etoim.mn
photos/5a8e8ba546d9422022018172141.jpg

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнг танилцуулах уулзалт /2018.02.22/ боллоо. Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороог хамруулсан байна.

Эндээс хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийжээ.  Ингэхэд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.  

•      5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай

•    6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгааг тогтоосон.

•    Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл. Үүнээс  6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9% нөөц дутмаг,  жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4% дуталтай, 20.2% нөөц дутмаг, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4% Д аминдэм дуталтай, 41.9% нөөц    дутмаг байдалд байгааг илрүүлсэн.

Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.

Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.

Эрдэс бодисууд яагаад хэрэгтэй вэ?

Витамины адилаар эрдэс бодисууд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Аливаа өвчлөл болон эмгэгийн явц болон эмнэлзүй нь ямар нэг хэмжээгээр эрдэс бодисын дутагдалтай холбоотой байдаг. Эрдэс бодисууд нь эсийн нөхөн төлжилт, мэдрэл дамжуулалт ба тархины үйл ажиллагаа, фермент нийлэгжил зэрэг бие махбодийн олон урвалжуудын зайлшгүй нэг хэсэг байдаг. Тэдгээр нь мөн эд эсийн солилцоонд оролцож булчингийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тухайлбал, төмөр нь хүчилтөрөгчийг цусаар түгээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс төмөр дутагдсанаас хүчилтөрөгчийн хүргэлт хомсдон ядарч сульдан үлбэгэр болох төмөр дутагдлын цус багадах өвчний шалтгаан болно.

Кальци бол эрүүл яс, эрүүл шүдний бүтцийн үндсэн бүрэлдүүлэгч бөгөөд кальци дутагдсанаас хүүхэд насанд өсөлт удаашрах, хожуу насанд яс сийрэгжихэд нөлөөлнө.

Үл исэлдүүлэгч (антиоксидант) эрдэс болох селен нь эсийг исэлдэх гэмтлээс хамгаалж бие махбодид онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Хорт хавдартай хүмүүсийн эрдэс бодисуудын шинжилгээнд селенийн түвшин ихэвчлэн буурсан байдаг нь ажиглагдсан. Цайрын дутагдал нь хумс ховилтой, хугарамтгай, цагаан толботой болох шинж тэмдгээр илэрнэ. Цайрын дутагдлаас болж амтлах, үнэрлэх мэдрэмж суларч, хоолны дуршил багасдаг. Хоолны дуршил алдагдах нь цайрын дутагдалтай байж болзошгүйг эрдэмтэд олон судалгаагаар олж ажигласан тул өвчний эмчилгээнд цайрыг туршиж байна. Цайрыг шаардагдах хэмжээнд байлгах нь эр бэлгийн даавар тестостероны хангалттай түвшин болон эр бэлгийн эсийг бүрэлдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй. Цайрын хомсдол нь эрчүүдийг түр хугацааны үргүйдэлтэй байлгах магадлалтай байдаг. Цаашлаад цайрын дутагдал дархлааны тогтолцоог сулруулж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэхчилэн бүгд хүний бие махбодид ОНЦГОЙ үүрэгтэй байна.

Илүүдэл жин, таргалалт хоёр ялгаатай

Өөр нэг тулгамдсан асуудал бол илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болсныг судалагааны дүн харуулжээ.

Тодруулбал,

•    5 хүртэлх насны хүүхдийн 11.7% илүүдэл жинтэй, •    6-11 насны хүүхдийн 22.2% илүүдэл жинтэй, 6.4% таргалалттай, •    15-49 насны эхчүүдийн 46.2% илүүдэл жин ба таргалалттай, 16.5% тарган, •  15-49 насы эрэгтэйчүүдийн 48.8% илүүдэл жин ба таргалалттай, 14.6%  тарган байгааг тогтоосон.

           Энд дурдахад, илүүдэл жин, таргалалт хоёрыг салгаж ойлгох учиртай аж. Жингийн илүүдэлтэй байх нь таргалалтын нэг л шалтгаан юм байна. Дэлхийн хүн ам 1975 оноос хойш таргалах өвчинд илүү нэрвэгдэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт, хэт үйлдвэржилт, эм, нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ өссөн, экологийн тэнцвэр алдагдсан гэхчилэн олон шалтгаантай. Буурай хөгжилтэй болон хөгжиж буй орныхон таргалалтад илүү өртдөг гэсэн судалгаа байдаг. Товчхондоо үүнээс болж, элдэв өвчин өөртөө “нутагшуулж” буй хэрэг учраас зөв, зохистой амьдралын хэв маягийг эрхэмлэх ёстойг судалгаа харуулаад байгаа юм.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх