etoim.mn
photos/31444561_2059356797683618_3612255714287812608_n.jpg

Булган аймгаас төрж гарсан анхдагч алдартнуудын нэг  Агаарын зоригт баатар Чоймболын Шагдарсүрэнгийн амьдрал түүхээс хүргэж байна. 

Ч. Шагдарсүрэн нь 1910 онд Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу одоогийн Могод сумын Авзага багт ард Магсарын анхдугаар хөвгүүн болж төржээ. Амьдралын эрхээр 3 настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан ард Чоймболынд үрчлэгджээ. Тэрээр өсгөж авсан эцэг, эхийн гар дээр өсч бойжин, 1928 онд ХЗЭ-д илгээлтээр хэсэг залуусын хамт армийн нисэх ангид хувиарлагдан очжээ. Тэрээр Монголын нисэхийн анхны моторчин, улмаар механик болсон байна. 1930 онд Төгсбуянтын хийд, Улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир Цэргийн гавьяаны 1-р зэргийн одонгоор шагнагджээ. 1930 оны сүүлээр ЗХУ-ын Оренбург хотын Цэргийн техникийн сургуульд суралцаж 1932 онд төгсөж нисэгчийн мэргэжлийг дүүргэсэн байна. Ингэж Монголын ууган нисгэгч болжээ. Чингээд зүүний алдаа завхралын улмаас гарсан лам, ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж, Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар агаарын шинэ зам нээж, 100 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. Мөн Тариат, Цэхүүрхэй гол, Бичгэнэ гол, Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих, байлдааны үүргийг онц сайн биелүүлсэн байна.

1933 онд Нисэхийн сургуулийн отрядын даргаар томилогдсон байна. 1933 оны 4-р сард “P-5” онгоцоор Замын-Үүд хүртэл тусгай үүргийн анхны нислэгийг хийж, агаарын шинэ зам нээсэн байна. Мөн оны 10 сард Дорнод аймгийн Хунт сумаас хэсэг хүмүүс адуу хулгайлж, хил гаргахыг завдсаныг “P-1” онгоцоор Ч.Шагдарсүрэн бусад нөхдийн хамтаар агаараас тагнан илрүүлж, дээрэмчдийг баривчлуулж, дээд командлалаас өгсөн үүргийг онцгой сайн биелүүлжээ. Нисэхийн сургуулийг байгуулж захирлаар нь Ч.Шагдарсүрэнг томилон ажиллуулсан байна. 1934 онд Ховд, Булган, Цэцэг, Үенч зэрэг нутгаар үймээн дэгдээсэн Хасгийн ба Шинжааны дээрэмчдийг бут цохиод 500 гаруй км, 31 удаагийн нислэг үйлдэж, тавигдсан үүргийг амжилттай биелүүлсний учир цэргийн гавьяаны 2-р зэргийн одонгоор шагнагджээ. Мөн “K-5”, Сталь-3 шинэ онгоц ирэхэд анхны нислэгийг хийж байсан. 1936 онд Баянтүмэнд нисэх онгоцны нэгдсэн отрядын байгуулж, даргаар нь Шагдарсүрэн мөн томилсон байна. Энд Япончууд Тамсагбулангийн чиглэлээр довтлоход гавьяа байгуулж, Улсын эрхэм нисгэгч цол хүртэж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнуулжээ. 1936 оны 4 сарын 20 –ний өдрийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар түүнд бригад командлан захирагч хэмээх хошууч генералтай дүйцэхүйц цол олгосон. 1937оны 8 сард Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчний хэрэг эрхлэх газрыг байгуулж, нисэх хүчний анхны командлагчаар түүнийг томилсон. Тэрээр 1935 онд Улсын Бага Хурлын гишүүн, МХЗЭ-ийн Төв хорооны бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан хөдөлмөрч эх орныхоо төлөө цохилох зүрхтэй нэгэн байж. Түүний эхнэр Ичинхорлоо нь Монголын анхны нисгэгч эмэгтэй юм. Ч.Шагдарсүрэн нь 1937 онд хилс хэрээр баригдан цаазлагдаж. Гэхдээ түүхийн энэхүү үнэнийг нуун БНМАУ-ын Агаарын зоригт баатар Ч.Шагдарсүрэнг Халын голын байлдааны үед агаарын хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэн гэж домог зохиосон байдаг байна.

Ч.Шагдарсүрэнгийн эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж 1965 онд Монгол Улсын Нисэх хүчний 40 жилийн ойгоор БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан байна. Өдгөө төрөлх нутгийн бүрэн дунд сургууль түүний нэрэмжит юм аа.Монголын анхны моторчин, нисгэгч, ухамсарт амьдралаа эх орон, ард түмнийхээ тусын тулд харамгүй зориулсан зоригт шонхор юм

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.55.188.87]

2019-09-04 06:08:20