etoim.mn
photos/dtyi.png

УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллээрээ МҮБХ-ныхон өнгөрсөн баасан гаригт эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай мэдээлж, тухайн өдөр болсон хурлын бичлэгийг үзүүллээ.

Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр МҮБХ-нд үүсээд байгаа асуудлаар маргаан бүхий талууд эвлэрлийн гэрээ байгуулж, маргаан, талцлаа зогсоохоор болсон байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн талаас Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ талаас тэргүүн Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат нар оролцжээ.

Дархан аварга Х.Баянмөнх зүгээс уулзалтын эхэнд маргаан, талцлаа эцэслэж, эвлэрлийн гэрээ байгуулж, ард түмнээ хүндэтгэж, наадмаа сайхан хийж, талуудаас төлөөлөгчөө гаргаж комиссоо байгуулж, дүрмээ шинэчилж, баяр наадмын дараа Их Эеэ хуралдуулаад тэргүүнээ дахин сонгоод МҮБХ-гоо хамтдаа удирдаад, хөгжүүлээд явъя гэдэг санал гаргажээ. Уг саналыг Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Ц.Мягмарсүрэн зэрэг хуралд оролцсон бүх хүмүүс 100 хувь дэмжиж, дээрх асуудлуудыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэд танилцуулчихаад гэрээгээ өглөө нь 8.00 цагт байгуулъя гээд  22.00 цагт уулзалт дуусчээ.

Энэ үеэр Дархан аварга Г.Өсөхбаяр “Х.Баянмөнх аваргадаа баярлалаа.  Таны саналууд ёстой зөв саналууд байна. Монголын бүх бөхчүүд таны саналыг дэмжинэ. Манай асуудалд ерөнхийлөгч хүртэл санаа зовж байгаа Монголчууд Үндэсний бөхөө хэрхэн дээдэлдэгийг харуулж байна” гэжээ.

Ингээд маргааш өглөө нь буюу 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр Б.Бат-Эрдэнийн талаас эвлэрэх боломжгүй. Асуудлыг танилцуулсан, эвлэрэх боломжгүй байна гэж хэлж байна гэсэн хариу өгснөөр МҮБХ-ны маргаан үргэлжлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат “Эндээс юу харагдаж байна гэхээр аварга, арслан, заанууд эвлэлдэн нэгдэх чин хүсэл сонирхолтой байгаа ч Б.Бат-Эрдэнэ аварга татгалзсан хариу өгөөд байгаа юм. Хэвлэлийн хурал, тайлбар, мэдээлэл хийхдээ бид эвлэлдэн нэгдэх гэсэн боловч Х.Баянмөнх аварга нарын зүгээс татгалзаад байна болиоч ээ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөрөө эвлэрүүлэхгүй тушаа хийж байна. Тиймээс Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж та яагаад эвлэлдэн нэгдэхгүй байгаа юм бэ. Одоо энэ хагарал бутрал маргаанаа зогсоогооч ээ гэж хүсмээр байна. Бөхөд хайртай монгол түмэн, Үндэсний их баяр наадмаар сайхан барилдаан үзэх гэсэн ард түмнээ хүндлээч ээ. Төрөө хүндлээч ээ гэж хүсч байна. Та бол аварга хүн. Бөхчүүдэд, бөх сонирхогч ард түмэнд Үндэсний их баяр наадам маш чухал. Тиймээс та өөрийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, бөхөд хайртай ард түмнээ хүндэлж, бидний саналыг хүлээн авч эвлэрээч ээ гэж хүсмээр байна. Бидний хэрүүл маргаанаас илүү монгол түмэн сайхан баярлах ёстой. Телевизийн өмнө сайхан зүйл ярьчихаад ар хударгаар бөхчүүдийг талцуулж, муудалцуулж, Увс, Халхаар нь хуваа, энэ талцлаас ашиг хонжоо олж, Допингийн комисс гэдэг байгууллагаараа бөхчүүдийг шантаажилж, рекетлэж, ид барилдаж яваа залуусаа дарж авах зэвсэг болгож, эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсооно уу. Бөхөд хайртай ард түмнээ хүндлээд ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Хэдий та ингэж талцуулж байгаа ч Монгол бөхчүүд эвлэлдэн нэгдэх сайн цаг удахгүй ирж л таараа” гэсэн юм.

Ингээд өнгөрсөн баасан гаригт болсон талуудын уулзалтын бичлэгийг хүргэж байна.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх