etoim.mn
photos/ea6db09c3e9902b01017a5e5bd2a24dd.jpg

2016 оны есдүгээр сарын 1-нд Батлан хамгаалахын багц хуулиуд батлагдаж, өнгөрсөн оны 9-р сараас хэрэгжиж эхэлсэн.  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэн найруулсан бол Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр баталсан юм.

    Цэргийн албаны тухай хуулиар иргэн цэргийн үүргээ биелүүлэх боломж нөхцөлийг ихэсгэж, цэргийн алба хаах төрлийг нэмэгдүүлжээ. Тухайлбал Цэргийн албаны тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7.5-д зааснаар ажлын байрыг хуульчилж өгсөн байна. Цэргийн алба хаасан хүнийг халагдаад ирэхэд нь заавал ажлын байраар хангах ёстой буюу ажиллаж байсан орон тоог нь ажил олгогч нь хадгалах үүрэгтэй юм. Мөн Төрийн албаны тухай хуульд цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд авахгүй гэсэн заалтыг ч оруулжээ. Энэ заалт 1990 оны зургадугаар сарын 8-наас хойш төрсөн залуучуудад хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна.

    Ингээд цэргийн алба хаахтай холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна.

Image result for цэрэг татлага

Нэг. ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХЭЛБЭРҮҮД

    Цэргийн жинхэнэ албын хувьд 18-25 насны Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, хилийн цэргийн аль нэгэн ангид очиж 12 сарын хугацаатайгаар биеэрээ үүрэг гүйцэтгэхийг хэлнэ. Цэрэг татлагад ирээгүй иргэн, иргэнийг ажлын чөлөө олгож явуулаагүй албан тушаалтанд арга хэмжээ авдаг.

     Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалтгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамаатай бөгөөд хоёр жилийн хугацаатай тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэнэ. Тус үүрэг нь гурван чиглэлтэй. Үүнд,хүмүүнлэгийн арга хэмжээнд туслах, байгалийн гамшигтай тэмцэх, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх гэсэн үүрэгтэй. Албаа хаах хугацаандаа гэртээ байх бөгөөд шаардлагатай үед дуудахад бэлэн байж, орон нутгийн цэргийн штабт ирж үүргээ гүйцэтгэх юм.

     Гэрээт цэргийн албанд 19-31 настай иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасан буюу их, дээд сургууль төгссөн хүн уг албанд явж болно. Гэрээт цэргийн алба хаагчид нь Монголын зэвсэгт хүчинтэй гэрээ хийж, цалинтай алба хааж байгаа гэсэн үг юм. Онцлог нь цэргийн анги байгууллага дээр үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр хүмүүс төрийн тусгай албаны нэгдүгээр зэргийн цалингаар цалинжсан гээд бодоход сард 350-400 мянган төгрөгийн цалинтай байна. Гэрээт цэргийн албыг хоёр жилийн дараа нэг удаа сунгаад дахин хоёр жил ажиллаж болно.

    Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэдэг нь 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах мөнгө төлөх сонголтыг хийх ёстой. Мөнгөн төлбөрийг нэг жилд нэг цэргийн хэрэглэдэг зардлаар тооцдог бөгөөд Засгийн газрын тогтоолоор баталдаг юм.

      Оюутан цэрэг  хөтөлбөр нь залуучуудыг суралцаж байх хугацаанд нь цаг алдалгүй цэргийн үүргийнх нь биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй ажил юм. Жил бүрийн 3-р сард бүртгэл явагддаг бөгөөд нэгдүгээр курсийн оюутнууд сайн дураар цэргийн алба хаах юм.  

Хоёр. ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИССЫН ҮЗЛЭГТ ЗААВАЛ ОРОХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?

       Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулиар 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна. Цэргийн албанд татах иргэнд цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлэх бөгөөд энэ зарлан дуудах мэдэгдлийг авсан иргэн цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй. Хэрвээ иргэний үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах юм. 18-25 насны залуучууд нийт 8 удаа цэрэг татлагын комиссын үзлэгээр орсон байх ёстой бөгөөд 8 удаа цэрэг татлагын комиссоор чөлөөлөгдсөн бол цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн төлбөрөөс 100 чөлөөлөх юм.

      Жишээлбэл 1992 онд төрсөн иргэн энэ жил 26 нас хүрч, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах  боломжтой болно. Ингэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх дээр хэдэн удаа цэрэг татлагын комиссоор, чөлөөлөгдсөнөөс хамаарч мөнгөн төлбөр өөр байх юм. 2017 онд Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг таван сая тавин хоёр мянга хоёр зуун гучин  төгрөг байхаар Засгийн газраас баталсан. Өөрөөр хэлбэл 18-25 насандаа нэг ч удаа цэрэг татлагын комиссоор ороогүй бол энэ хэмжээний мөнгийг төлнө гэсэн үг. Цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орно тэр чинээгээр мөнгөн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд 8 удаа орсон бол 100 хувь чөлөөлөгдөх юм.  Энэ мөнгөн төлбөрийг жил бүрийн эхний улиралд Засгийн газраас шинэчлэн баталдаг билээ. Гэхдээ ийнхүү мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн ч ЦЭРГИЙН АЛБА  хаасанд тооцохгүй. Хэрвээ дүйцүүлэх хэлбэрээр цэргийн алба хаах бол өөрийн харьяа аймаг, дүүргийн цэргийн штабт өргөдөл гаргах учиртай.

Гурав. ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАХААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл. Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх

16.1. Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараах үндэслэлээр чөлөөлнө:

16.1.1. эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;

16.1.2. цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;

16.1.3. эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.   16.2. Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараах үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:

16.2.1.ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;

16.2.2.60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;

16.2.3.сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;

16.2.4.эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;

16.2.5.хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;

16.2.6.хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;

16.2.7.гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг цэргийн албанаас чөлөөлнө гэж заасан байна.

 

 

 

Таалагдахгүй байна

10
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх