etoim.mn
photos/bf73123e196cca70ca9babe1ac730703.jpg

Монголын үндэсний статистикийн хорооноос сар бүрийн энэ өдөр нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтийг танилцуулдаг. Өнөөдөр өнгөрсөн 9-р сарын нийгэм эдийн засгийн мэдээллийг танилууллаа

Энэ оны 9 дүгээр сард эхийн эндэгдэл гараагүй байна.​​​​​​

Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сард 57.6 мянган эх амаржиж, 58.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3.2 (5.9%) мянгаар, төрсөн хүүхэд 3.2 (5.9%) мянгаар тус тус өсжээ. Харин 12.9 мянган хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 1168 (10.0%)-аар нэмэгджээ.

Энэ оны эхний 9 сард 1000 хүнд ногдох төрөлт 18.0, нас баралт 4.0, ердийн цэвэр өсөлт 14.0 байна.

Эхийн эндэгдэл 2018 оны эхний 9 сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 (8.3%)-ээр нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 9 сард 22 болж, өмнөх оны мөн үетэй адил байна. Энэ оны 9 дүгээр сард эхийн эндэгдэл гараагүй байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 24,2 мянгад хүрчээ 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 9 дүгээр сарын эцэст 34.0 мянга, үүнээс 24.2 (71.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.8 мянга буюу 28.9 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны 9 дүгээр сарын эцэст 24.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.2 мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.1  мянган хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянга буюу 52.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.9 мянга нь Улаанбаатар хотод амьдарч байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2018 оны 9 дүгээр сарын эцэст 48.2 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.7 хувийг суурь, 4.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2018 оны 9 дүгээр сард өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны эцсээс 5.3 хувь, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өслөө. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Чанаргүй зээл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж буурчээ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 16.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 399.4 (2.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.9 (21.8%) их наяд төгрөгөөр өсөв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 991.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27.5 (2.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 164.1 (19.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх сараас 0.3 өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр тус тус буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.1 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 189.9 (16.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх