etoim.mn
photos/598d6a03908da11082017162539.png

Улсын хэмжээнд 2016 оны эцсийн байдлаар766 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 44 хувь нь зүүн талдаа жолооны хүрдтэй бол 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэтэл манай улсын авто замын хөдөлгөөн нь баруун гарын дүрмээр зохицуулагддаг бөгөөд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн 50 хувиас илүү нь баруун буюу бидний хэлж заншсанаар жолооны буруу талын хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэлж байна. Тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлалаас хамаарч гэрлийн тусгал нь өөр байдаг. Мөн жолоочид харагдах байдал, өнгө зэргээс хамаарч стандарт бус ксенон, лед гэрэлтүүлгийг тээврийн хэрэгсэлдээ суурилуулдаг. Ийнхүү тээврийн хэрэгслийн тусгалд өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөх нөхцлийг бүрдүүлдэг байна. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

Сур: Тээврийн хэрэгслийн жолооны хүрднээс шалтгаалан гэрэлтүүлэг өөр өөр байдаг. Манайх шиг баруун гарын дүрэмтэй улсад жолооны буруу талын хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

Бидний хэлдгээр зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь баруун тал руугаа илүү хэвийсэн байдалтай байдаг. Энэ нь баруун талд байгаа замын тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийг илүү гэрэлтүүлэх тусгалтай. Харин буруу буюу баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрэл нь зүүн тал руугаа илүү тусгалтай байдаг. Тэгэхээр манайх шиг баруун гарын дүрмээр зорчдог замын хөдөлгөөнд буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрэл нь сөрөг урсгалаар зорчиж байгаа жолоочийн нүдийг гялбуулдаг. Ялангуяа орон нутгийн замд хоёр урсгалаар өөд өөдөөсөө ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч руу гэрэл нь шууд тусч, үзэгдэх орчинг хязгаарлах, нүд гялбуулах зэргээр нөлөөлдөг.

Сур: Жолооч гэрлээ өөрөө сольчихдог. Энэ нь гэрэлтүүлэгт хэрхэн нөлөөлдөг юм бэ?

Тээврийн хэрэгслийн гэрлийн бүрхүүл дээр ямар гэрэл суурилуулах вэ гэдгийг нь тодорхой тэмдэглэгээгээр тэмдэглэсэн байдаг. Ер нь ихэнх тээврийн хэрэгслийг галоген буюу стандарт гэрэлтүүлэгтэй үйлдвэрлэдэг. Гэтэл жолоочид ксенон, лед зэрэг гэрэлтүүлгийг суурилуулснаар гэрлийн тусах тусгалыг хугалдаг. Жолоочид харагдах байдлаас нь хамаараад энэ төрлийн гэрэлтүүлгийг их суурилуулдаг ч гарах үр дүнг мэддэггүй. Тээврийн хэрэгслийн бүрхүүлд тохирохгүй гэрэлтүүлгийг тавьснаар замыг гэрэлтүүлэх чадвар муудаж, тусгал нь агаарт замхардаг. Үүнээсээ болж замын хөдөлгөөнөө бүрэн харж чаддаггүй.

Сур: Замын хөдөлгөөний дүрэмд жолоочид гэрэлтүүлгээ шилжүүлэх тухай заасан байдаг шүү дээ. Гэрлийн тусгалаас хамаарч гэрэл шилжүүлэх зай нь өөр байдаг уу?

Шулуун замд холын гэрэл нь 500-700 метр сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн олон улсын судалгаа бий. Өөрөөр хэлбэл, энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолоочид холын гэрлээ ойрын гэрлээр солих ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд, мөн жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрынхоор солино гэж заасан. Зарим жолооч сөрөг урсгалаас дохиод байхад гэрлээ шилжүүлдэггүй. Энэ нь тухайн жолоочийн ухамсартай л холбоотой юм. Сөрөг урсгалын тээврийн хэрэгслүүд хоёулаа гялбаанд өртөх юм бол хоорондоо мөргөлдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс оройн цагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгээ шилжүүлж байх хэрэгтэй. Мөн тээврийн хэрэгсэлд зориулалтын гэрлийг суурилуулах хэрэгтэй гэдгийг сануулъя.

Сур: Тээврийн хэрэгслийн оношлогооны үеэр гэрэлтүүлгийг хэрхэн шалгадаг юм бэ?

Манай улсын хууль дүрэмд баруун болон зүүн жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд тийм, ийм гэрэл суурилуулна гэсэн заалт байхгүй. Мөн буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг зохицуулах хууль байддаггүй. Тиймээс оношлогоог хийхдээ тээврийн хэрэгслийн бүрхүүлд бичигдсэн стандартын дагуу гэрлээ суурилуулсан эсэхийг нь л шалгадаг. Ер нь гэрлийн тусгалыг өөрчлөх олон улсын туршлага байдаг. Жишээлбэл, Германд буруу хүрдтэй тээврийн хэрэгслийн зүүн талын гэрэл дээр нь наалт наадаг. Үүнийг нэвтрүүлэхээр туршилт хийж байна.

 

 

Монгол Улсын Замын хөдөлгөөнийдүрмийн 2 дугаар хавсралтын 5 дахь заалт:

5.  Гэрэлтүүлэх хэрэгсэл

5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;

5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;

5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;

5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;

5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн.

Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд тал дулаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[203.91.118.180]

2018-08-13 18:14:08

буруу жолооны хүрдтэй машин явуулахаа больчихолдоо, хууль дүрмээ бариад ийм машин явуулахаа больчихвол ядаж түгжирэх нь хүртэл багасах байхдаа