etoim.mn
photos/43d03cf4-0315-483c-b5f6-09c6b38dd4e6.jpg

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын нүхэн хадны оршуулгаас тухайн үеийн морьтон дайчин эрд байж болох бүрэн өвч хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг олон тооны маш сайн хадгалалттай эд өлгийн зүйлс олдсон билээ. Мөн модоор урласан морин толгойтой хөгжмийн зэмсэг олдсон байна. Энэхүү археологийн томоохон нээлтийн хэмжээнд хүргэсэн онцгой ховор нандин “Алтайн ятга” эдлэл юм. Тиймээс БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газраас Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвд “Өв соёлоо өвлөн хөгжүүлье” соёлын биет бус өвийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Тодруулбал, тус нутгаас олдсон археологийн ховор үнэт олдвор болох түүх, соёлын дурсгалыг судлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, тухайн орон нутгийн иргэдийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэн, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх түүнчлэн байгаль орчин, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх чиглэлээр “Алтай ятга” шинээр бүтээсэн хөгжмийн зэмсгийг тухайн орон нутагт нутагшуулах ажлын санаачлан хэрэгжүүлж байна.  Эрдэм шинжилгээний хуралд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын Соёлын биет бус өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоо “Соёлын өвийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин”, Ховд аймгийн музейн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сүхбаатар “Манхан сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай”, Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн “Жаргалант хайрхан уулын өв соёлын дурсгал”, Ховд их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Мөнхбаяр “”Алтайн ятгын харьцуулсан судалгаа”, Манхан сумын Бүрэн дунд сургуулийн захирал, Түүхийн ухааны магистр багш Ч.Энхтөр “Алтайн ятгыг илрүүлсэн байдал”, Монгол туургатны хөгжмийн холбооны тэргүүн урлаг судлаач Д.Ганпүрэв “Алтайн ятгыг нутагшуулах, сэргээн хөгжүүлж, сургалтад ашиглах нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

"Алтай ятга"-ын сургалт зохион байгуулав

Хурлын дараа “Алтайн ятга” хамтлагийн зүгээс Манхан сумын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимд нэг ширхэг хөгжмийн зэмсгийг хүлээлгэн өгөв. Хөгжмийг нутагшуулах ажлын хүрээнд “Алтай” хамтлагийн хөгжимчид Манхан сумын Соёлын төв дээр Алтай ятгын сургалтыг гурван өдөрт нийт 30 цагийн хичээл заасан юм. Сургалтад Соёлын төвийн хөгжмийн багш Э.Гомбожав, Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Ц.Дэлгэрмаа болон цэцэрлэгийн хөгжмийн багш О.Насанжаргал, номын санч Э.Бөхболд, өв соёлын ажилтан Ч.Ням-Одсор, цэцэрлэгийн багш Ч.Цэцэгдэлгэр, иргэний танхимын ажилтан Н.Ариунбилэг, ардын авъяастан Н.Оюундулам нарын есөн том хүн болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагч П.Бүжинлхам, М.Баянбилэг, Э.Гоомарал, Г.Хүслэн, Л.Ганцэцэг, Г.Отгонжаргал, Э.Боорчи Л.Уянга, Э.Элбэгсайхан, Э.Солонго, нарын 10 хүүхэд тус сургалтад хамрагдсан байна. Сургалтад “Манхан нутгийн магтаал”, “Маамуу нааш ир”, “Булигаар хүрэн цүнх” гэх мэт нутгийн иргэдийн түгээмэл мэдэх дуунаас мөн зааж сургасан байна.

Олдворыг олсон Н.Дандарыг Соёлын алдар медалиар шагналаа

Түүнчлэн Алтайн ятгыг сургалтад ашиглахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнд ашиглах Алтайн ятга хөгжимд зориулан бүтээсэн бүтээлийн нот, гарын авлагын хамт олгожээ.  Энэхүү арга хэмжээний үеэр Манхан сумын бүрэн дунд сургуулийн захирал, түүх судлаач Ч.Энхтөрийг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр, анх уг олдворыг уулнаас олсон нутгийн малчин Н.Дандарыг “Соёлын түшиг” холбооноос “Соёлын алдар” медалиар тус тус шагнаж урамшууллаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх