etoim.mn
photos/c903344295f5d897big.jpg

 

Монголын хошин урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, алтан үеийнхний нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин Батзанын Батзаяа билээ. Түүнийг уран бүтээлчид хошин урлагийн “Загалмайлсан эцэг” гэдэг. “Хөдөөгийн  баясгалан” киноны Болдын дүрд тоглон, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан түүнийг ард түмэн андахгүй сайн мэднэ. Энэ эрхэм уран бүтээлчийн үзэл бодлыг тольдсоноо уншигч таньд хүргэе.   -Юуны өмнө манай сонины урилгыг хүлээн авч ярилцахаар болсонд баярлалаа. Урлагийн хүнтэй уулзсаных уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхлүүлмээр байна? -“Дугаарын зочин” буландаа урьсан та бүгдэд баярлалаа. Би хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Чамайг Хилийн цэргийн сэтгүүлч гэхээр их сайхан сонсогдоод саналыг тань хүлээн авлаа. Ойрын үед уран бүтээл гэхээсээ илүү бичиг цаас эрээчээд л сууж байна. -Тэрхүү бичиг цаасныхаа ажлаас сонирхуулаач гэвэл...? -Янз бүрийн л юм бичиж сууна. Нас ахиж яваа бид чинь бодсон санаснаа тэмдэглээд, бичээд л байдаг улс шүү дээ. Хожим уран бүтээл хийхэд  хэрэг болж юуны магад гээд л. Саяхан нэг кино зохиол бичиж дуусгалаа. Олон ангит кино хийх санаатай байгаа. Хөрөнгө мөнгө олдвол ойрын хугацаанд киноныхоо ажилд орно. Одоо “Хошин урлагийн нэвтэрхий толь” гэсэн ном бичиж сууна. “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэдгээс эхлээд янз бүрийн болсон явдлаас сэдэвлэсэн байгаа. Өвөл гэхэд дуусгачих санаатай л сууна даа. -Хамгийн сүүлд хошин урлагийн ямар уран бүтээл дээр ажиллав? -Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын нэгэнд хошин урлагийн хамтарсан тоглолт зохион байгуулсан. Залуучууд уран бүтээлдээ уривал хааяа очиж тоглолтонд нь оролцдог юм. Энэ намраас Кино урлагийн дээд сургуульд анги дааж багшлах гэж байгаа. -Оюутнуудтай ажиллах гэж байгаа юм байна. Таны хувьд оюутны дөрвөн жил хэрхэн өнгөрч байсан бэ? -Оюутан байх хугацаа ёстой шуураад л өнгөрсөн. Би ангиасаа хамгийн бага нь бас хамгийн адтай нь байлаа. Урлагийн сургуульд зохиогдсон бүх л арга хэмжээнд оролцоно. Тэгсэн чинь нэг мэдэхэд л төгсөх болчихсон байсан даа. Төгсөөд ажлын гараагаа  Хүүхэд залуучуудын театраас эхэлж байлаа. -Театрт ажиллахаасаа өмнө та аль хэдийнэ “Хөдөөгийн баясгалан” киноны Болд, “Мартагдашгүй намар” киноны Отгоны дүрээр олонд танигдсан байсан шүү дээ. Анхны кино дүрд сонгогдож байсан талаараа дурсахгүй юу? -Энэ их сайхан түүх л дээ. Би 1974 онд 16 настайдаа 10 дугаар ангиа төгссөн. Зургаан настайдаа сургуульд орсон гэсэн үг л дээ. Төгсөөд УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгтөл тэнцчихлээ. Яг тэр үед “Хөдөөгийн баясгалан” киноны зураг авалт эхлэх гэж байсан юм билээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн азтай сайхан дурсамжтай зүйл бол яахын аргагүй энэ кинонд тоглосон үе. Алдарт найруулагч Д.Жигжид гэж мундаг хүний гараар орж, үнэтэй сургаалийг нь сонсон, урлагийн их далайд хөл тавьсанаараа үргэлж бахархаж явдаг. Тухайн үед намайг Кино драмын ангид шалгалт өгч байхад Д.Жигжид гуай Болдын дүрийг хайж яваад намайг олж харсан гэдэг. Тэгээд энэ хүүхдийг тоглуулна гээд манай гэрийг хайж очиж л дээ. Тэр үед нь оюутан болчихсон, хичээлдээ бэлтгэх мөнгөө олохоор самар түүхээр явчихсан байсан юм. Хэд хоног самранд яваад иртэл ижий, аав хоёр маань, “Хаашаа явдаг хүүхэд вэ, чи? Киноны найруулагч ирсэн, чамайг хаашаа ч битгий явуулаарай гэсэн” гээд их л сандарчихсан угтаж авсан. Удсан ч үгүй Кино үйлдвэрээс найруулагч ирж  намайг шалгаруулалтанд оруулсан. Тэнцсэний дараа кино багийнхантай хөдөө зургандаа явсан даа. -Дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд кинонд тоглоход, мэдээж хүнд хэцүү үе олон байсан биз? -Тэгэлгүй яахав. Урлагийн томчуудтай хамтран тоглох болсондоо баярлахын зэрэгцээ их эмээж байсан. МУГЖ Л.Найдан, Б.Энхтуяа, Б.Дамчаа гуай гэх зэрэг мундаг хүмүүсийн гар дээр очиж, заавар зөвлөгөөг нь авсаны үндсэн дээр чадан ядан энэхүү дүрийг бүтээсэн дээ. Д.Жигжид гуай өөр зураг авахаараа хажуудаа суулгачихаад “За миний хүү үүнийг сайн хараад аваарай. Энэ хүмүүс яаж тоглож байна. Тэд нар шиг л дүрээ гаргана шүү” гээд л. Хэцүү зүйл мэдээж олон тохиолдож байсан. -Яг ямар хүндхэн зүйл тохиолдож байв? -Гэрийн хажууд уйлдаг хэсгийг хамгийн анх авсан юм. Би ерөөсөө болдоггүй ээ. Хэд, хэд дахиад л үзлээ. Гэтэл Д.Жигжид гуай уурлаад л, “Ийм авьяасгүй хүүхэд яаж урлагийн сургуульд сурч чадах юм. Яах гэж энэ хүүхдийг авч ирэв ээ, наад хүүхдээ наанаа орхи, алив явж хоолоо идэцгээе” гээд л ихэд уурлаж, кино багийнхан маань цайндаа явцгаав. Тэр хооронд элдвийн л юм бодож суулаа. Кинонд тоглоно гэдэг чинь яасан ч хэцүү юм бэ гэж бодохын хажуугаар бяцхан шар хөдлөөд байлаа. Найруулагчийн хэлсэн, “Ийм авьяасгүй нөхөр яаж урлагийн сургуульд сурах юм” гэсэн үгийг бодоод хамаг хүчээ л дайчлах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч суулаа. Кино багийнхан ирээд зургаа үргэлжлүүлэв. Л.Найдан гуай надад хандан, “Миний хүү юмыг үнэн сэтгэлээсээ хар, үнэн сэтгэлээсээ дотроо тунгаа, над руу хараад үнэхээр өөрийнхөө өвөө шигээ бод, өвөө рүүгээ харж уйлж байгаа юм шиг уйл” хэмээн зөвлөж байсан. Яг зураг аваад эхлэхэд нээрээ л миний өвөө шиг санагдаад, тэр хүн нүдэндээ нулимстай надад үг хэлэхэд өвөө минь хэлж байгаа юм шиг санагдсан. Л.Найдан гуайн хэлснээр зөвөөр хүлээн авч үнэхээр л миний өвөө  хэлж байна даа гэж бодохоор өөрийн эрхгүй нүднээс нулимс унаж байсан шүү. Зураг авалт дууссаны дараа Д.Жигжид гуай, “Ёстой сайн байна. Баярлалаа миний хүү. Тэгэлгүй яахав, би яасан гэж авьяасгүй хүүхэд сонгож кинонд тоглуулахав дээ” гэж хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Иймэрхүү замаар явж, тэр мундаг хүмүүсээс урмын үг сонсч, бас зэмлүүлж загнуулж анхны уран бүтээлдээ хөл тавьж байсан юм. Ахмад үеийхний дэм тус, нөмөр нөөлөг, ач буяны хүчинд л бид өдий зэрэгтэй явж байна. -Д.Жигжид гуай таныг яагаад Болдод тоглуулахаар сонгосон юм бол. Энэ тухайгаа таньд хэлж байсан уу? -Ёстой мэдэхгүй. Д.Жигжид гуай бол олон уран бүтээлчийг дэлгэцийн урлагт мөнхөлж өгсөн хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тухайлбал, Ардын жүжигчин Б.Дамчаа гуай анх Соёлын ордонд гитар тоглоод дуулдаг байсан хүн. Тэр хүнийг олж “Үер” кинонд тоглуулсан. Мөн Цахиур Төмөр, Итгэлт баяны дүрүүдийг маш гайхалтай сонгосон байдаг. Ер нь дүр сонголт дээр Д.Жигжид гуай бол их гярхай хүн. Энэ нь найруулагч хүний асар мундаг туршлагын илрэл юм даа. Тэр агуу хүн намайг тоогоод энэ дүрд тоглуулсанд азтай хүн гэж өөрийгөө боддог юм. Энэ юугаар илэрч байна гэхээр одоо ч гэсэн миний амьдралын туршид “Хөдөөгийн баясгалан” киноны Болдын дүр надтай хамт мөнхөрч байна. “Мартагдашгүй намар” киноны хувьд бас адилхан азтай тохиолдлоор намайг найруулагч Х.Дамдин гуай сонгож авсан байдаг. “Хөдөөгийн баясгалан” киноны Болдын дүр “Мартагдашгүй намар” киноны  Отгоны дүр хоёр огт өөр дүрүүд. Найруулагч Х.Дамдин гуай намайг эвдэж, өөрчилж чадсан гэж би хувьдаа боддог юм. Сүүлд Хошин урлагийн театр байгуулаад зүтгэж явахад надад, “За Батзаяа би чамайг анх зөв дүрд тоглуулж, зөв зүйл рүү татсан байгаа биз” хэмээсэн. Би хариуд нь, “Тэгэлгүй яахав таньд их баярлаж явдаг шүү” гэж байсан. Уран бүтээл гэдэг жүжигчин хүний мөн чанарыг танихад зөвөөр нөлөөлж байдаг нь хамгийн сайхан юм. Аливаа уран бүтээлч гэдэг бусдын үлгэр дуурайллыг авч, бусдын нээсэн замаар зөв явж чадвал амжилтанд хүрнэ. Хамтран тоглогчид бие биенээ үргэлж хурцалж, бас бие биедээ үргэлж үлгэр дуурайлал өгч байдаг. Тэгэхээр хамтран тоглож байсан уран бүтээлчээ, өнгөрсөн үеээ хэзээ ч мартаж болохгүй. -Тийм шүү. Хүүхэд залуучуудын театраас эхлээд л МУГЖ Б.Туяа эгч та хоёр хамтран уран уран бүтээл туурвиж эхэлсэн байдаг. Урлагийнхан та хоёрыг “Алтан хамтрагчид” гэж нэрлэдэг юм байна лээ? -Тэгэлгүй яахав. Бид хоёр чинь их олон жил хамтарсан даа. Анх Хүүхэд залуучуудын театрт очоод телевизийн “Бага тайз” гэдэг хөтөлбөрөөс эхэлсэн. Дараа нь Хошин урлагийн театр хамтарч байгуулаад уран бүтээлээ туурвиж байлаа. Яахын аргагүй “Алтан хамтрагчид” гэж хэлүүлэх хүмүүс мөн л дөө. - Б.Туяа эгчтэй уран бүтээлийн ч, амьдралын ч сайхан найзууд биз? -Тиймээ. Зарим хүмүүс Туяагийн хоёрдахь нөхөр гээд байдаг юм. Энэ хоёр хоорондоо хэрэлдэнэ, хэлэлцэнэ тэгээд болж л байдаг юм гэж ярьцгаана. Бүр амьдрал нь холбогдсон хүмүүс шиг л явдаг байлаа. Одоо Б.Туяа маань Өвөрмонголын сургуульд багшилж байгаа. - Уран бүтээлийн талаар ярьсных одоо харахад манайд хошин урлаг ямар хэмжээнд байна гэж дүгнэдэг вэ. Залуу уран бүтээлчдийн маань чадвар, чансаа хэр байна? -Зарим хүмүүс “хошин урлаг биш болчихлоо” л гэх юм. Миний бодлоор Монголын хошин урлаг өнгөрсөн 20 гаруй жил эрчимтэй хөгжсөн. Мэдээж аливаа зүйлд алдаа оноо байлгүй яахав. Тэр болгоныг залуучууд маань засч залруулж л явах хэрэгтэй. Өөрсдийн авьяасаар ард түмнээ баясгаж, инээд хөөр бэлэглэж, басхүү Монголын хошин урлагийн салбарын төлөө зүтгэж яваа хүмүүс. Би энэ замыг нээж өгсөн. Зөвхөн чиглүүлсэн гэсэн үг. Манай залуучууд бүгд ирээдүйтэй. Хүн өөрийнхөө хүүхдүүдийг муу хэлүүлэх дургүйтэй адил, би бас залуу жүжигчдээ муу хэлүүлэх дургүй хүн. Хошин урлаг гэдэг бол өөрөө их хэцүү төрөл юм л даа. Жаахан хэтрүүлвэл давс нь ихэднэ, жаахан дутаавал давс нь багадна. Ямагт тааруулж, донжийг нь олж тоглож байх ёстой. Нарийн мэдрэмж шаарддаг ажил учраас түүнийгээ хүмүүст зөв хүргэх хэрэгтэй. “Бид ходоодны инээд биш, тархины инээдийг л сайн үйлдвэрлэх хэрэгтэй шүү” гэж залуучууддаа захиж хэлдэг. Юмыг шүүмжлэх амархан. Шүүмжлэлтэй хандахдаа гол нь биш, яавал үзэгчдэд зөв хүргэх вэ гэдэг гаргалгааг ярилцах дуртай. -Тэгвэл та өөрөө шүүмжийг хэрхэн хүлээж авдаг хүн бэ? -Миний хувьд тэнгэрт ч, газарт ч амьдарч үзлээ. Элдэв янзын шүүмжлэлд нэг их эмзэглээд байдаггүй юм. Намайг шүүмжиллээ гээд тэр хүнийг буруугаар бодоод үзэн ядаад байхгүй. Таалагдаагүй л болоод бичсэн биз. Авах зүйлийг нь авч, хаях зүйлийг хаячихад л болно. Манай  урлагт шүүмж судлал гэдэг зүйл байхгүй болохоор шалгуур нь өндөр биш байна. Уг нь урлагийг дагаж заавал шүүмж судлал байх ёстой. -Урлагт зүтгэсэн олон жилийн хугацаанд, таны авсан хамгийн том шагнал юу байв? -Миний үзэгчид юм даа. Хайр энрэлээ харамгүй хайрлаж, хүндэлж явдаг түмэн олон минь миний амьдралаас авсан хамгийн том шагнал гэж боддог. Үзэгч түмнийхээ хүчинд л Батзаяа ах нь өдийг хүртэл амьдарч явна. -Танайх руу орж ирэхэд бяцхан номын сан нүдэнд туслаа. Та ер нь ямар төрлийн ном уншдаг хүн бэ? -Би ер нь аливаа зүйлийг хязгаарлах дургүй. Урлагийн хүн гэдэг заавал тэр чиглэлийнхээ сэдэвтэй ном зохиол унших ёстой гэдэг утгагүй зүйл. Ямар ч ном уншсан, ямар ч сэтгэгдэл төрүүлсэн, тэндээс авах ёстойг нь аваад, хаях ёстойг хаячих хэрэгтэй. Миний хувьд улстөрийн, түүхийн гээд л олон ч төрлийн ном уншдаг. Заримдаа хоолны зөвлөгөө ч уншина. Миний тавиурт бүх төрлийн ном бий. Нэвтэрхий толь, сонгомол эссэнүүд гэх мэт. Залуучууд маань мэдээллийг цахим ертөнцөөс л авдаг болсон байна. Хэрэгтэй хэрэггүй олон зүйлээс зөвийг нь тунгааж л чаддаг байх ёстой. Гэхдээ цахим ертөнцөд амьд харилцаа гэдэг зүйл харагдахгүй байгаа юм. Ном уншина гэдэг бол амьд харилцаа юм шиг надад санагддаг. Хөгжил дэвшил хэдий хэрэгтэй ч гэсэн, энэ бүхнийг дагаад сөрөг зүйлс маш их бий болоод байна. Гол нь амьд харилцаа үүсгэж чадахгүй байгаад оршино. Интернэтээр хайртай, дуртай гээд л эцэстээ хайрлана гэдэг яг юу юм, хайрлахын үнэ цэнэ нь юундаа оршиж буйг ойлгохгүй байгаа юм шиг. Тиймээс манай залуучууд ном сайн унших хэрэгтэй. “Ном гэдэг бол ертөнцийг харах цонх” гэдэг шүү дээ. -Амьд харилцаа гэснээс та Facebook, twitter ер нь ашигладаг уу? -Аа, нэг юм байгаа. Хааяа орж хардаг юм. Найз болохыг нь аваад, заримыг нь хасаад, хальт орно оо, орно. Гэхдээ нэг их шимтээд дурлаад байдаггүй. Ер нь бага хэрэглэдэг. -Батзаяа ах цэргийн алба хаана хааж байсан юм бэ? -Би ардын армид алба хаасан хүн. Монгол ардын арми, Хими хамгаалалтын тусгай батальон 119 дүгээр анги бол тэр үед армийн онц анги байсан. Ангийн дарга Бүдцэрэн гэж хүн байв. 1979-1982 оны хооронд гурван жил амьдралын их сургуульд суралцаж төгссөн. -Цэргийн алба хат суулгадаг гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд амьдралын их сургуульд суралцахын хамгийн сайхан зүйлийг юу гэж боддог вэ? -Алба хаана гэдэг бол амьдралын хоёрдугаар их сургууль юм даа. Энэ хугацаанд олон арван аавын хүүхдүүдтэй нөхөрлөж, олон сайхан найзтай болсон. Тэр их сахилга бат, тэвчээр хатуужлыг цэргийн алба хаасан хүмүүс дээд зэргээр дааж сурсан байдаг. Хуучин цагт халагдаж ирэхдээ л амьдралаа авч явж чадахуйц хэмжээний их л ноён нуруутай, ухаалаг хүн болон төлөвшиж ирдэг байлаа. Одоо ч хэвээрээ байх. Миний хувьд цэрэгт байхдаа сурсан мэдсэн зүйл болон найзалж нөхөрлөж байсан хүмүүсээ хэзээ ч мартдаггүй. Маш олон сайхан дурсамж үлдээсэн байдаг юм. Хожим уулзахад хүртэл ямар нэгэн хаалт байхгүй, элдэв маяггүй, яг л байгаагаараа илэн далангүй уулзаж ярилцдаг. Зүрх сэтгэлээрээ холбогдсон байдаг болоод тэр байх. Энэ бүхнийг бидэнд цэргийн амьдрал сургасан юм шүү дээ. -Хэзээ ч мартагдашгүй тэр сайхан дурсамжаасаа хуваалцвал? -Дурсамж яривал зөндөө л юм тохиолдож байсан. Яг тулаад ирэхээр санаанд орж ирдэггүй ээ. Би шинэ цэрэг байхдаа нэг том “дамбаалтай” байсан юм. Дамбаал гэдэг маань цэргийн хөвөнтэй эрээн өмд л дөө. Тухайн үед тэр өмдөндөө юу л олдсоныгоо чихээд явдаг байлаа. Жагсаалын үзлэг хийхэд надаас гарахгүй юм байхгүй. Ном, сонин гээд л бүх зүйлээ аваад явна. Манай дарга нар, онжавууд маань “явдаг шүүгээ” гэж хочилдог байлаа. Одоо санаанаас ер гардаггүй юм. -Уран бүтээлчид маань хаана ч явсан урлагаа орхидоггүй юм шиг санагддаг. Таныг ч мөн алба хаах хугацаандаа хошин урлагаа орхиогүй гэж сонссон? -Би 21 настайдаа цэрэгт явсан. Энэ хугацаанд уран бүтээлээсээ холдоогүй л дээ. Цэргийн ангийнхаа соёл, олон нийтийн ажил, урлаг уран сайхны арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Ангидаа хошин урлагийн хамтлаг анх байгуулан тоглолт хийж явсан түүхтэй. Сангийн аж ахуйнууд болон Эрдэнэт хотод тоглож, олсон орлогоо ангийнхаа соёл олон нийтийн ажилд хандивлаж байлаа. -Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар гуай та хоёрыг онжавууд байсан гэдэг? -Ц.Төмөрбаатар бид хоёр хамт цэрэгт явсан юм. Төмөрөө маань “Говь хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбал даргын дүрд тоглохоор цэргийн албанд нэг жил болчихоод буцсан. Би харин гурван жил алба хаасан шүү. -Эх орны тусгаар тогтнол, эх оронч үзлийн талаар хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Таны хувьд эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдаг вэ? -Ер нь хүний сэтгэлд эх орон, төрсөн газар нутаг гэдэг үргэлж уяатай байдаг. Дагестаны дэлхийд алдартай яруу найрагч Расул Гамзатов ингэж бичсэн байдаг. Тэрбээр дэлхийн миссийн тэмцээн үзээд сууж байж л дээ. “Миний өмнө дэлхийн үзэсгэлэнт олон бүсгүйчүүд алхаж явна. Гэхдээ тэднээс ханийг минь гүйцэх хүн нэг ч алга” хэмээсэн байдаг. Тэгэхээр өөрийн эх орон, газар шороо, хань ижил, үр хүүхэд гэдэг бол сэтгэлд хамгийн ойр байдаг цорын ганцхан зүйл гэсэн үг л дээ. Тэд бусдаас давуу сэтгэгдэл төрүүлдэг. Эх орноо хайрлах гэдэг бол бас их өөр юм шүү дээ. Манайхан өнөөдөр эх орон, газар шороо, Чингисийн удам гээд л нэг их цээжээ дэлддэг болж. Үнэн сэтгэлээсээ эх орноо хайрлаж байна уу, зүгээр эх орноо хамгаална гэж шоу хийгээд байгаа юм уу, ялгагдахаа байчихсан юм шиг санагдаад байдаг юм. Тэгэхээр эх оронч үзэл гэдэг бол ерөөсөө л хайрлах үзэл. Хүн хайрлах зүйлээ бусдаас илүү хайрлаж, бусдаас илүү зүрх сэтгэлээ зориулж мах цусаараа дэнчин тавин хайрладаг байх хэрэгтэй. Түүнээс биш гоё сайхнаар магтаад, эх орондоо хайртай гээд мянга хэлэхдээ гол нь биш. Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн, олон дайчин эрсийн хамгаалж өдийг хүргэсэн энэ сайхан эх нутгаа бид л хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм. Хайрлахаас гадна зүрх сэтгэлээ зориулж, гар бие оролцон хамгаалж байх ёстой. Миний хувьд энэ л эх оронч үзэл юм шиг санагддаг даа. -Эх орныхоо хил дээр мэдээж очиж үзсэн байх. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бол? -Үзэлгүй яахав. Социализмын үед урлагийн баригадаар явж хилийн заставуудаар тоглолт хийдэг байлаа. Дорноговийн Хилийн 0129 дүгээр ангид очиж хилийн баганадаа мөргөж байлаа. Үнэхээр омогшдог. Өөрийн эрхгүй нүднээс нулимс гарч байсан. Хилийн цэрэгт алба хаагаагүй ч гэсэн хилийн цэргийхнийг их хүндэлж хайрлаж явдаг юм. Хараад л бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Жинхэнэ эх орон, ард түмнийхээ төлөө ажилладаг хүмүүс чинь торгон хил дээр байдаг. Эх нутгаа хөгжүүлнэ, хамгаална гэж телевиз радиогоор худлаа ярьдаг зарим нөхдийн хажууд жинхэнэ баатрууд бол хилчид юм. Хилчид эх орныхоо төлөө зөв бодолтой байж, амьдралаа зөв зүйлд зориулж байгаадаа үргэлж бахархах хэрэгтэй. Уран бүтээлчийн нүдээр харахад хилчид үнэхээр эх орондоо, өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаг. Бас цэргийн хувцас өмссөн бүсгүйчүүд үнэхээр сайхан харагддаг. Би харах их дуртай. /инээв/ -Нээрээ л манай цэргийн бүсгүйчүүд жавхаалаг, үзэсгэлэнтэй харагддаг шүү. Та арай цэргийн бүсгүйд дурлаж байсан юм биш биз? -Яасан айхтар асуулт асуудаг хүүхэд вэ, чи. /инээв/ Яадаг юм. Хүний гоё сайхныг харна гэдэг чинь болохгүй зүйл биш гэж үү. Үнэхээр сайхан, нүдэнд туссан бүсгүйчүүд байдаг шүү дээ. Нэг түүх дурсая л даа. Би Солонгост хэсэг хугацаагаар очсон юм. Тэндхийн нэг солонгос залуутай танилцлаа. Гэтэл тэр нөхөр, “Хилийн цэргийн хар нүдэн бүсгүй” гэдэг дууг яг Монгол хүн шиг дуулж байна. Би бүр гайхаад, “Чи чинь хаана ингэж дуулж сурсан юм бэ?” гэтэл тэрбээр “Би Монголд хилийн заставт очоод нэгэн бүсгүйд дурласан юм. Гэхдээ ойлголцож чадалгүй нутагтаа буцаж ирсэн. Солонгостоо ирээд удаагүй байтал хоёр монгол залуу энэ дууг дуулаад сууж байхаар гуйж байгаад дууны үг, аяыг нэг бүрчлэн заалгаж авсан. Харин зааж өгснийх дараа нь тэр хоёрыг нэг сайн дайлсан шүү. Дурласан бүсгүйгээ бодож дуулсаар байгаад сайн сурсан минь энэ” гэсэн шүү. Дараа нь харин би цэргийн бүсгүй хараад тэр залуугийн дурласан учрыг олсон доо. Гэнэт энэ түүх санаанд буулаа. Ёстой л хилийн заставын хар нүдэн бүсгүйчүүд чинь хээр талын хэнзхэн сарнай шүү дээ. -Ярилцлагын төгсгөлд эх орныхоо дархан хилийг манаж буй нийт хилчиддээ хандаж үг хэлээч гэвэл...? -Энэ хүндтэй албанд ажил, амьдралаа зориулж байгаа хилчид та бүхнийг үргэлж хүндэлж, хайрлаж явдаг юм шүү. Болж өгвөл бас боломж бололцоо олдвол хилийнхээ заставуудаар тоглож, инээд хөөрөөр та бүгдийг баясгах чин хүсэлтэй явдгаа нуух юун. Торгон хилийнхээ манаанд зогсож буй цэрэг эрс та бүгд жинхэнэ үнэнч шударгаар Монгол Улсынхаа хөгжил дэвшилд гар бие оролцож буй хүмүүс яахын аргагүй мөн. Нийт хилчдийнхээ ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. -Чин сэтгэлийн яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

эх сурвалж: bpo.gov.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх