etoim.mn
photos/319jequ9n2qa9jnqasin212pvk.jpg

Хүүхдүүд заримдаа инээх, ичихийн завсарт “гацтал” хэцүү асуулт асуудаг. Хүүхэд хариултаа авах нь л чухал. Тиймдээ ч тэд биднийг асуултад нь хариулахгүй өнгөрөх, эсвэл худал ярьж, шоолоход үнэхээрийн дургүй. Тэгвэл хүүхдүүдийн асуудаг түгээмэл асуултанд хэрхэн хариулах нь зүйтэй вэ? 

-    Би яаж хүн болсон юм бэ? 

Үнэнийг хэл. Гэхдээ түүний ойлгохгүй нарийн ширийн зүйлсийг тоочих албагүй. “Хүмүүс нэгнээ хайрлахаараа үнсэж, тэврэлддэг. Аав нь ээжид нь жижигхэн эс өгч, ээжийнхтэй нь нийлээд гэдсэнд хүүхэд бий болдог юм. Хүүхэд яг л загас шиг жижигхэн, ээжийнхээ гэдсэн дотор сэлээд л явж байдаг. Дараа нь өсч томорсоор, гэдсэнд багтахгүй болохоороо төрдөг ” гээд хариулчихад л болно. Харин хүүхдээ том болоод ирэхээр үр хөврөл, өндгөн эсийн талаар ярихад илүү хялбар. 

-    Эрэгтэй хүүхэд боожгойтой, харин охидод яагаад байдаггүй юм? 

Энэ асуултыг хүүхэд бүр л асуудаг. Бултах гээд хэрэггүй. Бэлэг эрхтний талаар сониучирхаж байгаа нь жам ёсны үзэгдэл. “Эрэгтэй, эмэгтэй хүүхэд өөр байгаа нь ирээдүйд хүүхэд төрөхөд зориулагдсан юм. Хөвгүүдэд хоёр төмсөг, бэлэг эрхтэн байдаг. Харин охидод үтрээ болон ирээдүйн хүүхдэд зориулсан умай бий. Охид хөвгүүд өсч том болоод, нэгэндээ хайртай болж хүүхэдтэй болно. Ингээд л тэд нэгдэж, гэдсэнд хүүхэд бий болно”. Ийм л хариулт өгчих, ичих хэрэггүй. Байгалийн жам ёсны үзэгдэл, сонирхлоос ичээд байх хэрэггүй шүү дээ. 

-    Би том болоод ээжтэйгээ гэрлэх үү? 

Эсрэг хүйснийхээ хүнийг сонирхох сэдэл төрж эхэлмэгц асуудаг хөвгүүдийн асуулт. Үгүй гэдгийг маш зөөлнөөр ойлгуул. “Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Эгч нь том болоод аав болохгүй, харин аав нь эмээ болохгүй шүү дээ. Тиймээс чи ээжийнхээ нөхөр болохгүй. Чи өсч том болоход ээж нь хөгширнө. Гэлээ ч чи ээжийгээ хайрлаж халамжилсан хэвээр л байна. Харин залуухан сайхан бүсгүйтэй гэрлэж, та хоёр нэгнээ хайрласнаар чи өөрийн гэсэн хүүхдүүдтэй болно”

-    Та хоёр яагаад хэрэлдээд байгаа юм бэ?

Ээж аав нь хэрэлдэхээр хүүхдүүд өөрсдийгөө буруутай гэж боддог. Тиймээс түүнийг юунд ч буруугүй гэдгийг ойлгуулах нь чухал. “Хүмүүс зарим үед нэгэнтэйгээ санал зөрөлдөх үе гардаг учраас хэрэлддэг. Хүүхдүүд ч, томчууд ч хэрэлдэнэ. Гэхдээ бид нэгэндээ хайртай учраас эвлэрнэ. Мөн бид хоёр хоёулаа чамд маш их хайртай”

-    Та надад илүү хайртай юу, эгчид илүү хайртай юу? 

Ах, эгч дүүс үргэлж л аав ээжээрээ илүү хайрлуулахын төлөө өрсөлддөг. Хүүхдээ ах эгчтэй нь зүйрлэж, сайн сурдаг учраас илүү хайрладаг гэж хэзээ ч хэлж болохгүй. “Та нар бүгд өөр хүмүүс, тиймээс бидний та нарыг гэсэн хайр янз янзаар илэрч болно. Гэхдээ бид бүгдээрэнд чинь хайртай, бүгдээрээ л бидэнд маш үнэ цэнэтэй хүмүүс”

-    Эмч намайг өвтгөх болов уу? 

Эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэдгийг тайлбарла. Харин түүнийг хулчгараар нь дуудаж, эсвэл “Яагаад жаахан хүүхэд шиг маяглаад байгаа юм?” гэж ичээх хэрэггүй. Үүний оронд, “Эмч чамд ямар ч муу зүйл хийхгүй. Эмч нар нян, өвчинтэй тэмцдэг баатарлаг хүмүүс. Бага зэрэг өвдөж мэднэ, гэхдээ үүний дараа эрүүл болно. Би өвдөхдөө бас л тариа хийлгэж байсан. Жаахан аймаар байсан ч тариулсан. Чи ч гэсэн чадна” гээд тайвшруулаарай. 

-    Би хөгшрөөд үхэх үү? Та бас намайг том болохоор үхэх үү?

Энэ асуултанд худлаа ярьж, хүүхэддээ өөрийгөө мөнхийн амьдралтай мэтээр ойлгуулах хэрэггүй. “Хүмүүс, амьтад, цэцэг ч хэзээ нэгэн цагт үхдэг. Энэ бол байгалийн хууль. Шинээр төрж байгаа хүмүүст эх дэлхийд багтах зай хэрэгтэй шүү дээ. Тиймээс бид хэзээ нэгэн цагт нас барна. Гэхдээ ээж, аав нь хөгширч, чи бидэн шиг том болж, үр хүүхэдтэй болсон хойно нас барна. Дараа нь хүүхдүүд чинь өсч том болоод чи өтөл насандаа очиж, дараа нь нас барна. Гэхдээ энэ хугацаанд чи сайхан амьдарч, адал явдал, шинэ нээлт, дурсамжаар дүүрэн байх болно”

-    Яагаад намайг хаяад ажилдаа явах гээд байгаа юм бэ? 

Ээж, аавыгаа дагадаг хүүхдийг ихэвчлэн загнаж, ядаргаатай, хэцүүгээр нь дууддаг дутагдалтай тал бидэнд бий. Харин үүний оронд эвтэйхэн тайлбарлах хэрэгтэй. “Би чамаас салмааргүй л байна. Гэхдээ ажил бол чухал. Орой ажлаа тарж ирээд л хоёулаа уулзана, хэн хэн маань баяртай байна. Хоёулаа өөрсдийнхөө эд зүйлсийг солилцоё тэгэх үү? Чи миний үзгийг ав, харин би тоглоомыг чинь аваад явъя. Хоёулаа хол байсан ч нэгнээ мэдрээд сайхан шүү дээ”

-    Яагаад та болдог, би болдоггүй юм? 

Байг, болохгүй гээд бид хүүхдүүддээ зааварлахад тэд заримдаа залхаж энэ асуултыг асуудаг. Энэ үед өөрийгөө төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс бүү ай. Гол нь хүүхдүүд эцэг эхийнхээ үйлдэл бүрийг дуурайж болохгүй гэдгийг ойлгох ёстой. “Тийм ээ, би тамхи татдаг, заримдаа шөнө болтол компьютерын ард суудаг. Гэхдээ ч миний алдааг давтах хэрэггүй. Би энэ хорт зуршлаасаа сална. Сайн хүн болохыг хичээнэ”

-    Орон доороос “мангаа” гарч ирээд намайг идчихвэл яана? 

Бага насны хүүхэд ямар нэг зүйлийг ургуулан бодож, түүнээсээ айх нь бишгүй. Харин энэ үед “мангаа гэж байдаггүй юм”, “битгий санаанаасаа зохиогоод бай” гэж загнахын оронд өөрийг нь ойлгож, нухацтай хандаж байгаа гэдгээ харуул. “Тийм мангаснууд шидэт шившилгээс айдаг юм. Хоёулаа тийм шившлэг бодож олцгооё л доо” гэж хариул. Эсвэл “ энэ зурагтны хуучин удирдлагыг хар даа. Нууц товчлуур байгааг харж байна уу? Товчлуур дээр дарангуут мангас алга болно. Удирдлагыг орны чинь хажууд тавьчихая ” гээд хариулахад хүүхэд тайвширна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх