etoim.mn
photos/2e2c12a8-de1d-4d34-b408-c66b6f2bd085.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ.  Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Үүнд,

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох
  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг тус тус даалгасан байна.

Энэхүү үүрэг чиглэлийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийхэд 5 дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрсэн байна.

Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд 7, 11 дүгээр ангийн 2 бүлэг, Гүнжийн сүм орчимд 1, 5 дугаар ангийн 2 бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байсантай таарч, хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өглөө. Шалгалтын үр дүнд үндэслэн нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан дараах зөвлөмжийг гаргалаа:

-       Амралт зугаалга зохион байгуулахдаа сурагчид хураамж, төлбөр төлж амарч байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамжийн нэг хэлбэр болох тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

-       Амралт зугаалга зохион байгуулсан сургууль, анги, бүлгүүд нь БСШУС-ын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал,  Чиглэл хүргүүлэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр Албан даалгаврын холбогдох заалтыг зөрчиж байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүрүүллээ гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас мэдээлэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх