etoim.mn
photos/42ccd2_tsaxiur_x974.jpg

1. Соскийг нэг ой хүрснээс нь хойш хөхүүлбэл нүүрний хэлбэрт нь өөрчлөлт оруулах магадлалтай

Хүүхэд соск хөхөхөд амны хөндийд гардаг өөрчлөлтүүд хүүхдийн шүдэнд завсар үүсэх, буруу зуулттай болох гэх мэт аюул дагуулдаг. Хүүхэд хэдий чинээ удаан соск хөх тусам төдий чинээ өөрчлөлт үүсэх магадлал өндөр болдог. Харин хүүхэд соск хөхөж эхэлснээс 18 сарын дотор өөрчлөлт үүсэх нь бага байдаг бөгөөд 36 сарын дотор илэрхий өөрчлөлт ажиглагдаж эхэлдэг. Та хүүхдээ 18-36 сартайд нь соск хөхүүлэхэд буруутах зүйлгүй боловч үүнээс хойш аль болох хэрэглүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

2.Сүүн шүд нь ургаж эхэлмэгц шүднийх нь ариун цэвэрт нь анхаараарай

Хүүхдийн шүдийг цэцвэрлэх хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй байдаг. Мөн таны хүүхэд  мэдээж багаасаа өөрөө шүдээ угааж сурах нь зөв. Аав ээжийгээ дурайж  угаах дадалд суралцуулах нь зүйтэй. Гэхдээ хүүхдэд зориулсан оо, сойз хэрэглээрэй. Хоолны давтамж чухал болохоор ойр, ойрхон чихэр идүүлэхгүй байх, идэхийг хүссэн үед нь сайн идүүлэх, дараа нь шүдийг сайн угааж өгөх, боломжгүй бол ус уулгаж эсвэл амыг нь зайлуулж хэвшүүлбэл сайн шүү. Хэрэв таны хүүхдийн шүд цоорч эхэлж байвал цооролт зогсоох түрхлэг түрхүүлээрэй бас араа шүд нь ургаж буйлнаас чөлөөлөгдвөл тэр дор нь цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлэх хэрэгтэйг санаарай. Ер нь байнга шүдний эмчид үзүүлж тухайн хүүхдэд тохирсон эмчилгээ хийлгэж байнгын хяналтанд байлгахыг зөвлөх байна.

3. Сүүн шүд удаан ургах нь эмзэглэх асуудал биш

Хүүхдийн эрүү, хоншоор тус бүрт 10 нийтдээ 20 сүүн шүд байдаг. Хүүхдийг 6-8 сартай байхад анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас 6 сартайд бүх шүд нь ургадаг. Эхний шүд удаан гарах нь тийм ч эмзэглэх ноцтой зүйл биш. Сүүн шүд 5-6 наснаас эхлэн 13 нас хүртэл нь солигддог. 15 нас хүрэхэд байнгын шүдний эгнээ бүрэн хэлбэржиж эхэлнэ. Энд анхаарах чухал зүйл бол 5-6 насанд шүд уналгүй хамгийн түрүүнд гарч ирдэг байнгын 1-р их араа шүд. Бага насанд нь гарч ирдэг учраас эцэг эхчүүд сүүн шүдтэй андуурах тохиолдол байдаг.

4. Зaжилж иддэг хоол хүнс шүлс ихээр ялгаруулж амны хөндийг цэвэр болгодог

Хүүхдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсний хэрэглээг зохицуулах, ба хянах нь чухал. Тиймээс сахарозоос эхлэн бүх төрлийн сахар агуулсан хоол хүнсийг үндсэн хоолноос гадна хоол хоорондын амттандаа хэрэглэх нь шүд цоорох өвчнийг ихэсгэдэг тул хоол хоорондын амттанг хэрэглэх хэрэглээний давтамжийг бууруулахыг хичээх хэрэгтэй. Сахар агуулсан хоол хүнсний дотроос наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлэх тул хоол хоорондын амттаны төрлүүдээс аманд үлдэж, шүдэнд наалдахдаа хялбар амттанаас татгалзахыг зөвлөж байна. Зажилж идэх хоол хүнс нь шүлс ялгаруулж, шүдний гадаргууд өөрөө цэвэрших үйлчлэл үзүүлдэг тул хатуулаг хоолыг сайн зажилж идэх хэрэгтэй. Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасах учир орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг амттай уух юмнаас аль болох татгалзах

5. Угжны буруу хэрэглээнээс болж шүдний эрт үеийн цооролт үүсдэг

Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал юм. Өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр гэж ойлгож болно. Энэ үед тэр болгон цооролд өртдөггүй хоншоорын үүдэн шүдний уруул талын гадаргаас эхэлж шүдний бүх гадаргууг нилэнхүйд нь нэг зэрэг хүнд хэлбэрээр гэмтээдэг. Шинжлэх ухаанд энэ тохиолдлыг угжны цоорол гэж нэрлэхээ больж хүүхэд насны эрт үеийн цоорол буюу early childhood caries гэж нэрлэх болсон. Хэрэв шинж тэмдэг илэрвэл эмчийн хяналтад оруулан эмчлүүлэх шаардлагатай.

6. Хумсаа хэмлэх, шүдээ хавирах буруу зуршлаас болж амны хөндий өвчилдөг.

Хүүхэд хуруугаа хөхөх уруулаа хазах, хумсаа хэмлэх зэрэг буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий, хэл ярианд олон янзын өөрчлөлтүүд  үүсч болдог. Жишээ нь: шүдний эгнээний өөрчлөлт. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт гэмтлүүд үүсдэг.

7. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?

Та хүүхдээ шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгөөрэй. Харин өөрөө шүдээ цэвэрлэж чадахааргүй балчир хүүхдийг хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгөх хэрэгтэй. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлбэл зүгээр байдаг. Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хүүхдийн шүдийг хэвтүүлэн угаахад хэрэглэх арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлнө. Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт илүү үр дүнтэй болдог. 8. Хүүхдэд ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ?

Шүд арчлах хэрэглэгдэхүүнд шүдний сойз, шүдний оо, шүдний завсар цэвэрлэгч сойз, шүдний утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал гэх мэт зүйлсүүд орно. Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсэгт үндэслэн сонгоно. Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой юм. Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилах бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь илүү тохиромжтой байдаг. Шүдний оо: Шүдний оог дотор эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үрэвслийн эсрэг үнэр дарагчтай хүүхдийн оо гэж ангилдаг. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй.   9. Сүүн шүдийг эрт авахуулснаас шүд эрүүний гажиг үүсэх магадлалтай

Шүд цоорох өвчин болон бусад шалтгаануудаас болж шүд унах хугацаанаасаа эрт сүүн шүдээ алдах нь шүдний эгнээ зуултанд муу нөлөө үзүүлдэг. Үүний гол нөлөө нь зай багассанаас дараагийн шүдлэх байнгын шүдний байрлалын гажгийг үүсгэдэг. Ялангуяа 1-р их араа шүд шүдлэсний дараа сүүн араа шүдийг эрт алдах нь байнгын хажуугийн шүднүүдийн эгнээний гажгийг үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Иймээс эмчийн хяналтанд орж, сүүн шүдний өвчлөлийг эмчлүүлэн шүдийг өөрийнх нь жамаар унагах нь зөв.

10. Анхны шүд цоорлын нянг хүүхэд ээжээсээ шүлсээр дамжуулан авдаг.

Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал байдаг. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг нь судалгаагаар нотлогдсон. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу дадал. Тиймээс та хүүхдийнхээ төлөө өөрийнхөө ч амны эрүүл ахуйд анхаарал тавиарай.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх