etoim.mn
photos/15281162225b1533fee186e.jpg

Сэвтээж болохгүй ариун Монгол бөхийн дэвжээг начины найраа, допингийн тохироо, цолны эрх дархаараа сэвтүүлж ирсэн эрхмүүдийн үнэн төрх өнөөдөр ил болж байна. Тэд ард түмнээ ч хоёр хуваалаа, ариун цагаанаар барилдаж яваа залуусаа ч нухчин дарлаа. Бөхчүүд яг үнэндээ хоёр хуваагдсан уу гэвэл үгүй. Учир нь хорин жилийн турш бөхийн холбоо гэгчийг байгуулж бөхчүүдийг өнгө, мөнгөөр нь ялгаж, элдэв шантаажаар ид барилдах үедээ байгаа залуусын зоригийг мохоож өөрсдийгөө үг дуугүй дагах нөхцөл байдал үүсгэсэн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж, Г.Данзан нарын нөхдөөс салж чадахгүй, нэг ёсны шантаажинд орчихоод байна. 

"Шантааж" гэх асуудал зөвхөн улстөрийн хүрээнд яригддаггүй юм байна. Улстөрчид нэгнийгээ, гишүүд намаа, намын даргаа, сөрөг хүчин эрх баригчдаа шантаажилдаг гэх ойлголт хэдийнээ савнаасаа хальж, бөхчүүд хүртэл шантаажинд орчихсон цөвүүн цаг ирчихэж. Гэхдээ тэд арай ч 30 гаруй жил алдар нэрээ дуудуулж, зүлэг ногоон дэвжээнээ эр бяр эд хаваа гайхуулж явсан аваргадаа шантаажлуулна чинээ санаагүй байх. Холбоог удирдаж явсан хууччуулынхаа эсрэг ганц үг хэлэхэд л жалга дов, нутаг усаар нь талцуулж байгаад хааж боож, айлган сүрдүүлдэг гэдгийг бөхчүүд өдий төдий ярьж байна. Ер нь гэнэт л асуудал босч ирэхийн өмнө Р.Нямдорж тэргүүтнүүд хэзээ хойно хэн нэгэн бөхөөс допинг илэрлээ гэж зарладаг. Гэтэл энэ нь яг үнэндээ үнэн бодитой эсэх нь одоог хүртэл тодорхой биш байсаар байна. Сая гэхэд л бөхийн холбооны хууль бус хурлыг нь эсэргүүцээд эхлэхээр Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас допинг илэрлээ гэх мэдэгдлийг хийж орхисон. Энэ мэтээр допинг гэгчийг өөрсдийн бизнес болон цэцэглүүлж, тэрхүү цэцэглүүлэгчдийн нэг нь ард түмний хайртай аварга, хууль тогтоогч, хууль хүн байна гэдэг нь харамсалтай. 

МҮБХ-ны талцал үүссэн цагаас бөхчүүд холбоог хууль бусаар 20 гаруй жил удирдсан Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нараас салахыг хүссэн гэдэг. Гэтэл өнгөрсөн олон жилийн турш шантаажилж ирсэн өнөөх аргаараа бөхчүүдийнхөө хөлийг нь тушиж орхижээ. Бөхчүүд аваргадаа хайртай, дуртайдаа салж чадахгүй байгаа юм биш. Шантаажинд орчихлоо гэж шивэр авир хийж байна. Ямартаа л аваргыг дагавал аль ч насандаа допинг илрэхгүй гэж байдаг бүх мөнгөөрөө допинг авч уудаг, тариулдаг. Аваргын эсрэг дуугарч чадвал хэзээний ч хамаагүй допингийн хэрэг сөхөгдөнө гэсэн үг. Тэр ч байтугай хэрэглээгүй байсан ч чамайг допингийн сорьц дээр эерэг гаргаж бүх амьдралаа зориулсан хүч хөдөлмөр чинь үгүй хийж чадах л хүмүүс аж. Жишээ нь, Архангай аймгийн бөх Р, Булган аймгийн бөх Д нарыг допинг хэрэглэдэгээрээ алдартайг бүх бөхчүүд мэддэг юм билээ. Гэхдээ тэд допингийн бизнесийг атгаж, бөхчүүдээ шантаажлан ашиг хонжоо, ашиг сонирхлоо биелүүлж яваа гэх Б.Бат-Эрдэнийн улыг долоочих шахам гүйдэг нь өнөөдөр ёс жудагтай, цэвэр ариун бөхчүүдийн эгнээнд багтаж явна. Асуудал ерөөсөө л ийм байгаа нь дэндүү харамсалтай. Мөн улайн цайм телевизийн камерын өмнө хайртай дүү нь, шавь нь начины найраа хийгээд хэдэн зуун саяар нь яриад сууж байхад хуурамч холбооны тэргүүн аварга даанч дуугарсангүй. Арга хэмжээ ч аваагүй өнгөрсөн байдаг. Хаана байна нөгөө аварга хүний ёс жудаг, хаана байна нөгөө бөхийн шинэчлэл.

Мал дагавал ам тосдоно гэдэг эртний сайхан үг маань нам дагавал ам тосдоно болоод удаж буй. Одоо харин аваргыг дагавал..... гэдэг л болоод байна даа. 

Допингийн шинжилгээ гэгч нь найраанаас хэд дахин илүү мөнгө босгодог найдвартай бизнес болсон. Допинг илэрсэн илрээгүйгээр нь хамаагүйгээр хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсээд байгаа энэ аж. Харамсалтай энэ бүгдийнх нь цаана олон жилийн хөдөлмөр, ар гэрийн амьдрал, сэтгэл санааны дарамт гээд олон асудал үүсч байгааг бодох нь зүйтэй.

Нэмээд нэг хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай баримт дурдахад жил бүрийн наадмаар бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээг Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал С  авдаг. Тэрбээр Допингийн Үндэсний төвийн захирал юм. Харин түүний шавь Э нь Допингийн Үндэсний төвийн Их эмч, харин их эмч Э-гийнх нь нөхөр Допингийн Үндэсний төвийн дээж авагч Э, Э-гийн дүү нь Допингийн Үндэсний төвийн хянагч Х юм. Мөн долоо даваагүй Улсын заан болсон Ц.Магалжав нь Аварга дээд сургуулийн гавьяат багш А-гийн хүргэн. Ингээд харахаар хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн эзэд нь тодорхой харагдаж баймаар. Бөхчүүдийн ам дамжсан яриагаар бөхчүүдийн допингийн шинжилгээ А-гаасаа Я хүртэл Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" дээд сургуулийн орлогч захирал, Допингийн Үндэсний төвийн захирал С-ийн сэйфэнд хадгалаатай байдаг нь бөхчүүдийг шантаажлах хамгийн том зэвсэг ч болж байхыг үгүйсгэхгүй. 

Товчоор хэлбэл Р.Бат-Эрдэнэ таны хамаатан садангийн хүмүүсээс бүрдүүлсэн допингийн шинжилгээ авдаг сүлжээ байгууллагаас чинь эмээж байна. Р.Нямдорж таны улсын арслан Х.Мөнхбаатарт өөрийн хүүгээ заан болгоогүйд шарлахаад гаргасан зангаас чинь айж байна. Ид үедээ барилдаж явсан залуу арсланг хэрхэн допингтой холбож хөлс хүч, урам зоригийг нь мохоож байсныг түмэн олон мэднэ.

Та бүхний бөхчүүдээ шантаажилсан энэ бусармаг, жудаггүй үйлдлүүд чинь үндэсний спортыг мөхөл, уналт руу нь чирч явна. Магадгүй яг одоо энэ бүхнийг зогсоохгүй бол үндэсний бөхийн спорт минь өнөө цагийн улс төрийн эмгэнэлт драм шиг хэн нэгэн хүмүүсийн хурууны үзүүр, хүслийн хязгаараар хэмжигдэж явах цаг ирэх нь. Гэхдээ төр түмэн нүдтэй, түмэн олон буман нүдтэй гэгчээр та бүхний энэ хууль бус үйлдэл таслан зогсоогдох цаг тун удахгүй ирнэ. Иргэд ч, бөхчүүд ч цор ганц үүнийг хүсэж байна. Аливаа юм хэмжээ хязгаартай. Тун удахгүй Монгол бөхийн ариун цагаан зүлэг ногоон дэвжээнд шударга үнэн тогтохдоо л нэг тогтоно.

Таалагдахгүй байна

4
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[174.221.129.132]

2018-06-20 10:25:46

Doping gedegiig chi medehuu medehgui bol suh bataasaa asuu