Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ungar-810x500.jpg

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхлаа.

Тэдний уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Будапештэд уулзахад ярилцсан ажлууд ахицтай байгааг онцлоод Биокомбинатыг шинэчлэхэд тус улсын хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаад талархлаа илэрхийлсэн юм.

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин ажил хэрэгчээр уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй хэмээн онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай хамтран Монголд кино үйлдвэр байгуулах, шинэ эко хот байгуулах, тэр дундаа хотын усны хангамжийн чиглэлээр хамтрах, Атилла хааны музей байгуулахад хамтрах гэх мэт цөөнгүй асуудлаар санал тавьж ярилцсан юм. Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж залуу үеийн төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлжээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсаас 200 оюутныг тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж байгаа талаараа дурдаад энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн шинэ хот байгуулах тухай асуудлыг ирэх сард Унгар улсад болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дахин ярилцаж, тодорхой мэдээлэл авахыг хүссэн байна. 

Талууд хоёр талын хамтын ажиллагааг олон чиглэлээр хөгжүүлэх болон олон улсын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах тухайд дэлгэрэнгүй санал солилцжээ.

President.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх