etoim.mn
photos/333333.png

Төрөөс гэр бүлийн хөгжилд баримталж буй бодлогын алдаа, нийгмийн халамжийн хүртээмжийн асуудлаар Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн, Улаанбаатар их сургуулийн багш Б.Сүх-Очиртой ярилцлаа.

Сур: Гэр бүлийн хөгжилд баримталж буй төрийн бодлогын өнөөгийн тогтолцоог хэрхэн дүгнэх вэ?

Төрөөс гэр бүлийн хөгжилд баримтлах бодлого хангалтгүй байгаа. Тэр дундаа залуучуудын гэр бүл төлөвлөлт, харилцааны асуудлаас харахад төрийн бодлого гэр бүл рүү бус зөвхөн хувь хүн рүү чиглэж байгаа нь алдаатай. Тухайлбал Цалинтай ээж гэж хөтөлбөрийг хэрэгжүүлж ээжүүдэд мөнгө өгөх гэж байна. Гэтэл амьдрал дээр ээжүүд тэтгэмжээс авсан мөнгөө зөвхөн өөртөө бус гэр бүлдээ зарцуулаг. Үүнээс бус халамжийн бодлогоор мөнгө тараах нь гэр бүлийг хөгжүүлэх төрийн бодлого биш. Нөгөөтээгүүр залуу хосууд гэр бүлээ авч явах, гэр бүл тогтвортой байх чадварт суралцаагүй байгаа нь гэр бүлийн төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс хувь хүн рүү бус гэр бүлийн төлөвшил, хүүхэд залуучуудыг ирээдүйд эцэг эх болоход нь төр дэмжих хэрэгтэй байгаа юм.

Сур:  Гэр бүлээ авч явах чадвар гэдгийг юу гэж ойлгох вэ?

Бидний үйлдэл, сонголт бүхэн гэр бүлд хамааралтай, гэр бүлийн өгсөж уруудах эхлэл болж байдаг гэдгийг ойлгох нь чухал. Гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцоог тодорхойлж, хэн нь хэн бэ гэдгээ ухамсарлаж байх нь гэр бүлээ авч явах чадварын нэг. Ер нь гэр бүл гэдэг чинь эхнэр нөхөр хүүхдүүдийн харилцааны дундаас бий болж буй орчин шүү дээ. Тиймээс тэр орчныг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гэр бүлээ авч явах чадвар юм.  

Сур: Та “гэр бүлээ авч явах чадвар дутагдаж байна” гэсэн. Бид яагаад гэр бүл төлөвлөлт, гэр бүлээ авч явах чадварт суралцахгүй байна?

Гэр бүлийн гишүүдийн гэр бүлийг авч явах чадвар гэдэгт маш олон зүйл багтдаг. Хүмүүс гэр бүлээ авч явж чадахгүй байгаагийн гурван том шалтгааныг дурдъя.

Нэгдүгээрт: Гэр бүл болох гэж буй залуучууд ээж аав болоход бэлтгэгдэж чадахгүй байна. Бид хүүхдээ уламжлалт хүмүүжлээр хүмүүжүүлэхдээ том болохоороо аав, ээж болно шүү гэдгийг зааж өгдөггүй. Хөгжингүй орнуудад өсвөр насны хүүхдүүдэд “чи ээж болохын тулд ийм бэлтгэлтэй байх ёстой” “аав болохын тулд ийм зүйлийг мэддэг байх ёстой” аав, ээж болсноор ийм имй бэрхшээл тулгарч болно гэх мэт мэдээллийг боловсролын системээрээ дамжуулан хүүхдэд олгодог. Гэтэл манай хүүхдүүд үерхэл нөхөрлөлийн зах зухаас амсаад гүйж яваад, тохиолдлын явдлаас болоод ЭЭЖ, ААВ болдог. Гэтэл ээж, аав болох мэдлэггүй, бэлтгэгдээгүй байгаа залуу “аав” болонгуут тэр залуу гэр бүлийн амьдрал тогтворгүй болдог. Тиймээс “гэр бүл төлөвлөлт, хүүхдүүд эцэг, эх болох чадварыг боловсролын системээр дамжуулан олгох шаардлагатай бөгөөд энэ тогтолцоог ТӨР бий болгох ёстой.

Хоёрдугаарт: Ээж аавуудын оролцооны асуудалд. Өөрөөр хэлбэл манайхан хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ гэр бүлийн төлөвлөлтийн тухай зааж сургаагүй байж гэр бүл болонгуут нь хүүхдийнхээ амьдралд хэт их оролцдог. Хүмүүс “Манай хадам ядаргаатай юм, амьдралд оролцоод” гээд ярьдаг даа. Уг нь эцэг эхчүүд хүүхдэдээ “миний хүү том болоод гэр бүлтэй болно, гэр бүлийн утга учир”-ыг тайлбарлаж, ойлгуулж байх хэрэгтэй. Анхнаасаа хүүхдэдээ гэр бүлийн талаар мэдлэгийг ойлгуулаагүй байж хүнтэй ханилахаар нь хажуугаас нь заах нь буруу юм. Энэ байдал улам даамжрах юм бол гэр бүл салалтад нөлөөлнө шүү.

Гуравдугаарт: Нийгмийн асуудлууд. Одоогийн манай улсын нийгэм  гэр бүл рүү дандаа хар бараан мэдээллийг цацдаг. Уг нь нийгэм сайн сайхан мэдээллийг илүүтэй цацах тусам гэр бүл эрүүл, баталгаатай байдаг. Ер нь улс төрийн хэрүүл маргаан, гэр бүлийн салалт, араар тавилт их байна гэх мэдээллүүд гэр бүлд ямар ч хэрэггүй. Хүмүүс ийм төрлийн мэдээллээс уйдаж, залхаж байгаа нь үнэн шүү дээ. Мэдээлэл гэдэг чинь хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг учраас эргээд сөрөг мэдээллийг гэр бүлийн гишүүд их хүлээж авахаар гэр бүлийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг юм.

Сур: Жишээлбэл гэр бүлийн хөгжлийг дэмжих ямар бодлогыг төр хэрэгжүүлэх боломжтой вэ?

Эхлээд одоо хэрэгжүүлээд байгаа хувь хүн рүү чиглэсэн халамжийн бодлогоо гэр бүл рүү чиглүүлэх ёстой. Гэхдээ мөнгөн тусламжаас илүүтэй гэр бүлийг хөгжүүлэхэд чиглэсэн ҮЙЛЧИЛГЭЭ-нд анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж би бодож байна. Төрөөс гэр бүлийг хөгжүүлэх бодлого гэхээрээ тусламж дэмжлэгийг л ярьж байгаа. Гэтэл тусламж дэмжлэг, бэлэн мөнгө өгөх тусам иргэд залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа гэдгийг улс төрчид ойлгохгүй байна.

Зарим гэр бүлүүдэд гэр бүлийн төлөвлөгөө гэж байдаг. Энэ нь гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоог хангасан төлөвлөлт. Сардаа нэг удаа чадахгүй бол улиралд нэг удаадаа гэр бүлийн ХУРАЛ хийж, нөхөр, эхнэр юу хийсэн вэ гэдгээ тайлагнаж байх хэрэгтэй. Гэр бүлийн хурлаараа ирэх сард гэр бүлийн гишүүдэд юу хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал хүүхдээсээ “чамд ямар бэрхшээл байна, энэ сард юу авах бэ” гэдгийг нь асуудаг байх нь зөв. Тэгээд манай гэр бүлийн сарын орлого тэдэн төгрөг, үүнийхээ 20 хувийг хуримтлалдаа, 20 хувийг хүнсэндээ 30 хувийг өдөр тутмын хэрэгцээндээ, 30 хувийг нь эрүүл мэнд хөгжилдөө зарцуулна гэх мэтээр гишүүн бүрт нээлттэйгээр төлөвлөх хэрэгтэй. Энэ нь хэн нэгэнд таалагдахгүй, заавал хийх шаардлагагүй юм шиг санагдах боловч таны хүүхдэд гэр бүлийн хүмүүжил олгож, гэр бүлийн харилцаанд оролцох боломжийг олгох болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, гэр бүлээ авч явах чадварт сургадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэнгээр гэр бүлүүд эрүүл байх, тогтвортой байх арга замыг эрэлхийлж байхад төр үүнийг нь дэмжих ёстой. Ер нь бол гэр бүлийн бодлого дээрээс бус доороос ундарч байдаг гэдгийг манай эрх баригчид сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.

Сур: Ярилцсанд баярлалаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх