Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/IMG_1515.JPG

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого"-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-94 дүгээр тушаалаар баталж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлан хэрэгжүүлж эхлээд байна.

2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих уг жендэрийн бодлогыг танилцуулах семинар өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Семинарыг нээж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: "Салбарын бодлого жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалаар баяжиж байгаа нь манай салбарт тулгамдаж байгаа жендэрийн олон асуудал ялангуяа эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, харилцан адилгүй нөхцөл байдлыг судлан шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж, салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дөхөм болно" гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэвлэмэл эхийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатад Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр гардуулж өглөө

Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон бөгөөд бодлогын баримт бичгийг боловсруулсан Жендэрийн зөвлөх багийнхан ирж, тэдэнд жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээг танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр салбарын байгууллага, нэгжүүдийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээний үр өгөөж дээшлэн, төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, айл өрх бүрийн ажлын орчин нөхцөл, амьдралын чанар сайжирна гэж үзэж байна.   Одоогийн байдлаар ХХААХҮЯ болон түүний харьяа байгууллагуудын нийт 461 төрийн албан хаагчдын 40 хувь нь эмэгтэйчүүд, 60 хувь нь эрэгтэйчүүд, харин удирдах ажилтны 28 хувь нь эмэгтэй, 72 хувь нь эрэгтэй байна. 2011 оны байдлаар нийт ААНБ-ын 32 хувь нь эмэгтэй удирдлагатай, үүнээс мал аж ахуйн салбарын ААНБ-ын 39,3 хувь, газар тариалангийн салбарын ААНБ-ын 30,25 хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Малчдын хүйсийн харьцаа алдагдан залуу малчдын эзлэх хувийн жин буурч, харин хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж, эрэгтэйчүүдийн оролцоо буурч, газар тариалангийн салбарт газар, механикжилтын түвшин, таримлын нэр төрлөөр жендэрийн ялгарал үүсч байгаа зэрэг хүний нөөцийн жендэрийн асуудлыг хүний нөөцийн бодлого төлөвлөлтөд нэгтгэн, нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээгээр шийдвэрлэх шаардлагатай байна гэж уг бодлогыг боловсруулсан Зөвлөх багийнхан үзэж байна.

Салбарын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр өгөөөжтэй болгоход жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийн арга зүйг ашиглах боломж байна. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний ба хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, үйл ажиллагааг эмэгтэй, эрэгтэйчүүдэд, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэх, түүний дотор эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэхдээ эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай ажил үүрэг, ялгаатай хэрэгцээнд суурилан сургалт, нөлөөллийн шинэлэг, оновчтой арга хэлбэрийг ашиглах асуудал тулгамдаж байна. Эдгээр нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст хүртээмжтэй ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй. Төр, хувийн хэвшлийн ажиллагсдын хувьд зохистой хөдөлмөрийн орчин нөхцлийг бүрдүүлэх, түүний дотор жендэрт суурилсан ялгаварлан гадуурхал гарахаас сэргийлэх, энэ талаар санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх механизмыг байгууллага, хамт олны дунд төлөвшүүлэх ажлыг салбарын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангасан жендэрт нийцтэй байгууллагын соёлыг хөгжүүлэхэд  төрийн албаны манлайллыг сайжруулах шаардлагатай гэдгийг жендэрийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд хэлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх