etoim.mn
photos/59916af5aa38914082017171845.jpg

Терроризм гэж юу вэ?

Терроризм гэж чухам яг юу болохыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн албан ёсны тайлбар одоогоор алга. Харин хамгийн өргөн утгаараа терроризм гэдэг нь улс төр, шашин, үзэл суртлын нэг ижил зорилготой бүлэг хүмүүс нэгдэж хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хүмүүсийн зүрхэнд айдас суулгах замаар гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Терроризм хэмээх үг нь Латин хэлний “terrere” буюу “айлгах” гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд 18-р зууны сүүл үеэс энэ үгийг ашиглах болсон байна.  1983 онд Ливаны иргэний дайны үеэр “Исламын жихад” хэмээх цэргийн бүлэглэл АНУ ба Францын энхийг сахиулагчдын байрыг дэлбэлсний улмаас 300 гауй хүний амь нас эрстсэн түүхтэй. Үүний дараагаар тухайн үеийн Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган халдлага үйлдэгсдийг террористууд хэмээн зарласнаар уг нэршил нь олон улсад тодорхой хэмжээгээр танигдсан. Дараа нь Америкийн Ерөнхийлөгч Буш 2001 оны есөн сарын 11-ний ихэр цамхагийн халдлагыг террорист үйл ажиллагаа хэмээн зарласнаар дэлхий дахинд терроризм нь танил үзэгдэл болсон. 

Террористууд буюу алан хядагчид гэж хэн бэ? Тэд ямар зорилготой вэ?

Терроризмыг үйлдэж буй хүмүүсийг “террористууд” буюу “алан хядагчид” гэж нэрлэдэг. Тэгвэл алан хядагчид гэж чухам хэн бэ... Тэд цусанд ханаж цаддаггүй хүн алах дон туссан мангасууд уу... эсвэл тэд робот шиг хэн нэгний тушаалаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг оюун ухаангүй хүмүүс үү... Эсвэл бүр шударга бус нийгмийн тогтолцоог эсэргүүцэн тэмцэж буй жинхэнэ хувьсгалчид уу... - Хүмүүсийн байр суурь янз янз. Иймээс тохирсон хариулт гэж үгүй. Тэд мангас, робот, хувьсгалч, эх оронч аль нь ч байлаа тэд бол АЛУУРЧИД. Энэ бол няцаах аргагүй үнэн баримт. Дэлхий даяар тархсан зуу гаруй алан хядагчдын бүлэглэл эх орон, шашин, итгэл үнэмшлийнхээ нэр дор сая сая хүний амийг хөнөөсөөр... 

Тэдний зорилго өөр хоорондоо адилгүй ч арга барил нь нийтлэг гэдгээрээ бүгд “алан хядагчид”  нэр зүүсэн юм. Тэд нийгэмд айдас түгээж зорилгоо биелүүлэхийн тулд аллага үйлдэж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, эрчүүдийг тамладаг. Нийтлэг эцсийн зорилго нь оршин тогтнолоо хамгаалах явдал гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй.

Дэлхийн хамгийн зартай алан хядагчдын бүлэглэлүүд

Боко Харам—Энэ бол “барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай үг юм.  Хойд Нигерит байршилтай Исламын хэт даврагсдын энэ бүлэглэл нь 2002 онд байгуулагдаж,  2009 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өдгөөг хүртэл 20,000 гаруй хүний аминд хүрч 2,3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн дэлхийн хамгийн зартай алан хядагчдын бүлэглэл хэмээн 2015 оны Дэлхийн Терроризмын индекст бүртгэгдсэн байна. Тус бүлэглэл нь 2014 онд Нигерт сургуулийн насны 276 охиныг хулгайлсан хэргээр олны анхааралд ихээр өртсөн. Лалын хэт даврагсад болох Боко Харам бүлгийнхэн Муслимчуудыг барууны системээр явахыг эрс эсэргүүцдэг бөгөөд Нигерийн эрх баригчдыг лалын шашинд үл итгэгчид хэмээн үзэж засгийн газрыг унаган лалын шинэ улс байгуулах зорилго өвөртлөн тэмцэл өрнүүлсээр байгаа юм. Зорилгодоо хүрэхийн тулд энгийн иргэдийг мянга мянгаар хөнөөсөөр байна. 2014 онд эзэлсэн газрууддаа халифат /Хот, бүс нутгийг эзлээд өөрийн нутаг гэж зарлах/ тогтоосон хэдий ч сүүлийн үеийн байдлаар ихэнхи газар нутгаа Нигерийн засгийн газрын армид алдсан.

“Исламын улс” бүлэглэл (ISIS)  “Ваххабизмын номлол”-ын /18-р зууны үед хувьсан өөрчлөгдөж байсан Исламын шашны ойлголтыг яг анхдагч үеийн ойлголт руу нь буцаан сэргээсэн шашны номлол/ үзэл суртлын дагуу  1999 онд байгуулагдсан цэргийн бүлэглэл юм. 2014 оны эхээр Иракийн стратегийн томоохон хотуудыг эзэлж авсаар олон улсын анхаарлын төвд орсон. 2015 онд 256 хотод дайралт хийж, 6000 гаруй хүний амь насанд хүрсэн учир дэлхийн хамгийн зартай алан хядагчдын бүлэглэл хэмээн цохогддог. Нийтдээ 18 улсад салбартай, 30,000 цэргийн хүчтэй гэх тооцоо байдаг ч энэ тоо нь 200,000 давсан хэмээн албан бус эх сурвалжууд онцолдог. Тус бүлэглэл нь хоригдлуудыг цаазалж, амьдаар нь шатааж, тамлан зовоож буй бичлэгүүдийг сошл ертөнцөд удаа дараалан нийтэлж, дэлхий нийтийг цочролд оруулсан билээ. Исламын улс бүлэглэлийн зорилго бол Америкийн империализмд цэг тавьж, Исламын шашинтай улсуудыг нэгтгэж, нэг улсыг байгуулж тэндээ эзэн суух явдал юм. Сүүлийн саруудад Исламын улс бүлэглэл стратегийн чухал байршлуудаа алдаж байгаа бөгөөд барууны хэвлэлээр Исламын улс бүлэглэл мөхөж байна гэх тодотголтой мэдээллүүд гарсаар байна. 

Талибан бүлэглэл

Талибан- Афганистаны засгийн газрын эсрэг босч буй улс төрийн хөдөлгөөн өрнүүлдэг Исламын шашинтай цэргийн бүлэглэл юм. Анх 1994 онд байгуулагдаад 1996 онд Афганистаны төрийн эрхийг гартаа авсан боловч 2001 онд Америкийн арми Афганистан руу нэвтэрч тус улсыг Талибанчуудын дэглэмээс чөлөөлж чадсан. Чухам тэр үеэс Талибанчууд алан хядлагын үйл ажиллагаагаа идэвхитэй өрнүүлсээр өдгөө 173,000 хүн тэдний гарт амиа алдсан гэх судалгаа бий. Талибан бүлэглэлийн хэтийн зорилго бол Америкийн талыг баримтлагч төрийн эрх баригчдыг буулгаж Афганистаны төрд дахин заларч Исламын шашинтай нийцүүлсэн засаглалыг цогцлоох явдал юм.

Аль-Каида— 1988 онд Исламын улс бүлэглэлийн адилаар Ваххабисмын номлолын үзэл суртлын үндсэн дээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн нөлөө бүхий орнуудад тоомгүй олон удаа дайралт, халдлага үйлдсэнээс хамгийн хөнөөлтэй нь мэдээж есөн сарын 11-ний халдлага билээ. Тэдний гарт амиа алдсан хүмүүсийн тоог тооцоолох боломжгүй гэж үздэг. Аль-Каидагийн хэтийн зорилго нь Муслим шашинтнуудын эсрэг үйлдсэн гэм нүглийн төлөөсийг Христийн шашинтнуудаар төлүүлэх, Муслим ертөнцийг дахин шинэчилж Исламын нэгдсэн улсыг байгуулах, үл итгэгчид буюу тухайлбал Америкчуудыг Исламын ариун хөрснөөс хөөн зайлуулах явдал юм.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх