etoim.mn
photos/images (3).jpg

Хүн өдөр тутам тогтмол хийдэг зүйлээрээ өөрийн ирээдүйг бүтээж байдаг гэдгийг та мэдэх үү? Өглөө бүр, өдөр бүр нэгэн хэвийн зүйлүүдийг хийж хэвших нь танд уйтгартай мэт санагдаж байж магадгүй юм. Тэгвэл та яг одоо өглөө бүр, өдөр бүр тогтмол юу хийдэг талаараа бодоод үзээрэй.  Өглөө босно, ороо хураагаад сайхан шүршүүрт орж гарч ирчхээд өглөөний цайгаа уугаад ажилдаа явж байна уу? Таны өглөө бүр хийдэг зүйл зарим хүний хувьд мөрөөдөл нь байгаа. Өглөө бүр таны хийдэг нэгэн хэвийн гэж боддог тэр зүйлүүдийг хийхийг хүсдэг хүн дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Та зарим хүнээс бүр илүү юм. Зарим нь үд болтол унтаж, зарим нь өглөө босонгуутаа тамхи татаж, дэлгэц шагайж, амьдралын буруу хэв маягт баригдсан хүмүүс байна. Өдөр тутам хийдэг нэгэн хэвийн үйлдлүүдээс залхаж байвал дараах зөвлөгөөнүүдийг дагаад үзээрэй.

ЭРЧ ХҮЧ НЭМЭХ

success

Өглөө ажилдаа явахын өмнө байдаг л нэгэн хэвийн болж тогтсон бол өөр шинэ содон зүйлүүдийг туршаад үзэхэд гэмгүй. Тухайлбал өөрийн босдог цагаасаа 30-60 минутын өмнө босож, өглөөний гүйлт хийж байх. Өглөөний цайгаа хүнээр бэлдүүлдэг бол яагаад өөрөө бэлдэж болохгүй гэж? Эсвэл хайртай хүнтэйгээ хамтдаа бэлтгэсэн ч болно. Гэрээсээ тогтмол ажил руугаа явдаг цагтай бол тэр цагаасаа 20-30 минутын өмнө ажилдаа очоод үзээрэй. Ажил дээрээ очоод халуун кофе ууж, өдрийнхөө эрч хүчийг авангаа, өдөр хийж гүйцэтгэх төлөвлөсөн ажлуудаа /төлөвлөдөг гэж итгэж байна/ хийж эхлээрэй. Мэдээж хэрэг таныг ажлын цагаас эрт ирж ажлаа хийлээ гэж хэн ч шагнаж, урамшуулахгүй. Харин та өөрийн нэгэн хэвийн тогтсон үйлдлүүдээ өөрчилснөөр амьдрал тань илүү амттай болно.

ХУРД НЭМЭХ

irish-hands

Та аливаа ажлыг дуусгахын тулд маш их яаран, шавдаж, бушуухан дуусгаж санаа амрах юмсан гэж бодож явдаг юм биш биз? Байнга ийм бодолтой, танд хэвшил болчихсон бол та буруу замаар явж байна. Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг хурдан хийгээд дуусгах юмсан, удирдлага надад байнга илүү ажил даалгаж байдаг, энэ бол миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүрэг байна гэж дотроо бухимдаад л яваад байгаа бол таны буруу бодол таны эрч хүчийг барж, бүтээмжийг бууруулдаг гэдгийг ойлго. Тэгвэл та удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сорилт, боломж мэтээр харж хүлээж авч хэвших хэрэгтэй. Удирдлага өөрийн итгэдэг хүндээ илүү их үүрэг даалгавар өгөх хандлагатай байдгийг та мэдэх үү? Өөрийг тань одоо байгаа хэмжээнээс чинь илүү нөөц бололцоо байгаа гэж үзсэндээ танд чухал даалгавруудаа хариуцуулдаг. Хэрэв та өдөр тутмын ажлаа хийгээд явж байх нь хал палгүй, хялбар мэт санагдаж, энэ нь таны үйлдлүүдийг удирддаг бол та ажилдаа амжилт гаргаж чадахгүй юм. Тэгвэл энэ их ажлуудыг хэрхэн дуусгах ёстой вэ? Та илүү хурдан, цагийг үр дүнтэй ашиглаж эхэлснээр таны ажлын байран дээр хийгддэг тогтмол ажлууд тань танд илүү зугаатай, бас хөгжилтэй мэт санагдаж эхэлнэ. Та өөр зүйлд сатааралгүй, хийх ёстой зүйлүүдээ хурдан шуурхай дуусгаж, нэмэлт ажил үүргүүдийг хийж эхэлснээр таны ажил дээрх цаг мөчүүд баяр, баясал, аз жаргалыг өгөх болно. Энэ хэрээр та ажилдаа дуртай болж, удирдлагынхаа анхааралд өртөх боломжтой болох юм. Хурдан бай, гэхдээ няхуур байдлаа орхигдуулж болохгүй.

АМТ НЭМЭХ

photo-1438962136829-452260720431

Замын түгжрэлд түгжирч түгжирч нэг юм гэртээ ороход эхнэр чинь халуун хоол хийчихсэн, хүүхдүүд тань гүйлдэн ирж тэврүүлэх гэж зүтгэхэд замын түгжрэлээс болж үүссэн бухимдлууд тань алга болж аз жаргал мэдрэгддэг байх. Зурагтаа асааж, хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, эхнэрийнхээ хийсэн гарын хоолыг идээд сууж байх нь хангалттай мэт санагдаж магадгүй юм. Тэгвэл энэ аз жаргалтай мөчийг илүү сайхан болгох, илүү хөгжилтэй болгох аргууд олон бий. Эхнэртэйгээ цуг хоёулханаа дарс шимэн ирээдүйн сайн сайхныхаа талаар та хэзээ хамгийн сүүлд ярилцсан бэ? Сардаа нэг удаа ч болов хүүхдүүдээ ээж дээрээ үлдээгээд эхнэрийгээ болзоонд уриарай. Хүүхдүүдтэйгээ хамтдаа гэр бүлээрээ одон орны төвд очиж шөнийн тэнгэрт гялалзах оддыг ажиглаж ч болох юм. Гэртээ найзуудыгаа урьж эхнэрийнхээ гарын хоолоор дайлж, хамтдаа хөл бөмбөг үзсэн ч болох юм.

Өдөр тутам хийдэг тогтмол үйлдлүүдээ нэг сайн тунгаан бодоод үзээрэй. Хувь хүнийхээ хувьд бие сэтгэл минь эрүүл байж чадаж байна уу? Ажилдаа амжилттай, дуртай, гүйцэтгэл, бүтээмж өндөртэй байж чаддаг уу? Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байж аз жаргал өгч байна уу? Энэ бүхнийг та өдөр тутмын тогтмол хийдэг үйлдлүүдээрээ илүү сайхан болгож болно гээд төсөөлөөд үз.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх