Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-23072015-1437610643-142476199-tsam_bujig.jpg

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4,5-ны өдрүүдэд Хүй долоон худагт 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэхүү наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд даншиг наадам нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол Түмний шашны тэргүүн, анхдугаар богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй шашин соёлын томоохон арга хэмжээ юм.   

Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар (1635-1722)-ыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад ноёд ба энгийн ард олон нийтээр цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, залаад их баяр наадам үйлдэж байжээ.

Мөн наадмын гол хэсэг болох Хүрээ цам нь  Монголын ард түмний үндэсний урлаг соёлын салшгүй  томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн өв юм. Их хүрээ цам нь хутагт, хувилгаад, лам хувраг, ноёд, түшмэд, сүсэгтэн олны хамгийн ихээр зорьж залбирах шашин номын хамгийн чухал зан үйлийн нэг болж хөгжсөн. Хүрээ цамд Монгол түмнийг даан болгоогч хүч чадлын эзэн Очирваань бурханы дүр, уран хошин, инээдэмт арш Цагаан өвгөний дүрээс гадна Улаанбаатарчуудын шүтээн болсон дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн нарын дүрүүд гардгаараа онцлогтой.

Тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын  тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.

Энэ жилийн наадам нь мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг үзэх, монголын соёлын өвийн ховор нандин үзвэрүүдийг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Гандантэгчэнлин хийдэд 8 дугаар сарын 2-6 нд Жахар цамын хурлаар эхэлнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх