etoim.mn
photos/daahvv.png

Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь  тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг  хог хаягдал юм. 

Тэгвэл бид өдөр тутмын амьдралаас аюултай хог хаягдал үйлдвэрлэдэг эсэх, ахуйн хүрээнд үүссэн аюултай хог хаягдал нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөдөг талаар Аюултай хог хаягдлын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ч.Даахүүтэй ярилцлаа.

Сур:  Ахуйн хүрээнээс гарч байгаа ямар төрлийн хог хаягдлууд аюултай төрөлд багтдаг вэ?

Айл өрхийн хэрэглээнээс үүдэлтэй маш олон төрлийн аюултай хог хаягдал байдаг. Тухайлбал, ухаалаг гар утас, машины ажилласан тос, батарей, гэрлийн чийдэн, электрон хог хаягдал нь аюултай хог хаягдалд багтдаг. Эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа тасралтгүй явагддаг бөгөөд нэг төрлийн хог хаягдлыг дагнан устгадаг эсвэл дахин боловсруулдаг мэргэжлийн компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл аккумлятор дахин боловсруулах чиглэлд “Заламт гол”, техникийн хаягдал тосыг дахин боловсруулдаг “Алтан оршихуй” групп, эмнэлгийн хог хаягдал дахин боловсруулдаг “Элемент” зэрэг олон компани аюултай хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Сур: Одоо аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах төвлөрсөн байгууламж байх шаардлагатай гэж байгаа. Манайд олон төрлийн аюултай хог хаягдал байна. Тэгэхээр ямар төрлийн үйлдвэр байх ёстой юм бол?

Хог хаягдлын тухай хуулиар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байх ёстой гэж заасан. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж нь Засгийн газрын тусгай хэрэгцээт газарт байгуулагдах бөгөөд нэгдсэн нэг гэдэг ойлголт дээр аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна. Тодруулбал аль аль талдаа хуулийн дагуу ажиллах ёстой. Төрийн байгууллага нь хуулийн дагуу газраа олгоод аж ахуйн нэгжүүд нь төрийн байгууллагын зааварчилгааны дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгаа.

Сур: Аж ахуйн нэгжүүд аюултай хог хаягдлыг хэрхэн татан төвлөрүүлж байгаа вэ?

Аж ахуйн нэгжүүд өөр өөрийн менежментийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал уул уурхайн аюултай хог хаягдлыг их хэмжээгээр гэрээ хийгээд авч байгаа. Хамгийн хэцүү нь айл өрхүүдээс гарч байгаа аюултай хог хаягдлыг татан төвлөрүүлэх ажил байдаг. Иргэд бүх төрлийн хогоо ангилалгүй нэг дор хийгээд хаяж байгаа учраас аюултай гэж тодотгоод байгаа хог хаягдал энгийн хогтой цуг газарт булагдаж байна. Хамгийн гол нь одоо аюултай хогийг татан төвлөрүүлэх ажлыг эмх цэгцтэй, зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. Иргэд хог хаягдлаа ангилж сурвал аюултай хог хаягдал гэлтгүй энгийн хог хаягдлыг тээвэрлэж, дахин боловсруулах боломж нэмэгдэж байгаа юм. Дээр дурдсан компаниуд хоногтоо 20 орчим тонн хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай боловч хогоо татан төвлөрүүлэх ажил дутагдалтай байна.

Сур: Хог хаягдал дундаас аль нь аюултай аюулгүй гэдгийг яаж тогтоодог юм бэ?

Засгийн газраас Бүртгэх, тайлагнах журам батлах ёстой бөгөөд энэ журмыг дагалдаж кодчилсон жагсаалт гарах ёстой. Энэ жагсаалтаар аюултай хог хаягдлын ангиллыг тогтоож байгаа юм. Аюултай хог хаягдал гэдэгт маш олон төрлийн хаягдал багтдаг. Жишээлбэл,  өдөр тутамд хэрэглэдэг хуванцруудын зарим нь аюултай гэх ангилалд ордог. Химийн олон төрөлт бодис агуулдаг, хүчил агуулж байсан хуванцар савыг хүн хэрэглэж болохгүй. Иргэдийн дунд аюултай хог хаягдал гэхээр уул уурхай, химийн лабораториос гарч байгаа эд гэж ойлгодог. Гэтэл аюултай хог хаягдлыг иргэн бүр байгаль орчинд гаргаж байдаг. Таны унаж байгаа машины техникийн хаягдал, ашигласан тосыг газар асгахад их хохирол учруулах эрсдэлтэй. 1 грамм ажилласан тос 1 сая литр усыг бохирдуулдаг, хөрсөнд шингэвэл хөрсний ашигтай бичил биетийг үгүй хийнэ. Мөн автомашины дугуй шатаахад агаарыг маш хүндээр бохирдуулдаг байх жишээтэй. Агаар хөрсний бохирдол нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан нь аюултай хог хаягдал. Тиймээс иргэн бүрийн ашигласан техникээс аюултай хог гардаг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[59.153.113.204]

2018-09-21 03:41:07

DAHIN BOLOVSRUULAH UILDVER YADUUSD BUYN BOLNO