой" буюу таны бусад хүмүүстэй ярих дуу хоолойг сонсож эхэлдэг байна. Таны дуу хоолойг, гэр доторх, гудамжнаас дуулдах чанга чимээг сонсоно. Аавуудын хувьд гэвэл түүнд өөрийн дуу хоолойгоо сонсгох, түүнтэй харьцахын тулд жирэмсний 20-21 дэх долоо хоногийг хүлээх хэрэгтэй. 24 дэх долоо хоногоосоо эхлээд эргэн тойрны бүх дуу чимээг сонсож эхэлнэ. Ингэж олон дуу сонсдог болоод, энэ дундаас өөрийнхөө ээжийн дууг ялгаж сонсож сурна. Ээжийнхээ дууг сонсоод тайвширна. Энэ байдлаас үзэхэд эх хүүхдийн харилцаа энэ хорвоод мэндлэхээс өмнө аль хэдийнээ эхэлсэн байдаг. Зөвхөн ярилцаж харилцаа тогтоох уу? Сүүлийн саруудад хүүхдийн нуруу хэсэг мэтийн газрууд нь гаднаас барихад мэдрэгддэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ гаднаас нь илж түүнтэй хүртэх аргаар харилцаа тогтоох хэрэгтэй. Таныг сонсдог, дуу авиагаар гадны ертөнцтэй харилцаа тогтоодог жижигхэн алаг үрдээ амьдрал гэдэг ямар сайхан, хайр энхрийлэл байдгийг та ярьж ойлгуулж болно. Гадны ертөнцийг огт мэдэхгүй алаг үр тань таны л ярьж хэлсэн дуу хоолойгоор бүхнийг ойлгох болно.

Дуу авиа бол эх хүний хүүхэдтэйгээ харилцах хамгийн анхны алхам байдаг. Ийм л учраас нярай хүүхэд дөнгөж төрөөд ээжийнхээ дууг сонсоод маш ихээр тайвширч, ээжийнхээ энгэр цээжинд наалдан бат бөх унтдаг шүү дээ. Энэ талаар эрдэмтэд нэгэн туршилтыг явуулж үзжээ: Жирэмсэн эхчүүдэд төрөн төртлөө нэг дууг байнга дуулж, аялж байхыг зөвлөж, төрснийх нь дараа энэ дууг эсвэл аяыг нь хүүхдэд дахин сонсгоход ямар нөлөөтэй байгааг ажиглажээ. Эхийнхээ хэвлийд дуу сонсож байсан нярай хүүхдүүд тэр дууг сонсоод уйлахаа больж, тэр дууны аянд маш тайван, удаан гэгч нь унтаж байжээ. "Амьдралын хамгийн тайван, амгалан үе" хэмээн нэрлэгддэг эхийн хэвлий дэх үедээ сонсож байсан дууг төрснийхөө дараа сонсоод тайвширч байгаа нь гайхаад байхаар зүйл биш юм. Уг ололтоос үүдэн эрдэмтэд эхийн хэвлий дэх урагтай дуу авиа, хөгжмийн аясаар холбоо тогтоож болохыг нотолсон байдаг.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх