etoim.mn
photos/бвцбвцUntitled-1.jpg

СТА Д.Ганзориг:

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Ганзориг 2018 оны 6-р сарын 15-ны өдөр өөрийн гурав дахь бие даасан “Хүлээлт” тоглолтоо хийхээр бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Урлагийн салбарт үнэнчээр зүтгэж, олон сайхан дурсамжийн эзэн болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Хүүхдийн ордонд хэзээнээс эхэлж явсан бэ?

- Тухайн үед сургуулиудын шилдэг гэсэн хүүхдүүд л “Хүүхдийн ордон”-д явдаг байсан. Анх 1991 оны намар н.Намжил багш дээрээ очиж байлаа. Үүнээс эхлэн дуучин болох хүсэл, тэмүүлэл маань эхэлсэн дээ.

- Хүүхэд байхдаа авч байсан том шагнал, сэтгэлийг чинь хөдөлгөсөн зүйл юу байсан бэ?

- Улаанбаатар нийслэл хот байгуулагдсаны 355 жилийн ойгоор Засгийн газрын ордонд ардаа 60 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дуулж байсан үе маань хамгийн үнэ цэнэтэй, сэтгэл хөдөлгөсөн үе  байлаа.

- Бид бүгдийн сайн мэдэх “Хүүгийн бодол”, “Ээждээ” хэмээх дуунуудыг анхлан та дуулж байсан гэсэн?

- Би ганцаараа биш “Х-ТҮЦ” хамтлагийн гишүүн Т.Бархүү болон О.Болдсайхантай нийлж хамтлаг байгуулаад дуулж байсан. Тэр үедээ бид гурав “Нюанс” гэж хамтлаг байгуулж байлаа.

- Одоогийн “Нюанс” хамтлаг гэсэн үг үү?

- Шал өөр. Биднээс хойш байгуулагдсан хамтлаг. Манай хамтлаг 1997 онд  байгуулагдсан. Тэгээд оюутан болоод би СУИС-ийн эстрадын дуулаач, Бараа драмын ангид ороод хамтлаг маань тарсан гэж хэлж болно.

- Хэзээнээс ЦДБЭЧ-д орсон бэ?

- Анх 2006 онд орж, 11 жил ажилласан байна. Гоцлол дуучнаар ажилладаг байсан. Цэргийн байгууллагад ажиллахаар өөрийн эрхгүй цаг барьдаг, хувцас цэвэрхэн өмсдөг, гутал тоосгүй явж сурдаг.

- ЦДБЭЧ-аас гараад муухай зүйл мөн сайн тал нь юу байсан бэ?

-Хамт олон гэдэг бол үнэхээр сайхан зүйл. Хамт олноо маш их үгүйлдэг байсан. Ерөнхийдөө их ганцаардсан. Яваандаа уран бүтээлээ хийж завгүй болсноор дасаж эхэлсэн.

- СТА хэмээх шагналаа хэзээ авсан бэ?

-2008 онд авч байсан.

- Цэргийн гэх маш олон хүндэт цол эрхэм, шагнал байдаг. Та ЦДБЭЧ-д байхдаа ямар ямар шагналын эзэн болж байв?

- Цэргийн гэх бүх шагналыг авсан гэж хэлж болно доо.

- Сургуулиа төгсөөд л  ЦДБЭЧ-д гэхээр ур чадвар сайтай л байж дээ?

- Тийм. Сургуулиаа төгсөөд л ЦДБЭЧ-д шууд л гоцлол дуучнаар орсон. Уг нь шинээр орж байгаа хүнийг дагалдуулдаг байтал намайг шууд үндсэн ажилтнаар авсан.  Энэ сайхан хамт олонтойгоо 11 жил ажиллахдаа олон уран бүтээлээ туурвиж, хоёр ч бие даасан тоглолтоо хийж байлаа.

- Анх хэзээ бие даасан тоглолтоо хийж байсан бэ?

- Анх 2006 оны 6-р сарын 18-нд “Дуурсагдах аялгуу” нэртэйгээр өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан. Хоёр дахь бие даасан тоглолтоо 2009 онд хийж байсан. Харин одоо 2018 оны 6-р сарын 15-нд гурав дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна.

-Удахгүй болох тоглолтынхоо тухай?

-Миний бие даасан гурав дахь тоглолт. Өөрийн хийсэн бүтээл маань зонхилно. Тоглолтод маань О.Болдсайхан, жүжигчин Т.Бархүү, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, дуучин Б.Баярцэцэг, Asianshop, Goodboys, Uvertura гэх зэрэг уран бүтээлчид оролцоно. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 99119774 дугаараас авч болно. Мөн билетийг ноён зууч 1900-1950 үнэгүй хүргэж байгаа.

- Тоглолтод зориулан шинэчилэн дуулж байгаа бүтээлүүдээсээ хуваалцахгүй юу?

- Шинэ уран бүтээл цөөнгүй хийлээ. Тухайлбал, яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг, МУГЗ Б.Бямбабаярын хөгжим “Ээждээ” хэмээх бүтээл маань саяхан гарлаа. Мөн ЦДБЭЧ-ын  дэд дарга, уран сайхны удирдаач, МУГЗ  Р.Ганбатын зохиосон “Хүлээлт” хэмээх дууг 20 жилийн дараа би дууллаа. Энэхүү дууны үгийг  СТА,  ЦДБЭЧ бөмбөрчин н.Түвшинтөр маань зохиосон байгаа.

Энэ мэтчилэнгээр олон сайхан дуунуудаасаа дуулах болно. Үзэгч, уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх