etoim.mn
photos/11012427_817597848331065_1034337211966104039_n.jpg

Энэ сарын 10-15ны өдрүүдэд Завхан аймагт  “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалт болж байна.  БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран эрдэмтэн, зохиолч Э.Оюуны мэндэлсний зуун жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэхүү улсын уралдааны Баруун бүсийн шалгаруулалтад таван аймгийн театрынхан оролцож байгаа юм.  

Тус уралдаанд Завхан аймгийн хөгжимт театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” мюзикл  жүжгээр оролцож байгаа юм. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баярсайхан, ерөнхий зураачаар МУСТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор МУСТА Э.Хүрэлбаатар нар ажиллажээ. Харин жүжгийн гол дүрд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин МУГЖ Т.Цэцэгээ, дуучин Д.Бат-Ундрах, бүжигчин П.Адъяадулам, бүжигчин Н.Авирмэд нар тоглож байна. Мөн энэ жүжигт Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын дөчин таван уран бүтээлч оролцон тоглож байгаа юм. Бидэнд   “Гарын таван хуруу” мюзикл  жүжгийн ерөнхий найруулагч С.Баярсайхантай цөөн хором ярилцах боломж олдсон юм.

Сайн байна уу таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Гарын таван хуруу киног үзээгүй монгол хүн гэж байхгүй. Энэ зохиолыг мюзикл болгох санааг хэзээ гаргаж байсан бэ?

Монголын театруудад ажилладаг болон ажиллаж байсан үе үеийн уран бүтээлчдийн чадал чансааг сорьж одоо бүр сонгодог хэлбэрт орчихсон  “Учиртай гурван толгой”, “Найрын ширээний ууц”, тэгээд энэ “Гарын таван хуруу” гэсэн  гурван том зохиол байдаг. Эдгээр зохиолууд дээр ажиллаагүй уран бүтээлчид их ховор. Манай үе үеийн найруулагчид энэ жүжгийг өөр өөрсдийнхөөрөө найруулж тайзнаа толилуулахыг хүсдэг. Би ч гэсэн ялгаагүй. Энэ миний мөрөөлдөл байсан.

Киног жүжиг тэр тусмаа хөгжимт жүжиг болгоно гэхээр их содон сонсогдож байна ?

Манай театр чинь өөрөө хөгжимт театр шүү дээ. Мэдээж ажиллагаа их орно. Эхлээд зохиолоо шинэчлэн бичээд тэгээд дотроо төсөөлөн бодож амьдруулна гээд л... Зохиолч маань анх энэ зохиолоо хэзээ бичиж байлаа. Одоо хэдэн он билээ. Тухайн үеийн хүмүүсийн сэтгэхүй юмыг хүлээж авах байдал одоогийнхоос тэс өөр байсан шүү дээ. Харин одоо бол нийгмээ дагаад хүмүүсийн юмыг хүлээж авах сэтгэлгээ, хэрэгцээ шаардлага,  уран бүтээлчдээс хүлээх хүлээлт их өндөр болсон. Хүн бүрийн мэддэг болсон зохиолыг хөгжим, бүжгээр илэрхийлнэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ яг үүн дээр л хөдөөгийн театрын уран бүтээлчдийн хөрвөх чадвар илүү  их харагдана гэж бодож байна.

Зохиолыг шинэчлэн найруулахад хэдий хэр хугацаа зарцуулав?

Миний мөрөөдөл байсан гэж хэлсэн  шүү дээ. Тийм болохоор тэр хугацаа энэ тэрийг бол нээг их ач холбогдол өгч тооцоолоогүй ээ. Гэхдээ яг зохиолоо гар дээрээ бариад шинэчлэн бичсэн гээд бодвол  барагцаагаар зургаагаас долоон жил бол болсоон.  

Хөдөө орон нутгийн театруудын боловсон хүчин их цөөхөн байдаг гэсэн. Багаа бүрдүүлэхэд хэцүү байсан уу?

Тэгэлгүй яах вэ. Мэдээж орон нутгийн театруудад боловсон хүчин тэр тусмаа мэргэжлийн боловсон хүчин харьцангуй цөөн байдаг. Нуулгүй хэлэхэд урлагийн хүн болохоосоо илүүтэйгээр олны танил болж оддын амьдралаар амьдрах гэж энэ мэргэжлийг сонгож суралцсан хүмүүс их. Мэдээж өөрсдийн чин хүслээр сонголт хийсэн хүмүүс ч байгаа. Гэхдээ тэдний ихэнх нь хот гэдэг их айлд үлдэж тэндээ л ажиллахыг хүсч байна шүү дээ. Нутаг усаа гэх сэтгэлтэй бас урлагийг үнэн сэтгэлээсээ хайрладаг цөөн хэдэн хүмүүсийн төлөөлөл энд орон нутагт ажиллаж байна. Бусдын л жишгээр манай театр ч гэсэн цөөхөн уран бүтээлчидтэй. Манай жүжигт үндсэн жүжигчдээс гадна найрал дуучид бүжигчид гээд 50 гаран уран бүтээлч орж байгаа. Үнэнийг хэлэхэд манай  театр тэр чигээрээ нэг ч хүн үлдэхгүй орж байна. Жижүүрээ тоглуулах нь холгүй л юм болж байна. (инээв)  Гэхдээ бид бэрхшээлийг сөрж өөрсдийн зорьсондоо хүрсэн гэж бодож байна.

Бэлтгэлийн үеэр хүндрэл гарав уу?

Мэдээж гаралгүй яах вэ. Бүх зүйл хүсснээр болдог бол хүсэл тэмүүлэл гэж яриад хэрэггүй. Бас мөрөөдөл гэж байгаад яах юм. Бэрхшээл тулгарах тусам тусам илүү их хүчтэйгээр түүнийг сөрж бас суралцах хэрэгтэй. Хүн чинь ийм байж л амьтнаас ялгарана шүү дээ. Бэлтгэлийн бүхий л үе шатанд төрөл бүрийн хүндрэл гарч байлаа. Учир нь  транс авангард+физикл гэж би зоригтой дуугарсан болохоор бүх зүйл шинэ байсан. Харин манай театрын дарга их мундаг хүн. Болдогсон бол ийм дарга нар манай театруудад олон л байгаасай гэж битүүхэн хүсэх юм. Театрынхаа төлөө, урлагийн төлөө үнэхээр сэтгэл гаргаж чаддаг хүн. Би даргыгаа магтаад долгиноод байгаа юм биш. Угаасаа зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэдэг байх аа.

Транс авангард+физикл  гэсэн. Та өмнө нь энэ төрлийн зохиолууд дээр ажиллаж байсан уу?

Тэгэлгүй яах вэ.  Ажиллаж байсан.

Уучлаарай хоёулаа бяцхан нууц задалчихъя. Та бүхэн энэ бүтээлээ арай өөр өнцгөөс харж хийсэн гэж байсан. Энэ талаар жаахан сонирхуулж болох уу?  

Ерөнхийдөө жүжгийн зохиолоос 20 хувь авсан. Гэхдээ жүжгийн санаа агуулгыг бол эвдээгүй ээ. Гэхдээ ихэнх хүмүүс Шагдар гэдэг хүнийг л буруутгадаг. Мэдээж түүнийг өмөөрөөгүй. Гэхдээ хүн ямарваа нэг зүйлд бусдыг буруутгахаас илүүтэйгээр бурууг бас өөрөөсөө хайх хэрэгтэй гэсэн санааг үзэгчдэд хэлэхийг хүссэн дээ.  

Танай театр энэ бүтээлээрээ “Шилдэг бүтээл 2018”-д өрсөлдөх гэж байгаа гэсэн?

Тиймээ эрдэмтэн зохиолч Э.Оюуны нэрэмжит “Шилдэг бүтээл 2018” урлагийн наадамд хорин нэгэн аймгийн уран бүтээлчид гурван бүсэд хуваагдан өөрсдийн бүтээлээр өрсөлдөж байгаа. Хөдөө орон нутгийн театруудын ажлийг дүгнэх нэг аргачлал бол энэ л дээ. Дөрвөн жилд нэг удаа театрууд өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөж хэн нь юу хийж байгаагаа тайлагнаж байгаа хэрэг. Гэхдээ манайхан яагаад ч юм хурдан  морь шиг уралдах гээд байх шиг санагддаг. Хүн, тэр тусмаа уран бүтээлч хүн хөдөлмөрлөх нь зөв. Гэхдээ миний бодлоор энэ бол хэн нь шинэ зүйл сэтгэж, хэн нь ямар дэвшилтийг сорьж өөрсдийгөө туршиж үзсэн бэ гэдгээ л  бие биендээ үзүүлэх нэг арга зам гэж би боддог.  

Та уран бүтээлч хүн. Юунаас илүү урам авдаг өөрийгөө хөглөдөг вэ?

Янагаас илүү урам авдаг

Хүн бүрт л өөрийн гэсэн зөвлөгч байдаг. Таньд хамгийн их хэрэгтэй байсан зөвөлгөөг  хэн зөвлөж байв?

Өмнө нь найруулагч Чимэддоржийн Ганхуяг, Баярцагааний Баатар хоёроос авдаг байлаа. Тэр хоёр маань тэнгэрийн оронд  бурхадад жүжиг найруулж өгөхөөр ирсэн газар руугаа буцсан.  Харин одоо бол намайг ойлгочих, зөвлөх хүн байхгүй ээ.

Өнөөдөр найруулагч мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа байгаа мөн залуухан найруулагч нарт захиж хэлэх зүйл байна уу?

Авьяас гэдэг зүйл яагаад ч сурдаг зүйл биш ээ. (инээв) Найруулагч төрдөг юм... Урлаг бол хувь тавилан болохоос хүнд үзүүлдэг диплом биш. Тийм болохоор эхлээд өөрсдийгөө сайн таньж мэд. Тэгээд дараа нь сонголтоо хийгээрэй гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье

 

 

Таалагдахгүй байна

15
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх