etoim.mn
photos/c0f6edfc-537b-4a40-8b48-7b60e17a2796.jpg

УИХ-ын чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж, батлав.

Хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Иргэний нисэхийн салбар сүүлийн 20 жил ухарч байна. Монгол улс бүх аймаг руу нислэгтэй. Тийзний үнэ амьжиргааны түвшинд тохирч байсан. Гэтэл одоо хумигдсаар байгаад ганц компани зургаан онгоцтой. Одоо МИАТ-ын нислэг байнга хоцордог. Очсон газартаа хамгийн мухрын, хамгийн даржин зогсоол дээр зогсдог. Дээр нь маш үнэтэй. Билет олдохгүй байна уу гэхээр хоосон нисээд байдаг.  Тэгсэн атал шинэ онгоц явдаггүй. Дандаа гаднаас түрээсэлж байгаа хуучин, тоос шороондоо дарагдсан онгоц МИАТ-ын үндсэн нислэг хийгээд байдаг. Нөгөө шинэ онгоц нь яасан гээд асуухаар гадныхан түрээсэлж байгаа гэдэг. Өнөөдөр ийм байдалтай байна. МИАТ үнэхээр дампуурах гээд байгаа юм уу гэхээр эдийн засгаа сайжруулах тал дээр юу ч хийдэггүй. Зургаан онгоцтой ийм газар 30—400 хүн ажиллаж байвал болдог юм байна лээ. Гэтэл 800,900 хүн ажиллаж байна. Асар олон дарга, хурган дарга, ажилчдын цалинд хамаг зардал нь явчихдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Өөрчлөх хийх шаардлагатай ажил байна. Орон нутгийн нислэг, ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх ёстой. Ингэж байж аялал жуулчлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна. Өнгөрсөн жил хоёр аймагт татаас өгсөн. Хоёр аймгийн нислэг тогтворжиж байгаа. Ирэх онд дахин хоёр аймагт татаас өгнө. Компанийн засаглалтын сайжруулах чиглэлээр МИАТ-ын удирдлагуудыг хүлээж авч уулзсан. Ер нь бол төсөв зардлаа танах чиглэлээр ажиллаж байгаа юм байна лээ. Ирэх жил “Боинг-737 Макс 8” загварын хоёр шинэ хөлөг ирнэ. Ирэх жилээс иргэний агаарын тээврийг шинэчлэх, зарим чиглэлийн зах зээлийг нээлттэй болгох шийдвэр хэрэгжинэ. Энэ хүрээнд ялангуяа нислэгийн оргил ачааллын үед хэрхэн зохицуулах талаар бодох хэрэгтэй. Өнөөдөр Сөүл хот руу оргил ачааллын үед 1,2 сая төгрөгөөр тийз олдохгүй  байна. Оргил ачааллын үед хамгийн хямд билет 238 ам.доллараар гардаг болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ хэлэлцээрт нэгдсэн орсноор Монгол Улс худалдаж авсан онгоцоо өөрийн нэр дээр бүртгэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай. Одоо бол Ирланд, АНУ-д бүртгэлтэй явдаг. Өөр улсад бүртгүүлэхэд өндөр төлбөр төлдөг гэж би сонсож байсан.  Энэ хэлэлцээрт нэгдсэн орсноос компанийн зардал хэрхэн буурах вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: МИАТ-ын худалдаж авсан онгоцыг нэр дээр авах асуудал 2008 оноос зохицуулагдаад явж байгаа. Харин өнөөдрийн яригдаж байгаа хэлэлцээрт нэгдэж орсноор эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлүүлэх зохицуулалт эдлэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Бид дэлхийн бусад улсаас өндөр үнээр нисч байна. Та сая Сөүл орох билет 238 ам.доллар гэж байх шиг байна. Яг одоо утсаар асуухад 1,8 сая төгрөг гэж байна. Хэнд 1,2 сая төгрөгөөр зардаг юм бол. Та утсаар асуугаад үз дээ. Танд өөр хариулт өгч магадгүй юм. 1,8 сая төгрөг гэдэг бол дунджаар 700 ам.доллартай тэнцэнэ. Солонгосын компани Монголд орж ирэх гэж уралддаг. Угтаа бол ирж очих билетийн үнэ 200 ам.доллар юм байна лээ. Гэтэл 3,5 дахин үнэтэй байна. Харамсалтай нь үндэсний нэг компани тэжээнэ гээд өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Гарч ирж байгаа сайд болгон нэг юм ярьдаг. Би Я.Содбаатар сайдын хариултыг бараг мэдэж байна. Солонгос, Хятад руу нисэхдээ хоол идэхгүй байвал хэдэн төгрөгөөр нисэх вэ?

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар: Ж.Ганбаатар гишүүн хариултыг нь би мэднэ гэж байна. Гэтэл би анх удаа хариулах гэж байна шүү дээ. Нислэгийн үнийг буулгахын төлөө ажиллаж байгаа. Үүний тулд ажлын хэсэг гараад, тийзний үнэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж байна. Олон шалтгаан бий. Тухайлбал, шатахууны үнэ 27 хувиар нөлөөлж байна. Энэ 27 хувийг яаж бууруулах вэ. Өнөөдөр далавчийг цэнэглэж байгаа 1 тонн шатахууны үнийг яаж бууруулах вэ гэдэг чухал. Солонгос улстай агаарын хэлэлцээрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Энэ асуудлаар Иргэний агаарын тээврийн захирал Солонгосыг зорьсон. Гуравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл зуны нислэг нисдэг. Энэ үеэр тийзний үнэ өсдөг. Энэ нөхцөлийг олон талаас нь судалж байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх