Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/14329913_1046907118758743_5687591898189605264_n.jpg

УИХ-аар батлан хамгаалах салбарын суурь хуулиуд шинэчлэн батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Батлан хамгаалах салбарын багц хууль шинэчлэгдэн батлагдлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж ажилласан цөөнгүй хүний нэг Та байлаа?

-Баярлалаа. Зэвсэгт хүчнийхэндээ ч гэсэн эрх зүйн шинэ орчинд ажиллах болж буйд нь баяр хүргэе. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд үе, үеийн төлөөлөл хувь нэмрээ оруулсан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил байсныг онцолмоор байна. Энэ шинэчлэл үндсэндээ гурван парламент дамжиж, шинэ УИХ-ын ээлжит бус чуулганаар эцэслэгдэн батлагдлаа. Манай өмнөх хуулиуд 1993 онд батлагдаж түүхэн үүргээ хангалттай гүйцэтгэсэн ч олон улсын байдал, улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн хөгжлийн шаардлагаар шинэчлэх шаардлага бий болсон. Миний хувьд Батлан хамгаалахын сайдаар 2008-2012 онд ажилахдаа салбарын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн гэж хэлж болно. Тухайн үед гавьяат хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн уялдаа холбооны талаар судалгааны ажил хийлгэсэн. Үүний үр дүнд өнөөдрийн батлагдаад байгаа хууль тогтоомжийн төслийн анхны хувилбар бий болсон юм. Мэдээж Батлан хамгаалахын сайд байсан хүний хувьд салбарын хууль тогтоомжийн шинэчлэлийн төлөө ажиллаж, ард нь гарсандаа баяртай байна.

-Улс төрийн төвшинд батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлд нэгдсэн байр суурьтай байж, үргэлж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Та хатуу илэрхийлдэг байсан шүү дээ?

-Энэ бол миний хөдөлшгүй байр суурь. Батлан хамгаалах салбарыг улс төржүүлж нэгдмэл байр суурьтай байж чадахгүй бол үндэсний язгуур ашиг сонирхол зөрчигдөж цаашлаад улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хамгаалах чадавхи сулрах аюултай. Иймд улс төрийн хүчнүүд батлан хамгаалах салбарын асуудлаар аль болох улс төржихгүйгээр хандах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын томоохон хөшүүрэг болно гэж үздэг.

-Та бид хоёрын ярилцах сэдэв их өргөн хүрээтэй. Таны хувьд салбарын багц хуулийн ямар шинэчлэлд хамгийн сэтгэл хангалуун байна. Ямар шинэчлэл өөрчлөлт үлдэв гэж харж байна?

-Мэдээж сайд байхдаа эхлүүлсэн ажлынхаа үр дүнг өнөөдөр харж байна. Энэ бол улс төр, эдийн засаг, нийгэм, олон улсын байдал зэрэг маш олон хүчин зүйлийн нөлөөлөл, зөвшилцлийн үр дүнд бий болсон. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн 4 суурь хуулийг шинэчлэн баталж, дагалдах 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлагдлаа. Эдгээр 4 суурь хуулийн шинэлэг зохицуулалтийг хууль тус бүрээр нь дурдах нь зүйтэй болов уу. Батлан хамгаалах тухай хуулиар батлан хамгаалах тогтолцоог зөвхөн цэргийн арга хэмжээгээр хязгаарласан ойлголтоос өргөн хүрээгээр тодорхойллоо. Батлан хамгаалах тогтолцооны үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа гэсэн өөр хоорондоо нягт уялдаа холбоотой гурван тулгууртай байх асуудлыг анх удаа хуульчилсан. Түүнчлэн цэргийн, цэрэгжсэн байгууллага зэрэг олон салаа утга бүхий ойлголтыг нэг мөр болгон Монгол Улсын төрийн цэргийн байгууллыг тодорхойлж, цэргийн байгууллын тогтолцоог тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байгууллагаас бүрдэхээр тогтоосон. Эдгээр байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдарын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх эрх зүйн үндсийг бий болгосон.

-Салбарын багц хуулиар хэд, хэдэн том томъёололууд орж ирсэний нэг нь орон нутгийн хамгаалалтын тухай юм. Орон нутгийн хамгаалалтыг яаж хэрэгжүүлэх боломжтой вэ. Үүнд бие даасан хууль дахин гарах уу?

-Шинээр батлагдсан батлан хамгаалах салбарын багц хууль нь цэрэг, батлан хамгаалах салбарын нэр томьёог жигдлэн нэг мөр ойлгох эрх зүйн үндсийг бий болгосон гэж хэлэх байна. Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг байх болно гэдгийг Батлан хамгаалах тухай хуульд тусгасан. Энэ хуулийн 7.4-т орон нутгийн хамгаалалтын харилцааг тусгайлан хуулиар зохицуулна гэж заасан учраас Батлан хамгаалах яам төслийг энэ намрын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэх байх харж байна. Орон нутгийн хамгаалалт бол манайх шиг цөөн хүн амтай, нутаг дэвсгэр томтой улсад зайлшгүй зохицуулах харилцааны нэг. Өөрөө өргөн цар хүрээтэй асуудал учраас ул суурьтайгаар үндэсний аюулгүй байдалтай уялдуулан хандах нь зөв. Батлан хамгаалах хуулиар батлан төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын батлан хамгаалахын салбарын өмнө хүлээх үүргийг нарийвчлан тусгасан. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтныхаа иргэний цэргийн алба хаах үүргийг биелүүлэх нөхцлийг бүрдүүлж, цэргийн үүрэгтний дайчилгааны сургууль, цугларалтад оролцуулах үүрэг хүлээсэн байгаа. Энэ нь ажилтнаа батлан хамгаалах асуудлаар шууд чөлөөл гэсэн үг биш. Харин ажилтанд нь батлан хамгаалах асуудал гарсан бол ажлын байрыг нь хадгалж байх тухай юм. Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Зэвсэгт хүчин нь хуурай замын болон агаарын цэргээс бүрдэхээр зохицуулсан. Энэ хуулиар Зэвсэгт хүчний үндсэн чиг үүргийг тодорхойлж, зэвсэгт хүчний удирдлагыг тогтолцоог, тэдгээрийн бүрэн эрхийг хуульчилсан. Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг Улсын Их Хурал, төрийн захиргааны удирдлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ, цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, салбарын захирагч, цэргийн мэргэжлийн удирдлагыг төрөл, мэргэжлийн цэргийн дарга нар Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр удирдлагын бүрэн эрхийн хоорондын уялдаа холбоог нарийвчлан зааглаж, давхардал, хийдлийг нь засаж залруулсан нь маш том давуу тал байлаа.

-Цэргийн сургуульд суралцсан хугацааг хуулиар иргэний ажилласан хугацаанд тооцохоор заасан гэсэн?

-Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан асуудлыг Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан. Цэргийн албаны тухай хуулиар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрдэнэ. Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон гэрээт алба, дүйцүүлэх, ахлагчийн болон офицерийн алба гэсэн бүтэцтэй байхаар хуульд тусгасан. Цэргийн сургуульд суралцсан хугацааг хуулиар иргэний ажилласан хугацаанд тооцож, оюутан-цэрэг зэрэг асуудлыг шинээр хуульчилсан байгаа. Харин хугацаат цэргийн алба хаах хугацаанд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Цэргийн алба хаах насны дээд хязгаарыг тус бүр 2 жилээр нэмэгдүүллээ.

-Цэргийн алба хаагчдын эдлэх ээлжийн амралтыг нэмэгдүүлж, ар гэрийнхэн нь цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй гээд алба хаагчид руу чиглэсэн өөрчлөлтүүдийн талаар тодруулахгүй юу?

-Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар цэргийн алба хаагч нь захирах, захирагдах, улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг тодорхой тусгалаа. Цэргийн алба хаагч гадаад улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцох, дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцах, ангийн байрлалаас гадна бүтээн байгуулалтын үйл хэрэгт оролцох болон хуульд заасан бусад үүрэг гүйцэтгэх тохиолдол бүрийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно. Түүнчлэн цэргийн алба хаагчийн давуу эрхэд офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийн жил бүр биеэр эдлэх ажлын 15 өдрийн амралтыг 18 өдөр болголоо. Дээрээс нь офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид цэргийн жинхэнэ алба хаасан таван жил тутамд олгох ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралтыг гурван өдрийн нэмэгдэл амралт болгохоор хуульчилсан. Мөн цэргийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс гэр бүлийн гишүүн нь цэргийн эмнэлгээр үйлчлүүлэх, офицер, ахлагч нь шилжин томилогдох, цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдах үед түүний гэр бүлийн гишүүд, ачаа тээшний хамт оршин суух газарт нь хүргэх тээврийн зардлыг тооцон олгох, офицер, ахлагч нь өөр анги, байгууллагад шилжин алба хаах болсонтой холбогдуулан эхнэр /нөхөр/ нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрсэн бол тэдэнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох зэрэг нэлээд олон шинэлэг асуудлыг хуульд тусгасан.

-Алслагдсан цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын талаар хэд, хэдэн зохицуулалт оруулсан байх аа?

-Алслагдсан цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагчийн сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор түүний гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгодог байсныг улиралд нэг удаа олгохоор хуульчилсан. Улсын хил болон алслагдмалд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно. Цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцна. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй цэргийн алба хаагчид албан тушаалын 1.5 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болох зэрэг давуу эрхүүдийг шинээр хуульчилж өгсөн байгаа. Энэ мэтчилэн алба хаагчдын нийгмийн хамгаалал руу чиглэсэн олон өөрчлөлт бий.

-Тэгвэл цэргийн албанд ажилладаг энгийн ажилтан алба хаагчдын эрх зүйн орчныг сайжруулахад ямар өөрчлөлт оров?

-Цэргийн анги, байгууллагад офицер, ахлагчийн гэр бүлийн гишүүд түүнтэй хамт ажиллах боломжийг хуулиар нээж өгсөн байгаа. Мөн цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулж тооцохоор хуульд шинээр зохицуулсан. Цэргийн албанд ажиллаж байгаа энгийн ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулиар нарийвчилан зохицуулж байгаа.

-Төрийн цэргийн байгууллагуудын талаар асуух өөр нэг асуулт бол цолны тухай юм. Төрийн цэргийн байгуулагууд цэргийн дээд цол хүртэх боломжтой болж байна уу?

-Цэргийн цол бол цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэл юм. Цэргийн цол олгох асуудлыг энэ хуулиар нарийвчлан тогтоолоо. Үндсэндээ шинэ дарга ирээд цэргийн цол алгасаж олгодог байдлыг таслан зогсоосон гэсэн үг. Цаашдаа офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгох болно. Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дээд офицерын цолыг, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга офицерын анхны цолыг, ахлах офицерын “хурандаа” цолыг, цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь “хурандаа” цолноос бусад офицерын цолыг олгох зэрэг цэргийн цол олгох эрх бүхий албан тушаалтан нэг бүрийн эрхийг тодорхой хуульчилсан. Цэргийн цол олгох журмыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч батална. Нөгөө талдаа цэргийн цолыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хатуу хориглосон байгаа.

-Улс орны эдийн засаг амаргүй байна. Гэхдээ эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг Зэвсэгт хүчний төсвийг бууруулахгүй байх ёстой гэдгийг та илэрхийлдэг. Ирэх оны төсөвт мэдээж анхаарал хандуулж байгаа байх?

-Төрийн албаны хуулийн 38.2-т “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалт байсан юм. Гэтэл үүнийг саяхан хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх явцдаа зөвхөн “цалин хөлс” гэснийг үлдээгээд “нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж” гэснийг нь хасаад хуульчихлаа. Энэ бол угтаа цэргийн гэлтгүй нийт төрийн албан хаагчдийн баталгаа байсан юм. Мэдээж цэргийн алба хаагчдын тэтгэвэртээ гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг бууруулах шаардлагагүй дүгнэлт гарсан нь сайн хэрэг. Ирэх 2017 оны төсвийг ирэх сарын 1 гээд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Миний хувьд ямар ч байсан батлан хамгаалахын төсвийг бууруулахгүй байлгахын төлөө ажиллах нь ойлгомжтой. Батлан хамгаалах салбарын төсвийг бууруулна гэдэг нь өөрөө үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх том аюул байдаг юм.

-Салбарын багц хуулиуд хэрэгжихэд хэдий хэмжээний төсөв шаардлагатай гэж харж байна?

-Одоогоор нарийвчлан гаргасан тоо баримт надад алга. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалахын сайдын багцад хүндрэл учруулаад байх асуудал байхгүй болов уу гэж харж байна. Хууль хэрэгжүүлэхэд эхний ээлжинд зохион байгуулалтын нэлээд хэдэн ажил бий. Түүнтэй холбоотой тодорхой хэмжээний урсгал зардал гарч таарах байх.

- Та сайдаар ажиллаж байхдаа салбарын төлөө хэд, хэдэн томоохон зорилго тавьсан. Зорилгын тань хэдэн хувь биелэв. Энхийг дэмжих ажиллагаанд таны оруулсан хувь нэмэр их гэдгийг манай салбарынхан өнөөдөр ч сайнаар дурсдаг?

-Тийм ээ. Би батлан хамгаалах салбарт хэд хэдэн зорилго дэвшүүлж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар дэвшүүлсэн нэлээд олон зорилго биелсний нэг салбарын эрх зүйн шинэчлэл байлаа. Үүнээс өмнө батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлж, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн ажил хийсэн байгаа. Мэдээж энхийг дэмжих хуулийг шинэчлэн батлуулж, энхийг дэмжих ажиллагааг өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн гэдгийг та бүхэн мэднэ. Үүний үр дүнд Таван толгой дахь Сургалтын төв энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалтын төв болтлоо өргөжиж чадлаа. Энхийг дэмжих ажиллагаанаас орсон орлогоор Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх санг бүрдүүлж, эргээд Зэвсэгт хүчний хөгжүүлэхэд зарцуулагдаж байна. Цаашдаа энэ салбарын суурь хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбогдуулан орон нутгийн хамгаалалтын асуудлыг хуульчлах болон бусад хууль тогтоомжийн шинэчлэлд анхаарч ажиллана даа.

Эх сурвалж: “СОЁМБО” сонин, Д.БОЛОРМАА

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[59.153.113.250]

2016-10-02 18:28:38

ЗӨВ ШҮҮ